Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.17) нэгдсэн хуралдаан 10 цаг 28 минутад 53.3 хувийн ирцтэй эхэлж, Пүрэв, Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэлцэх асуудлын дараалалд орсон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийн талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай байгаа тул хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын санал гаргасан юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт горимын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Ингээд уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.5 хувь нь дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ирүүлсэн албан бичигт Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаанд намын гишүүнээс хасах шийдвэр гаргасан тул бүлгээс гарсан болохыг мэдээлж өгөхийг хүссэнийг уншиж танилцуулав.
Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон иргэдийн жагсаал, цуглаантай холбогдуулан үүссэн нөхцөл байдлыг хэлэлцээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдөрт багтаан хэлэлцэж батлахыг Улсын Их Хуралд зөвлөмж болгосон. Энэ үндсэн дээр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.
Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороо мөн өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ж.Бат-Эрдэнэ нар Байнгын хорооны даргаас асуулт асууж тодруулан хариулт авав. Дараа нь хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёололтой холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийг хасах Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.0 хувь нь дэмжсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаас хуулийн төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулахтай холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75.5 хувь нь дэмжсэнгүй. Үргэлжлүүлэн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ үеэр хэлэхдээ, бид ардчилсан улс оронд амьдарч байгаа. Ардчилсан улс гэдгээ, хууль эрх зүйт төртэй улс гэдгээ дэлхий даяар зарласан улс шүү дээ.
Сүүлийн үед болж байгаа үйл явдлыг хараад байхад хууль хэрэггүй гэдэг үгийг дээр, дооргүй их ярьдаг болж байна. Энэ бол буруу. Энэ бол улс орны цаашдын хувь заяатай холбоотой, иргэдийн амьдрал ахуй, нийгмийн байдалтай холбоотой, ерөөсөө Монгол Улс дэлхийн тавцан дээр яаж харагдах уу, яаж үнэлэгдэх үү гэдэгтэй шууд холбогдох асуудал шүү.
Төрийн өндөр алба хашиж байгаа Улсын Их Хурлын гишүүн, хууль тогтоох дээд байгууллагад ард түмний мандатаар сонгогдсон хүмүүс хүртэл хууль хэрэггүй гэж ярьдаг байдлаа цаашид зогсоох хэрэгтэй. Бүх асуудал хуулийн зохицуулалтын дагуу л явах ёстой. Ёс зүйтэй байя гэвэл бүгдээрээ ёс зүйтэй байх ёстой шүү. Үүнийг хэлэх ёстой гэж бодож байна гэлээ.
Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэж батлав
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцуулав.
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор зохицуулжээ. Ингэж өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэж, дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс Хууль зүйн байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлттэй холбогдуулан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувийн саналаар Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Дараа нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороод хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэнийг Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, тогтоол баталсан.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2018 оны 12 дугаар 05-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцээд санал нэгтэй дэмжиж, Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон юм.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг батлахыг дэмжив.
Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулав.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн талаарх Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан 2018 оны 12 дугаар 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм. Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Нямдорж нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 82.4 хувь нь Байнгын хорооны саналыг дэмжсэнээр Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхлэв. Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотойгоор үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачлан боловсруулж, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлдээ, нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан.
Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Иргэд, олон нийт үүнд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.
Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна. Иймээс Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд бид Улсын Их Хурлаас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүссэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсруулж өргөн мэдүүлсэн. Бидний саналыг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар дэмжиж, Түр хорооны бүрэлдэхүүнд орж ажиллахаа илэрхийлээд байгаа гээд Түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг дэмжиж, хамтарч ажиллахыг гишүүдээс хүслээ.
Мөн Төсвийн байнгын хороо 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Ингээд хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч эхэлсэн бөгөөд чуулганы хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.