ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.12.30-2020.01.03)

  2020-01-04 14:35  367

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.12.30-2020.01.03)


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар УИХ-ын Тамгын газрын зарим ажилтныг төрийн одон, медалиар шагнахаар шийдвэрлэснийг УИХ-ын дарга Г.Занданшатар гардуулж баяр хүргэв.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Гадаад харилцааны хэлтсийн зөвлөх М.Батболд, Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх Ё.Энхсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн референт М.Элбэгдорж, Ц.Энх-Амгалан, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн иргэдийг хүлээн авах байрны ажилтан Д.Уртнасан, тус хэлтсийн Хэвлэх, олшруулах цехийн дэвтэрлэгч Э.Эрдэнэчимэг, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны ахлах референт Х.Ариун-Эрдэнэ нарыг “Алтан гадас” одонгоор шагнажээ. 

Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн шинжээч Б.Ариунаа, тус хэлтсийн Архивын эрхлэгч Т.Дэмбэрэлням, шинжээч О.Ренчинмядаг, Хуралдаан зохион байгуулах хэлтсийн шинжээч П.Мядагмаа нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасан байна. 2019.!2.30. http://www.parliament.mn/n/a8ko


Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсын нийт иргэддээ айлчлан ирж буй Шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв.

УИХ-ын дарга мэндчилгээндээ, Шинэ мянганы 20 дугаар оныг монголчууд бид түүхэн үйл явдлуудаар дүүрэн бэлгэтэй угтан авч байна. Өөрчлөлт шинэчлэлтийн 30 жилийн алдаа оноогоо дүгнэж, хөгжил дэвшлийн дараагийн 30 жилийг эхлүүлэх суурь нийгмийн гэрээгээ сайжруулан өөрчилж, Үндсэн хуульт төрийн тогтолцоогоо бататган бэхжүүллээ. 

Сүүлийн гурван чуулган дамнаж 10 гаруй жил яригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахад хичээн зүтгэж гар бие, сэтгэл оюунаа дайчлан зүтгэсэн мянга мянган иргэдийн төлөөлөлтэй хамт Та бүхэндээ мэндчилгээ дэвшүүлж байна. 

Тэгш эрх, шударга ёс, баялгийн зөв хуваарилалт хүссэн ард түмний дуу хоолой сүүлийн нэг жилд олон өөрчлөлтийг бий болголоо. Нэг хэсгийн явцуу эрх ашигт үйлчилдэг болсон төрийн бодлого, нийт ард түмний нийтлэг эрх ашигт үйлчилж эхэлснээр шударга ёс сэргэн тогтож, баялаг эздэдээ хүрч, авлига хээл хахуулийн хэрэгтнүүд хуулийн хариуцлагын өмнө дуудагдаж, иргэдийн итгэл сэргэж байна. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч, бүтээн байгуулалт эрчимжин, ажлын байрууд нэмэгдэж, гацаанд орсон дэд бүтцийн томоохон төслүүд эхэллээ хэмээн онцолжээ. 

Мөн монголчууд бид үнэнтэй нүүр тулах цаг ирсэн. Энэ жил УИХ-ын ээлжит сонгуультай, хариуцлагатай жил. Улсаа биш намаа, эрх ашиг нэгтэй бүлэг фракцаа бодсон явцуу улс төр хийх цаг одоо биш ээ. Иргэн бүр эх орноо, ирээдүйгээ бодож шийдвэр гаргах түүхэн хариуцлагатай жил ирж байгааг онцлоод Монгол төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ, аль нэг намын явцуу эрх ашгаар бус, улс орны хөгжил дэвшилд суурь болно гэж зөвшилцсөнөөр Сонгуулийн тухай шинэ хуулийг хэлэлцэн баталлаа. Монголын улс төрд шинэ салхи үлээж, нийгэмд шударга ёсны зөв хандлага түгж, иргэд нь эрх үүргээ гүн гүнзгий мэдэрч, улстөрчид нь нийгмийн нийтлэг эрх ашигт хүчин зүтгэдэг болж, товчхондоо Монголд минь сайн цаг ирж байна хэмээжээ. 2019.12.31 http://www.parliament.mn/n/amko


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаараа Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. 

Европын Холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл  харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор  батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зуржээ. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тус конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив.


Дараа нь  “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулга хийсэн юм. 

Монгол Улс нь Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны гишүүн орон БНСВУ-тай улс төр, худалдаа эдийн засаг, соёлын салбараас гадна батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд хөгжүүлж байна. Манай хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хоёр орны зэвсэгт хүчнүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг салбарын сайд танилцуулгадаа онцлов. 

Мөн 2019 оны 07 дугаар сард БНСВУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо хоёр талын ажлын хэсгийн уулзалтыг зохион байгуулсан. Тус уулзалтын үеэр 2013 онд яамд хооронд байгуулсан санамж бичгийг “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” болгож, түвшин ахиулах талаар харилцан тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийг БНСВУ-ын Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Батлан хамгаалах яам Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд Монгол Улсын холбогдох яамдын саналыг авч нэгтгэн, Вьетнамын талтай дипломат шугамаар удаа дараа санал солилцсон.  Энэ үндсэн дээр Батлан хамгаалахын сайд Н.Энхболд 2019 оны 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд БНСВУ-д албан ёсны айлчлал хийж, айлчлалын үеэр Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, ойрын хугацаанд гарын үсэг зурахаар төлөвлөөд байгааг танилцуулав.  

Хэлэлцээрийн төсөл нь 8 зүйлтэй бөгөөд хэлэлцээр байгуулагдсанаар хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн талууд зөвлөлдөх уулзалтын механизм бий болгох, мэдээлэл харилцан солилцох, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургалт, дадлага, цэргийн эмнэлэг, цэргийн сургалт, эрдэм шинжилгээ, батлан хамгаалах аж үйлдвэр зэрэг хамтын ажиллагааны чиглэлүүдээр харилцаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм байна. 2020.01.02. http://www.parliament.mn/n/3dko


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаа хийж, эхлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Манай улсад аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг анх 1996 онд батлагдсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулж байсан бөгөөд 2007 онд Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, 2012 онд Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль болж өөрчлөгдөн, тухайн цаг үеийн нийгэм, эдийн засгийн болоод сонгууль зохион байгуулалтын өөрчлөлттэй уялдуулан уг сонгуулийн харилцааг зохицуулж иржээ.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд буюу хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв.

УИХ-ын сонгууль, орон нутгийн ИТХ-ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинжтэй, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсгэхийн зэрэгцээ иргэд сонгогчдод ойлгомжгүй байв.


Иймээс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн уг сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагын үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан орон нутгийн Хурлын сонгуулийн харилцааны онцлогыг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ. 

Хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтаан товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Өмнө нь орон нутгийн Хурлын сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байдлыг нэг мөр цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.


Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулжээ. Мөн нам, звслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байна.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжив.

Дараа нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь төрийн хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдлыг хангах нийгмийн шаардлага, ард түмний хүсэл зоригт нийцүүлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмыг баталгаажуулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санааг холбогдох хууль тогтоомжид дэлгэрүүлэн тусгаж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх, ач холбогдлыг нь ард түмэнд сурталчлан таниулах зорилтыг эш үндэс болгож, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийг энэхүү тогтоолын хавсралтаар батлахаар тусгажээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогоомжийг нийцүүлэх хуваарьт Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл болон Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Төрийн аудитын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 22 хуулийн төсөл, Гүйцэтгэх эрх мэдэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай анхдагч хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд, Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 7 хуулийн төсөл, нийтдээ 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгажээ.     

Мөн уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгахаар тусгасан байна.   

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 2020.01.02.   http://www.parliament.mn/n/38ko


УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв.

Ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, Энэ хууль 2015 онд батлагдсан. Эрүү, Зөрчлийн хуульд олон удаа өөрчлөлт орж байгаа. Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулиар хүнийг шууд торгодог байдлаас татгалзаж, эхлээд албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгодог бусад механизм руу шилжье гэсэн бодлого барьж байна. Бид өдөр бүр шинэ хууль баталдаг. Тэрхүү хуулиудын хариуцлагатай холбоотой хэсэг нь Зөрчлийн тухай хуульд ордгийг гишүүдэд сануулахын зэрэгцээ ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  оруулж ирэх гэж байгаа гэдгийг тодотгосон юм. 


Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 5.19 дүгээр зүйлийг мөн зүйлийн 14 дэх заалтын 6.26 дугаар зүйл болгож “1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг  нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ. Уг саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Цогзолмаа “Хүний ёс зүйн гаргаж болохгүй хэм хэмжээг торгуулийн хэлбэрээр шийдэх нь хэр зөв бэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад эрүүгийн хуультай ялын санкцыг хэр зэрэг жишиж авч үзэж байгаа вэ гэдэг асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай” гэсэн бол гишүүн Н.Оюундарь "Төсөлд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт байсныг сая төгрөг болгосон байна. Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ" хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 24 дэх заалтыг “Энэ зүйлийн 18 дахь хэсэгт заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс тооцон хугацаа хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн хүү ногдуулах ба уг хүүний хэмжээ нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ тайлбарт заасан “хүү” нь Иргэний хуульд заасан “анз”-д хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар уг томьёоллыг дэмжихгүй байгаа үндэслэлээ “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал нь бага эрүүгийн хууль биш. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байгааг хүнд сануулах агуулгатай. Гэтэл энэ зарчмаар үргэлжлэхгүй байна. Торгоно гэсэн агуулга нь сүүлдээ хүү, анз болж байна. Ийм байж болохгүй” хэмээн илэрхийлэв. 

Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 29 дэх заалтын 13.9 дүгээр зүйл буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчихтэй холбоотой харилцааг зохицуулсан хэсгийн талаар үг хэлсэн гишүүдийн олонх нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Гишүүдийн зүгээс нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг эргэн харах шаардлагатай гэж байлаа. Сум орон нутагт халуун, хүйтэн устай, орчин нөхцөл нь бүрдсэн мал төхөөрч боловсруулах үйлдвэр байхгүй. Орчин нөхцөл, дэд бүтэц нь бүрдээгүй байхад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдээ торгох гээд байгааг эргэн харж, анхаарах шаардлагатай гэж байлаа. 2020.01.02. http://www.parliament.mn/n/3xko


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг эл найруулгаар төсөлд тусгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Мөн химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн Байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг дээрх найруулгаар төсөлд тусгахаар тогтов. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж, хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.


Дараа нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хуулийн төслийн талаарх Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын илтгэл, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов.

Европын Холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэл  харилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоор  батлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зуржээ. Тус конвенцыг соёрхон баталснаар Европын Холбооны өмнө хүлээсэн үүрэг манай улсын амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэх юм байна.

Төслийн талаарх танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт тайлбар авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг конвенцыг соёрхон батлав.

Нэгдсэн хуралдаан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана” хэмээн заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны холбогдох заалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх тогтоолын төслийг боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжжээ. 


Тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг орон даяар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгах, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажилд шаардагдах зардлын төсвийг баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрөхөөр тусгажээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг иргэдэд сурталчлах ажлыг улс орон даяар зохион байгуулах ажилд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж ажиллахыг УИХ-ын Тамгын газарт даалгахаар тусгасан байна.

Тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд нар Байнгын хорооны даргаас асуулт асууж хариулт, тайлбар авсан бөгөөд гишүүдээс анхааруулж буй саналыг эцсийн хэлэлцүүлгийн шатанд анхаарч, холбогдох бусад хуульд нийцүүлэх чиглэлийг УИХ-ын дарга өгсөн юм. Ингээд  “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Нэгдсэн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн  иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн бөгөөд төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав. 

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд буюу хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв.

Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинжтэй, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсгэхийн зэрэгцээ иргэд сонгогчдод ойлгомжгүй байв.

Иймээс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн уг сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагын үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан орон нутгийн Хурлын сонгуулийн харилцааны онцлогыг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.      


Төслийг боловсруулахдаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс нээлттэй санал авч тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдаад хуулийн төслийн онцлог зохицуулалтаас гишүүдэд танилцуулсан юм.

Хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтаан товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Өмнө нь орон нутгийн Хурлын сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байдлыг нэг мөр цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулсан байна. 

Мөн нам, звслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгчээ.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулсны санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 


Үргэлжлүүлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, хэрэглэгч өөрт тохирсон үйлчилгээг сонгон авахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, санхүүгийн үйлчилгээтэй холбогдсон гомдол, маргааныг шүүхийн бус замаар мэргэшсэн байгууллагаар хурдан, шуурхай шийдвэрлүүлэх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн санхүүгийн хэрэглэгч гэдэгт иргэдээс гадна банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, Засгийн газрын тусгай сан зэрэг бусад этгээдийг хамруулж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах, иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зэрэг тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зохицуулалтаас илүүтэй хэрэглэгчийн эрхийг бүтээгдэхүүний түвшинд хамгаалсан, санхүүгийн өдөр тутмын харилцаанд тулгардаг асуудлыг шийдсэн зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг анхаарах нь зүйтэй хэмээн хэлсэн байна. Түүнчлэн зээлийн хүү буурах механизмыг бүрдүүлэх, нийт банк, санхүүгийн байгууллагууд дээр төвлөрөөд байгаа эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа хөрөнгийн зах зээл рүү оруулах сонирхол, нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгах, төслийг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бусад хуультай сайтар уялдуулах, банкны бүтээгдэхүүний нөхцөлийг уян хатан болгох, түүнд тавих Монголбанкны хяналтыг сайжруулах асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзсэн байна. 

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 59 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. 

Эцэст нь Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Засгийн газраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.


Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Орон сууцны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг өргөн барьжээ.

Хуулийн төсөл батлагдснаар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирч, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогголцоо бүрдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад ихээхэн ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, А.Ундраа нар Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгээс тайлбар, тодруулга авсан юм. Мөн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, А.Ундраа нар үг хэлж, төр бодлогын түвшинд орон сууцны хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, дундын өмчлөл, хадгалалт хамгаалалтыг оновчтой шийдвэрлэх, төр оролцоогоо зөв тодорхойлж, олон нийтэд зөв, бодит мэдээлэл хүргэх шаардлагатай байгаа талаар байр сууриа илэрхийлэв. 2020.01.03. http://www.parliament.mn/n/39ko

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2020-01-04 14:17  367