УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

  2017-04-27 14:23  687

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.27) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 18 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 51,0 хувь нь татгалзлаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуралдааны эхэнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.


Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн байгууллага хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг. 2002 оноос хойших хугацаанд иргэний хэргийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх баримт бичиг дунджаар нийт гүйцэтгэх баримт бичгийн 70 гаруй хувийг эзэлж байна. Бодит гүйцэтгэл оноос он дамжин 50 орчим хувьтай байсаар байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг илтгэж байна. Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн холбогдох заалтууд, Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор баталсан “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг баталсан гэдгийг дурдав.

2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөх эдгээр хуульд ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлэх, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шийтгэл оногдуулахаар тусгаж, ял, шийтгэл, албадлагын арга хэмжээний төрлийг шинээр тодорхойлсон. Иймд дээр дурдсан ял, шийтгэл оногдуулсан шийдвэрийг гүйцэтгэх, хяналт тавих ажиллагааг шинээр журамлах шаардлагад үндэслэн таван хэсэг, 28 бүлэгтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт онцлов.

Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 19, 25-ны  өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Хууль санаачлагч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журам, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдалтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт шинэчлэгдэж, алба хаагчийн нийгэм, улс төр, эдийн засгийн баталгааг хангах, ял, шийтгэлийн төрөл, хэлбэрийг Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нийцүүлэх, хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй, хаалттай тогтолцоонд шилжүүлэх, ял, албадлагын арга хэмжээг ялгамжтай эдлүүлэх, ял эдлүүлэх ажиллагаанд цахим болон хяналтын системийг нэвтрүүлэх зэрэг боломж бүрдэх юм.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн  гэж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Ажлын хэсгийн холбогдох байгууллагын ажилтнууд оролцов.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Г.Занданшатар, Х.Баделхан, Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар, М.Билэгт, С.Чинзориг, Ж.Батзандан, Д.Тэрбишдагва, Д.Сарангэрэл,  Б.Баттөмөр, Х.Нямбаатар нар Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн халамжийн асуудлыг хуульд хэрхэн тусгагдсаныг, хууль батлагдсанаар зардал хэр нэмэгдэх, урьдчилсан тооцоо бий эсэхийг илүүтэй тодруулж байлаа. Мөн  хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг барагдуулах, хорих ял эдэлж байгаа хүмүүсийг нийгэмшүүлэхэд шинэлэг зохицуулалт хийсэн эсэх, зорчих эрхийг хязгаарлах хууль хэрэгжиж эхэлбэл хэдий хэрийн зардал гарахыг илүүтэй тодруулав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Энэ хуулийн төслийг өргөн барих үед Монгол Улсын Засгийн газар ОУВС-ын хөтөлбөрт хамрагдахаар гэрээ, хэлэлцээр хийж байсан. Иймд төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн халамжийн зардлыг хасч, одоогийн түвшинд хадгалахаар тусгасан. Эдийн засаг сэргэж, ОУВС-ийн хөтөлбөрөөс гарсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын нийгмийн халамжийн асуудлыг нэмж болно гэж байв.

Харин Ажлынх хэсгийнхэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдвал төсвийн урсгал зардал нэмэгднэ. Урьдчилсан тооцоогоор орон тоо 299-өөр нэмэгдэхээр тусгагдсан. Мөн төсвийн урсгал зардал 48 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Уг зардал, урьдчилсан тооцоог Сангийн яамаар хянуулсан гэж байлаа. Түүнчлэн  уг хуульд хохирогчийн эрх, хохирлыг барагдуулах тал дээр анхаарсан. Ялангуяа үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахад хугацаа зааж өгдөг болсон. Мөн тухайн иргэнд үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулж хохирлыг барагдуулах хугацааг олгодог болсон. Зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс хэрэгжих юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын туршлагыг авч, тус улсын жишгээр ажиллах болно. Урсгал зардалд 4.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 20 тэрбум төгрөг тус, тус шаардаж байгаа гэж хариуллаа.  

Дараа нь хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Занданшатар, Б.Баттөмөр, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, С.Чинзориг  нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 74,6 хувь нь дэмжив.  Иймд уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.


Хууль зүйн байнгын хороо 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн билээ.

Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж, хуулийн төсөлтэй холбогдуулан “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэсэн болно. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, төслийн талаар санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Тухайлбал:

-Хүүхдийн эрхийг зөрчиж ашиг олох зорилгоор хүнд хөдөлмөр эрхлүүлсэн, ерөнхий боловсролын сургуулиас завсардуулсан тохиолдолд хариуцлага хүлээлгэх;

-Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж худал мэдээллийг олон нийтэд дэлгэсэн, мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан зөрчлийн торгуулийн хэмжээг нэмэх;

-Шийтгэл оногдуулахын өмнө сануулах арга хэмжээг авах;

-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байх;

-Хүн, хуулийн этгээдэд оногдуулж байгаа шийтгэлийг давхардуулахгүйгээр зөвхөн аль нэгэнд нь оногдуулах;

-Зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах;

-Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж долоо хоногоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах;

-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид өөрөөр заагаагүй бол шүүх баривчлах шийтгэл оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн хүнд албадан сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэж болох;

-Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийгтогтоосон хугацаанд биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солих;

-Хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгож, үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргах зохицуулалтыг торгох шийтгэлээр солих;

-Шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай нийцүүлэх үүднээс холбогдох өөрчлөлтийг хийх зэрэг болно гэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхдээ иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах тал дээр онцгойлон анхаарах шаардлагатайг байна. Мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд шүүх хэрэг маргааныг хэлэлцээд хариуцлага тооцох, эсвэл цагааддаг байхаар заавал шийдэх зарчмын  гол өөрчлөлтийг тусгасан байгаа. Энэ асуудалд УИХ-ын гишүүд та бүхнийн онцгойлон анхаараасай гэж хүсч байна.  Зөрчлийн тухай хуулийн төсөлд иргэдийн мэдээлэл авах эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх асуудалд тавьсан торгууль нэмэх саналаа татаж авахаар үндсэн санал нь үлдэж байгаа. Энэ саналыг ч УИХ-ын гишүүд та бүхэн татан авч, дэмжихгүй байх шаардлагатай байна” гэж байлаа.

Үүний дараа УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-04-27 14:23  687