Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 10 дахь дугаарын тойм

Улсын Их Хурлын Тамгын газраас эрхлэн гаргадаг эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол хэлбичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ.Энэ тогтоолоор бага насны хүүхдэд эх хэлийг сэтгэхүйг нь хөгжүүлэх сонирхолтой арга хэлбэрээр зааж үгийн сангийн нөөцийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургууль төгсөгч, их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэлбичгийн хичээлээр шалгалт авч байх журам тогтоон 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн мөрдүүлэх, монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толь бичгийг шинэчлэн боловсруулж бүх нийтээр дагаж мөрдүүлэх, үсгийн дүрмийн алдаа засах программ боловсруулж, хэрэглээнд нэвтрүүлэх, хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосон зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайдад үүрэг болгосон байна.

Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон болон Монгол Улсын Засгийн газарт олгосон гадаадын хандив, тусламж, зээлийн эс үүсвэрээр санхүүжиж байгаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгжийн хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх, бүртгэх, холбогдох байгууллагын балансад бүртгэх арга хэмжээ авахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд болон төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасан байна. Түүнчлэн улс, орон нутгийн музей болон холбогдох мэргэжлийн байгууллагын эзэмшилд байгаа үнэлгээ хийгээгүй хосгүй үнэт болон үнэт, ердийн зэрэглэлийн төрийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлсийн үнэлгээг тогтоох арга хэмжээ авахыг холбогдох сайд нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ.

Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнах мөнгөн шагналын хэмжээ, үндэсний хэмжээний тэмцээний мөнгөн шагналын хэмжээ, түүнийг олгох асуудлыг тус тус Засгийн газрын “Журам батлах тухай” тогтоолоор журамласан байна


“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци

2013 оны 3 дугаар сарын 11

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл