Цэс

Холбоо барих

Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив


Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2017.12.21) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 19 минутад эхэлж, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ач холбогдлоороо Монгол Улсын баруун бүсийн эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг дээшлүүлэх, импортын эрчим хүчний хамааралаас гарах зорилго бүхий Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нэн тэргүүнд барьж ашиглалтад оруулах шаардлагатай гэдгийг хэлэв. Мөн хөрөнгө оруулагчид ч уг төсөлд нааштай хандаж байгааг хэлээд салбарын сайд анхаарал хандуулан, ажиллаж буйг тэмдэглэлээ. Үргэлжлүүлэн тэрбээр баруун бүсийн эрчим хүчний өртөг зардлыг бууруулах шаардлагатай, үүний тулд эрчим хүчний түгээлтийн зардлын талаар нарийвчлан судлах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулснаар үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх давхар ач холбогдолтойг анхаарч үзэх нь зүйтэй гэв.

Ингээд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжлээ. Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


Дараа нь Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн танилцууллаа. Баруун бүсийн эрчим хүчний системийн ОХУ-аас импортолж буй эрчим хүчний тариф 1 кВт.ц нь 116 төгрөг, БНХАУ-аас импортолж буй нь 240 төгрөг, нийт өртөг нь 199 төгрөг болж байгаа аж. Харин хэрэглэгчдэд борлуулахдаа 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний үнэ 102.3 төгрөг буюу 96.7 төгрөгийн алдагдалтай борлуулдаг байна. Импортын цахилгаан эрчим хүчийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөхгүй бол цаашид илүү их хэмжээний алдагдал хүлээх нөхцөл үүссэн байна. 2005, 2011, 2016 онуудад баруун бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн шийдвэрүүдийг Улсын Их Хурал гаргаж байжээ. Хамгийн сүүлд 2016 онд гаргасан шийдвэртээ 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тус бүсийн импортолж буй цахилгаан эрчим хүчийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн байдаг бөгөөд үргэлжлүүлэн 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл чөлөөлүүлэхээр төслийг боловсруулжээ.


Дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан танилцуулав. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Д.Оюунхорол нар Эрчим хүчний сайд болон Төсвийн байнгын хорооноос асуулт асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Тэрбишдагва нар нар байр сууриа илэрхийлсэн.


Монгол Улс нь ОХУ-ын Буриад улсын нутаг дэвсгэрт орших Гусиноозерск буюу Галуут нуурын дулааны цахилгаан станцаас эрчим хүч импортолж байгаа бөгөөд цаашид ОХУ-ын талаас энэхүү экспортын үнэ тарифын тал дээр хөнгөлөлт үзүүлэх байдлаар хамтран ажиллах байр суурьтай байгаа хэмээн үзэж буйгаа Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэллээ. ОХУ-ын талаас эрчим хүчний чиглэлээр явуулах үйл ажиллагаа идэвхжиж байгааг тэрбээр дурдаад Сангийн сайд нарын хооронд хөрөнгө оруулалтын тодорхой саналууд болон зээлийн шугам нээх боломжийн талаар яригдсан. Энэ дагуу ирэх долоо хоногт ТЭЦ4-ийн дөрвөн блокын засвар, ТЭЦ3-ын өргөтгөлийг хийх асуудлыг Засгийн газарт оруулахаар төлөвлөж байгааг хэлсэн бөгөөд удаан хугацааны хамтын ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүний тодруулсны дагуу Оюу-толгойн уурхайн эрчим хүчний хэрэглээний талаарх гэрээний зохицуулалт болон дотоодын эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох төрийн бодлого, үүнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн эзлэх хувь, нөхцөл байдлын талаар талаар мэдээлэл өглөө.


Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн  76.7 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл