Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.18) үдээс хойших хуралдаан 15 цаг 15 минутад эхэлж, Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл хийлээ.
УИХ-аас батлан хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, мөн “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдэд мал аж ахуйн салбарын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогын зорилтуудыг тодорхойлон гаргасан. Эдгээр бодлогын зорилтыг Монгол Улсын Засгийн газар жил жилийн улсын төсөв, үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлж байгаа гэлээ.
Мал аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувь, экспортын орлогын 8.4 хувийг бүрдүүлж байна. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл жилээс жилд өсч, 2017 онд 3.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 5.9 хувиар нэмэгджээ. Мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 580.0 сая ам.долларт хүрч, өмнөх оны экспортоос 263.5 сая ам.доллар буюу 1.8 дахин өссөн байна. Мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30.0 хувь ажиллаж, манай улсын нийт өрхийн 25.9 хувь нь малтай байна. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байгаа малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх 59.2 мянга байгаа аж.
Малчин өрхийн тоо 2018 онд 230.9 мянгад хүрч өмнөх оноос 1.9 мянган өрхөөр нэмэгджээ. Мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчид 2018 оны эцэст 288.7 мянга болж, 16 хүртэлх насны малчид 0.3 хувь, 16-34 насны малчид 33.0 хувь, 35 наснаас тэтгэвэрт гарах хүртэлх насны малчид 54.2 хувь, тэтгэврийн насны малчид 12.5 хувийг тус тус эзэлж байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдав.
2018 оны мал тооллогын дүнгээр мал сүргийн тоо толгой 66.5 сая толгойд хүрч, 2017 оноос 240.0 мянган толгой буюу 0.4 хувиар өссөн байна. Малын тоо өсч байгаа нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэх үндсэн нөхцөл болж байгаа боловч нөгөө талаар хүрээлэн буй орчин, байгаль экологид сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг олон талын судалгааны үр дүнгээс харж болох юм байна.
Мал аж ахуйн салбарт малын тооны өсөлтөөс гадна малын харьцаа, сүргийн бүтцэд томоохон өөрчлөлт гарч байна. Олон жилийн дунджаар нийт мал сүргийн бүтцийн 21.7 хувийг бод мал, 78.3 хувийг бог мал эзэлж байсан бол өнөөгийн байдлаар бод малын эзлэх хувь буурч 13.2 хувь, бог малын эзлэх хувь өсч 86.8 хувьд хүрчээ. Хэрэглээнд зарцуулсан малын 90.8 хувийг бог мал, 9.2 хувийг бод мал эзэлж байна. Малын хэрэглээний зарлага 2017 онд өмнөх оноос 1.4 сая толгой буюу 11.1 хувиар өсч, нийт малын 22.9 хувь буюу 14.1 сая толгой малыг хүнсний хэрэглээнд ашигласан байна.
Үргэлжлүүлэн тэрбээр мах, махан бүтээгдэхүүний экспортын нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулав. 2018 оны жилийн эцсийн мэдээгээр мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 54.7 мянган тоннд хүрч, махны экспортын хэмжээ өмнөх оны түвшнээс даруй 1.9 дахин нэмэгджээ. Махны экспортын орлого 146.5 сая ам.долларт хүрч өсчээ.
Монгол Улсын Засгийн газар мал аж ахуйн салбарт гарсан ололт, амжилтуудыг бататган сайжруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрх зүйн орчинг сайжруулах, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, дотоод нөөц бололцоогоор эдийн засгийн өсөлт бий болгох, хөрөнгө оруулалт, экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэв. Мал сүрэг хэдийгээр өсч байгаа ч бэлчээрийн даац хэтэрсэн, малын төрөл хоорондын харьцаа алдагдсан, малын чанар муудсан, малаас хүнд дамжин халдварладаг зарим өвчний тархварын байдал өргөжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатай болсон, малын гоц халдварт өвчин шинээр болон дахин сэргэж байгаатай уялдан мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал зэрэг асуудлууд тулгамдаад байгааг мэдээллийн үеэр дурдав.
Иймд мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үүрэг, хариуцлагын оновчтой тогтолцоог бий болгох зорилтын хүрээнд УИХ-аас Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг баталж, өнгөрсөн оны 06 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгааг хэллээ. “Малын эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд мал амьтны халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 21 нэр төрлийн вакцин, 7 нэр, төрлийн өвчний оношийг илрүүлэхэд шаардагдах 23 төрлийн оношлуурыг дотооддоо үйлдвэрлэж ашиглахаар төлөвлөжээ.
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар чуулганы нэгдсэн хуралдаанд товч танилцуулсан. 2017 онд улсын хэмжээнд давхардсан тоогоор 540 суманд 1140 удаагийн малын халдварт өвчний гаралт, өвчлөл бүртгэгдэж, нийт 20 нэрийн халдварт өвчин гарсан байна. Мал эмнэлгийн ерөнхий газрыг 2018 оны 6 дугаар сард шинэчлэн байгуулах үед шүлхий өвчний гаралт 13 аймаг, нийслэлийн 45 сум, дүүрэгт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм нэг аймгийн 5 суманд хэрэгжин, вакцины нөөц дуусаад байгаа аж. 2018 оны 10 дугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдсан, шинээр бүртэгдсэн тохиолдолгүй, гоц халдварт шүлхий өвчнөөр тайван статусыг хадгалж байгаа юм байна.
Малын гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор шүлхийн вакцинжуулалтад 2017 онд 20 аймгийн 188 сумын 60.9 мянган малчин өрхийн 14.2 сая толгой малыг хамруулсан бол 2018 онд давхардсан тоогоор 20 аймгийн 160 сумын 10.3 сая толгой мал сүргийг хамруулжээ. Мөн зүүн болон төвийн бүсийн эрсдэл бүхий аймгуудад 2.5 сая толгой малыг вакцин дархлаажуулалтад хамруулах ажлыг гүйцэтгэсэн байна. Одоогоор нөөцөд 258.0 мянган тун вакцин хадгалагдаж байна. Өвчний эрсдэл бүхий баруун бүсийн аймгуудын мал сүргийг дархлаажуулалтад хамруулахаар 7.0 сая тун вакциныг 2018 оны 10 дугаар сард хүлээн авч, 5 аймгийн 65 сумын 5.8 сая толгой мэдрэмтгий мал сүргийг вакцинжуулжээ.
Малаас хүнд дамжин халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд бруцеллёзын вакцинжуулалтад 2016 онд 13.3 сая, 2017 онд 22.0 сая толгой малыг хамруулаад байгаа аж. Мал, амьтны архаг халдварт, зооноз өвчнөөс урьдчилан сэргийлэх боом, бруцеллёз, галзуу гэх мэт 20 нэрийн вакцинжуулалтын арга хэмжээнд давхардсан тоогоор 32.2 сая толгой малыг хамруулжээ.
Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 22 аймаг, нийслэлийн мал эмнэлгийн албадын ирүүлсэн мэдээгээр давхардсан тоогоор 574 суманд 980 удаагийн өвчний гаралт бүртгэгдэж, нийт 20 төрлийн халдварт өвчнөөр 8.6 мянган толгой мал өвчилсний 27 хувь буюу 2.3 мянган толгой мал хорогдсон байна. Халдварт өвчний гаралт, өвчлөлийг өмнөх оны тоон үзүүлэлттэй харьцуулан авч үзвэл халдварт өвчний гаралт 160, өвчлөл 1.4 мянга, хорогдол 315 тохиолдлоор тус тус буурсан үзүүлэлттэй байна.
Сүүлийн өдрүүдэд Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас явуулсан хяналт шалгалтын ажлын үр дүнд Төв, Булган, Орхон аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа гахайн аж ахуйд гахайн мялзан өвчний хэд хэдэн тохиолдол илрээд байгааг мөн дурдав. Улсын Онцгой комисс энэ оны 1 дүгээр сарын 15-ны өдөр шуурхай хуралдаан зохион байгуулж, үүссэн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцээд импортоор оруулах гахайн махан бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тогтоох, өвчин илэрсэн гахайн фермүүдэд устгал болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх, шуурхай мэдээлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг Ө.Энхтүвшин сайд мэдээлэлдээ дурдав.
Малын шимэгчтэх өвчнөөс сэргийлэх ажлыг орон даяар хэрэгжүүлж нийт мал сүргийн 30.0 хувийг угаалгад хамруулахаар ажиллаж, 96.1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж дуусчээ. Энэ чиглэлийн ажил үйлчилгээнд ашиглах мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж 220 ширхэг, ариутгал халдваргүйжилтийн тусгай зориулалтын 8 автомашиныг аймгуудад олгож, 4 бүсэд нян судлалын иж бүрэн лабораторийг байгуулах боломжийг бүрдүүлжээ.
Үргэлжлүүлэн тэрбээр мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар товч танилцууллаа. Энэ жилийн өвөл, хаврын бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээс үзвэл нийт нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх, харин нутгийн 40 шахам хувьд нь бэлчээрийн хүрэлцээ муу байгаа аж. Малын өвөлжилт, хаваржилттай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 21 аймагт 900.0 сая төгрөгийн хөрөнгийг олгосон байна. Мөн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эрчимжүүлэх зорилгоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 25.9 мянган тонн өвс, 14.7 мянган тонн тэжээл бэлтгэх ажлыг зохион байгуулсан гэлээ. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс оны эхэнд боловсруулан гаргасан цасан бүрхэвчийн зураглалаас үзвэл Увс, Хөвсгөл аймгийн зарим сумдын нутгаар цасны зузаан 15-20 сантиметр, Баян-Өлгий, Завхан, Ховд, Архангай, Булган, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар цасан бүрхэвч 1-15 хүртэл сантиметр хүрч байгаа бол бусад нутгаар харьцангуй цас багатай өвөлжиж байгаа аж. Тус хүрээлэнгээс боловсруулан гаргасан дунд хугацааны цаг агаарын таамаглалаас үзвэл өвлийн сүүл сар болон хаврын эхэн сард хүйтний эрч харьцангуй сул, олон жилийн дунджаас дулаан байх төлөв ажиглагдаж байгааг дурдсан.
Бэлчээр ашиглалт, хамгаалалтын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулахдаа, Монгол орны бэлчээрийн талбайн хэмжээ 1961 онтой харьцуулахад 2017 онд 19.9 хувиар буюу 27.9 сая га-гаар буурч, 112.1 сая га боллоо. Нийт бэлчээрийн талбайн тавны нэг нь уул уурхай, хот суурин зэрэг суурьшлын болон бусад салбарт шилжсэн гэв. 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлж тооцсон малын тоо 1961 онд 32 байсан бол 2017 оны байдлаар 99 болж, бэлчээрийн ачаалал 3.1 дахин нэмэгджээ. 2016 онд бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгаа, шинжилгээгээр Монгол орны нийт бэлчээрийн 57 хувь унаган төлөв байдлаас өөрчлөгдөж доройтсоноос 13.0 хувь нь бага зэрэг, 21.1 хувь нь дунд зэрэг, 12.8 хувь нь хүчтэй, 10.3 хувь нь бүрмөсөн цөлжих эрсдэлд орсон аж. Доройтсон бэлчээрийн хувь хэмжээ 2014 оны суурь мэдээлэлтэй харьцуулахад 2016 онд 65.0 хувиас 57.0 хувь болж буурсан боловч хүчтэй доройтож, цөлжих аюулд хүрсэн бэлчээрийн хэмжээ 3.3 хувиар нэмэгджээ.
Сүүлийн 5 жилд хадлан бэлчээрийн талбай 0.1-0.6 сая га-гаар багасаж, хонин толгойд шилжүүлсэн нийт малын тоо 8.0-36.1 сая толгойгоор өссөн байна. Үүнтэй холбогдон 100 га бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 1.5 дахин нэмэгдсэн байна. Бэлчээрийн газрын ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, нийт нутаг дэвсгэрийн 73.3 хувийг эзэлж байгаа бэлчээрийн газрын харилцааны зарим эрх зүйн харилцааг илүү нарийвлан зохицуулах, бэлчээрийн төлбөрийг бүс нутгийн онцлогтой уялдуулан бий болгох, бэлчээрт хариуцлагын механизм бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх, Бэлчээрийн тухай хуулийг батлан гаргах шаардлагатай гэж эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагууд үзэж байгааг мэдээлэлд танилцууллаа. Ашиглагдахгүй байгаа нөөц бэлчээрийг ашиглах, гантай байсан аймгуудад усан хангамжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2018 онд 17 аймаг, 2 отрын бүс нутагт 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр инженерийн хийцтэй 174 худгийг шинээр гаргах ажлыг зохион байгуулсан байна. 2017 оны статистикийн мэдээгээр манай улс хөдөөгийн хүн ам, малыг усаар хангах зориулалт бүхий 43.8 мянган худагтай, үүний 28.3 хувь нь инженерийн хийцтэй, 71.7 хувь нь гар ажиллагаа бүхий худаг байгаа аж. Хөдөөгийн хүн ам, мал аж ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд улсын төсвөөс 107, гадаадын төсөл, хөтөлбөрийн санхүүжилтээр 35, орон нутгийн төсвөөс 213 инженерийн хийцтэй худаг, малчдын санаачлагаар 319 гар худаг, нийт 674 худаг шинээр гаргажээ. Мөн ган, зуд, цаг агаарын бэрхшээл тохиолдсон үед нийт малынхаа 10 хувь буюу 5.0-6.0 сая малыг отрын бүс нутагт өвөлжүүлэх, хаваржуулах боломжтой аймаг дундын отрын нөөц нутаг бий болгох бодлогын зорилт тавин ажиллаж байгаа гэлээ.
Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаарх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, тус бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Пүрэвдорж, С.Эрдэнэ нар асуулт асуусан юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад махны 52 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 онд 15.1 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн. Дээрх тооны үйлдвэр нь жилд 4.3 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүчин чадалтай, өнөөдрийн байдлаар 18 орчим сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулаад байгаа. 4.3 сая толгой малаас бусад 13.7 сая толгой малыг гар аргаар буюу хээрийн бойгоор тухайн орон нутгийн Засаг даргын хяналт дор боловсруулах ажил хийгдсэн. Махны үйлдвэрүүд жилд 180 хоногийн хугацаанд ажилладаг. Одоо мах бэлтгэлийн ажил дууссан учир цөөн тооны үйлдвэр ажиллаж байгаа гэдгийг ажлын хэсгээс мэдээлэв.
Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэл О.Баасанхүү гишүүний тодруулсны дагуу вакцинжуулалтын нөхцөл байдал, малын эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл танилцууллаа. 2018 онд 32 сая толгой малыг вакцинжуулсан бол энэ онд 46 сая толгой малыг вакцинжуулахаар хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна. Вакцин худалдан авах ажиллагаа холбогдох журам, зохицуулалтын дагуу явагдаж олон улсын чанар, стандарт хангасан бүтээгдэхүүн худалдан авахад анхаарч байгаа гэв. Дотооддоо 20 нэр төрлийн вакцин үйлдвэрлэж, шаардлагатай бусад төрлийг ОХУ-аас импортолж байгаа талаар танилцууллаа. Түүнчлэн мал эмнэлгийн лабораторийн нөхцөл, үйл ажиллагаа, махны экспортын бодлогын талаар, экспортыг дэмжих чиглэлээр мэргэжлийн хяналтын байгууллагын хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгөв.
Ийнхүү өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар өндөрлөсөн бөгөөд төсгөлд нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.