Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлнэ

  2018-10-04 18:57  379

     Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, О.Содбилэг, Ё.Баатарбилэг, Ц.Гарамжав, Б.Баттөмөр, Ж.Мөнхбат, Б.Ундармаа, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Дэлгэрсайхан, С.Батболд, Н.Амарзаяа, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар хуралдаанд оролцсон Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.    

     Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газар 2019 онд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг хэрэгжүүлнэ. Энэхүү бодлогын хүрээнд:

·      - Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, төсвийн сахилга батыг чанд баримтлан төсвийн алдагдлыг бууруулж, өрийн дарамтыг багасгах,

·      - Экспортод гарч буй эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор шийдвэрлэж төсвийн орлогыг нэмэгдүүлэх,

·      - Бизнесийн орчныг дэмжсэн татварын хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэх,

·      - Төсвийн зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх,

·      Нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үр ашгийг сайжруулах,

·      - Гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг онцоллоо.

     Эдийн засгийн өсөлтийг хангаж тогтворжуулах, ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өсгөх, зээлжих зэрэглэлийг сайжруулахын тулд гадна, дотны олон хүчин зүйлийг тооцож, бодит нөхцөл байдлаа бүрэн дайчилж ашиглах зарчмыг Засгийн газар барьж ажилласныг Сангийн сайд тодотголоо. Энэ үндсэн дээр төсвийн орлогыг бүрдүүлэх чиглэлд юуны өмнө гаалийн шинэчлэл хийж, экспортын эрдэс баялаг, импортын бүтээгдэхүүнд тавих хяналтыг цогцоор нь шийдвэрлэх замаар төсвийн орлогын бааз суурийг нэмэгдүүлж татварыг бүрэн хураах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах гаалийн шинэчлэлийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлнэ. Гаалийн шинэчлэлийг хэрэгжүүлснээр Монгол Улс  газрын баялгаас татвараа бүрэн авдаг болно.  Мөн бүтээгдэхүүний сорьцыншинжилгээг хилээр орох, гарахтухай бүр хийж экспорт,импортоос олох орлогоо бүрэн хураадаг болно. Үүний тулд хилийн боомтууд дээр эрдэс бүтээгдэхүүн, газрын тос, автобензин, дизель түлшний төрөлжсөн, орчин үеийн лабораториудыг 2019 оноос үе шаттай байгуулж, лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүчин чадлыг шинэчлэх ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийн нэгдсэн бүртгэлийн “Ухаалаг гарц” цахим систем нэвтрүүлнэ гэлээ.


    Харин татварын шинэчлэлийн хүрээнд бизнес эрхлэлт, хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийг дэмжих, зээлийн хүүг бууруулах, татварын суурийг өргөтгөх, татварын тэгш, шударга байдлыг бүрдүүлэх татварын шинэчлэлийн цогц бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Иймээс Улсын Их Хуралд өргөн бариад байгаа Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг 2019 оноос хэрэгжиж эхлэхээр тооцсон.

     Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын үйлчилгээг улам бүр цахимжуулж, татварын тайлангийн тоог цөөрүүлж, 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгоно. Мөн алдагдал шилжүүлэххугацааг салбар харгалзахгүй 5жил болгох, ашигт малтмалынтусгай зөвшөөрөл эзэмшигчээсбусад этгээдийн барилга, байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгож бууруулах, татварын зорилгоор орлого, зарлага хүлээн зөвшөөрөх зарчмыг тодорхой болгох, Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгчийн гадаад улсад төлсөн татварыг давхардуулан ногдуулахгүй байх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжихээр тусгасан гэлээ.

    Монгол Улсын 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтыг нийгэм, эдийн засгийн нэн тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал боловсрол, эрүүл мэндийн салбарын чанар, хүртээмжийг сайжруулахад чиглүүлэхээр тусгасан гэдгийг Сангийн сайд хэллээ. Энэ үүднээс хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулж, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжид бүрэн шилжүүлэх бодлогыг үргэлжлүүлэх юм байна. Тухайлбал, ирэх онд ерөнхий боловсролын 117 сургууль, хүүхдийн 57 цэцэрлэг, сурагчдын 34 дотуур байр, мөн 61 эмнэлэг, 52 соёлын төв баригдахаас нэлээд нь эхлээд байгаа аж.  

    Ирэх онд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэхэд тодорхой хөрөнгө тусгасан байгаа. Энэ хүрээнд боловсролын чанарыг дээшлүүлэх үүднээс сурагчийн амжилтаас хамааран багшид үр дүнгийн урамшуулал олгох тогтолцоог бий болгоно, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдлийг сурагчийн тоо, ажлын ачаалалттай уялдуулж ялгаатай тогтооно гэдгийг тодотголоо.


    Эрүүл мэндийн салбарын тухайд эмнэлгийн бие даасан байдлыг хангаж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилт тавьж байгаа. Энэ хүрээнд анхан шатлалын эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар, хоёрдогч болон гуравдагч шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулна, энэ үндсэн дээр  анхан шатлалын эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийн төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтад баримталсан.

    Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний багцын нэр төрлийг нэмэгдүүлж шаардагдах эх үүсвэрийг ЭМД-ын сангаас санхүүжүүлнэ. Ингэснээр анхан шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, даатгуулагч эрүүл мэндийн даатгалын үр шимийг суманд хүртэх боломжтой болох юм. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг санхүүгийн хувьд бие даалгаж үзүүлсэн тусламж үйлчилгээний гүйцэтгэлийн үр дүнгээр нь тооцож санхүүжүүлнэ. Үүний үр дүнд эмнэлэг менежментээ өөрсдөө бие даан хэрэгжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, зардлын үр ашиг сайжирч өрсөлдөх чадвартай болно гэдгийг сайд хариултдаа дурдлаа.

   Гадаадын тусламж, Засгийн газрын өрийн тухайд өндөр хүүтэй Засгийн газрын үнэт цаас гаргахгүй байх зарчим баримталж байгаа, түүнчлэн цаашид Засгийн газрын өрийн баталгааг нэмж гаргахгүй. Мөн улсын төсөв болонорон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр байгуулагддаг “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээг шинээр байгуулахгүй. Түүнчлэн ипотекийн зээлийг орчны бохирдлыг бууруулахад чиглүүлж, агаар орчны бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж байгаа өрхөд буюу гэр хорооллоос газар чөлөөлж, орон сууцанд нүүн орж байгаа, анх удаа өрх тусгаарлан орон сууц худалдан авч байгаа, ногоон амины орон сууцны зээл авч байгаа өрхүүд буюу зорилтод бүлэгт олгох юм байна.  Харин жижиг, дунд үйлдвэрийн тухайд эргэлтийн сан нь 335  тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, энэ мөнгөө зээлж эргэлтэд оруулах, өмнөх зээлээ төлүүлж бүрэн ашиглах боломж бий гэдгийг хэллээ.

   Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсөвт төвлөрч байгаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр, газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөр, түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн орлогоос тухайн орон нутагт тодорхой хувийг нь нэмж хуваарилахаар тусгасан. Ингэснээр орон нутаг өөрөө бие даан байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зарцуулах боломж бүрдэх юм. Тухайлбал, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөөр улсын төсөвт төвлөрөх орлогын 50 хувийг тухайн аймгийн Орон нутгийн хөгжлийн санд; Газрын тосны тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 30 хувийг тухайн орон нутгийн төсөвт; олборлосон түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа тухайн орон нутгийн төсөвт тус тус нэмж хуваарилахаар зохицуулаад байгааг хэллээ.


    Сангийн сайд гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газар төсвийн урсгал зарлагын реформыг хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд юуны өмнө зарлагын оновчтой, үр ашигтай хуваарилалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах зарчим баримталж байгааг тодотголоо. Энэ үндсэн дээр урьдчилан төлөвлөх боломжтой зардлыг цаашид төсвийн нөөц хөрөнгөөр санхүүжүүлэхгүй, хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах, цөлжилттэй тэмцэх зэрэг байгаль орчныг хамгаалах чиг үүргийг бие даан шийдвэрлэх боломжийг орон нутагт, хог хаягдлыгзайлуулах, устгахад хог хаягдлын үйлчилгээний хураамжийн орлогоо бүрэн зарцуулах эрхийг тухайн орон нутгийн хот тохижуулах газарт олгоно, Авто замын санд төвлөрөх орлогыг авто замын засвар, арчлалтын ажилд бүрэн зарцуулахаар тусгасан гэдгийг сайд нэмж тодотгов.

   Ажил олгогч, бизнес эрхлэгчдийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх нь хөдөлмөрийн зах зээлийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Иймээс хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ажил олгогчийн шаардлагад нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцаж байгаа суралцагчид ирэх оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгоно гэдгээ мөн тодотголоо.

   Түүнчлэн Засгийн газар цахим бүртгэл, хяналтыг сайжруулж, төрийн албан хаагчдын орон тоо, цалин хөлсний нэгдсэн цахим систем нэвтрүүлнэ, Эрүүл мэндийн даатгалын цахим системийн ашиглалтыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг 2019 оноос цахим системээр бүрэн гүйцэтгэнэ. Мөн төсвийн байгууллагуудын цахилгаан, халаалт, цэвэр, бохир хэрэглээг тоолууржуулах, шаардлагагүй хэрэгцээг хязгаарлах замаар төсвийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулдаг болно. Төвлөрсөн халаалтын системд холбогдсон 1892 төсвийн байгууллагыг үе шаттайгаар дулааны тоолуурт шилжүүлнэ. Эрүүл мэнд, онцгой байдал, хил хамгаалах, цагдаа зэрэг байгууллагуудаас бусад төрийн байгууллагын албан хэрэгцээндээ ашиглаж байгаа автомашиныг зөвхөн ажлын өдрүүдэд ашиглахаар тооцож шатахууны зардал олгоно. Мөн төрийн албаны автомашинд ялгах тэмдэг хэрэглэнэ, ялгах тэмдэгтэй албаны автомашиныг зориулалтын бусаар ашигласан бол хариуцлага тооцдог тогтолцоо бий болгоно гэдгийг Сангийн сайд хариултдаа дурдав. Гишүүдийн зарим асуултад салбарын сайд нар нэмэлт хариулт, тодруулга өгсөн юм.

     Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлж, гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2018-10-04 17:53  379