ХЗБХ: "Түр хороо байгуулах тухай" тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

  2019-04-24 17:52  289


Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.24) хуралдаан 14 цаг 30 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Хуралдаанд Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын холбогдох албан тушаалтнууд оролцсон. 


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Л.Болд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шүүхийн үйл ажиллагаанд  хүндрэл гарах эсэхийг лавлахын зэрэгцээ уг хуулийн дагуу 2017, 2018 онд нийт 54 хэрэгт ял хүндрүүлж шийдсэн гэх хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот тогтоолоор хүлээн авсан. Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэгт Улсын Дээд шүүхээс орж ажилласан, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар гаргасан саналын томьёоллыг Улсын дээд шүүх бүрэн дэмжиж байна хэмээн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Батцэрэн хэлж байлаа. Мөн тэрбээр, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэн өөрчлөх эрхийг 2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хуульчилсан байсан. Ял оногдуулах асуудлыг зохицуулсан процессын хуулийг буцаан хэрэглэдэггүй зарчим бий. Хуульд өөрчлөлт орсны дараа давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлж хэрэглэсэн хэргүүдийг эргэж хянан үзэх хууль зүйн боломжгүй. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг өөрт нь хуульчилсан байдаг ч, процессын хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хуульчлаагүй. Онолын хувьд ч процессын хуулийг буцаан хэрэглэдэггүй, уламжлал ч байхгүй. Хуульд заасан шударга ёсны зарчимд шүүхээс оногдуулж байгаа ял, шүүгдэгчийн гэм буруу, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдалд тохирсон байхыг зарчим болгохоор заасан. Энэ зарчимд нийцүүлж, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүд ял оногдуулах учиртай.  2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ялыг тохируулж, өөрчлөх оногдуулах эрхийг давж заалдах хяналтын шатны шүүхэд олгосон. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд, ял оногдуулах асуудлаар аргачлал, журам боловсруулж мөрдүүлэхийг Улсын Дээд шүүхэд зөвлөсөн Улсын Их Хурлын тогтоол гарч байсан. Хяналтын шатны шүүх хяналтын журмаар шийдвэрлэж байгаа хэрэг дээр ял тохирсон эсэх асуудал дээр дүгнэлт хийж, дээр дурдсан 54 хэрэг дээр ялын тохируулга хийсэн байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд 54 хэрэгт ял хүндрүүлж шийдсэн хэргүүдэд Улсын ерөнхий прокуророос дүгнэлт гаргах, эсвэл өөр гарц гаргалгаа гарах талаар судалж, ярилцаж, шийдэх шаардлагатай байгааг Ажлын хэсгийнхэнд анхаарууллаа. 

Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.


Хуралдааны төгсгөлд Өмгөөллийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн  хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулахаар болсон. 

Мөн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлт боловсруулах Ажлыг хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатараар ахлуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 




  2019-04-24 17:32  289