УИХ-ын дарга М.Энхболд генералуудад мэндчилгээ дэвшүүлэв

  2017-04-28 14:11  322

УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр (2017.04.28) Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн ойг тохиолдуулан генералуудыг Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд хүлээн авч мэндчилгээ дэвшүүллээ.

         УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт генералууд Та бүхэнд Монгол Улсад генерал цол бий болсны 73 жилийн тэмдэглэлт ойн өдрийг тохиолдуулан баяр хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоол гарч, тухайн үед хууль хяналт, зэвсэгт хүчний байгууллагад ажиллаж байсан 11 албан хаагчид цэргийн дээд генерал цол олгосноор Монгол Улсад орчин цагийн цэргийн дээд генерал цол бий болсон түүхэн үйл явдал эхэлсэн байдаг. Энэ өдрийг Монголын генералуудын өдөр гэж тэр үеэс өнөөдрийг хүртэл тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Уламжлал ёсоороо өнөөдөр Монголын генералуудын өдрийг Та бид тэмдэглэж байна. Энэ өдөр генерал цолтой, энэ цолыг хүртсэн Батлан хамгаалах, Шүүхийн шийдвэр, Онцгой байдал, Тагнуул зэрэг байгууллагад ажиллаж байсан Та бүхэн энэ салбарын үйл ажиллагааг удирдаж, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, иргэдийнхээ амгалан тайван ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд оюун ухаанаа зориулсныг зориуд тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Ингээд генералууд Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг дахин хүсэн ерөөж байна” хэмээлээ.

           Ёслолын ажиллагааны үеэр “Монгол генерал” ТББ-ын тэргүүн, хошууч генерал С.Баасанхүү, хошууч генерал З.Болдбаатар нар Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод дурсгалын зүйлс гардуулан өгсөн юм.

          Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн генералуудтай хамт дурсгалын зураг татуулав.


    Ёслолын ажиллагаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нар болон албаны бусад хүмүүс оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

     Тодруулга: Өнгөрсөн 73 жилийн хугацаанд Зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хилийн цэрэг, онцгой байдлын байгууллагаас 180 генерал цолтон төрөн гарсан байдаг. Эдүгээ тэдний 99 нь энх тунх, нэлээд нь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагад ажиллаж байгаа юм байна. Өдгөө хамгийн өндөр настай генерал цолтон нь 97 настай, 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан хошууч генерал Т.Алтангэрэл бол хамгийн том цолтой нь хурандаа генерал С.Лувсангомбо гуай өдгөө Москва хотод амьдарч байгаа аж.


  2017-04-28 14:11  322