Цэс

Холбоо барих

Хөдөлмөрийн хуулийн төслийг танилцуулах уулзалт Чингэлтэй дүүрэгт боллоо

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр (2018.06.13) Чингэлтэй дүүрэгт боллоо.

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Б.Алимаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон Чингэлтэй дүүргийн ажил олгогч эзэд, хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.



Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн үгэндээ, 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хууль нь шилжилтийн үеийн хөдөлмөрийн харилцааг зохицуулахад өөрийн үүргээ хангалттай биелүүлж ирсэн хэдий ч зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөлд тавигдаж байгаа хөдөлмөрийн харилцааны шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн хамрах хүрээг өргөжүүлэх, хөдөлмөрийн зах зээл, хөдөлмөрийн харилцааны өнөөгийн байдал, олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэх шаардлагуудын улмаас уг хуулийг шинэчлэн найруулаад байна. Тийм учраас хот, хөдөөгүй уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж, талуудын байр суурийг тэнцвэртэй тусгаж чадсан, тогтвортой, чамбай хууль батлахыг зорьж байна гэв.

Хуулийн төслийн талаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа танилцуулга хийлээ. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад олон улсын хөдөлмөрийн суурь эрх болох эвлэлдэн нэгдэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн хөдөлмөрийг хязгаарлах, хөдөлмөрийн харилцаанд дарамтыг хориглох, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалтыг нарийвчлан оруулсан байна.

Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, бүтэн бус цагаар ажиллах, зайнаас ажиллах, жасаагаар ажиллах зэрэг харилцааны онцлог зохицуулалтыг тусгажээ. Мөн цалин хөлсний зохицуулалтын тухайд ажилтны цалин хөлсийг ур чадвар, мэргэшлийн зэрэгтэй нь уялдуулан олгох, мэргэшлийн зэргийг улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх тогтолцоог бий болгох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар дурдав.



Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хийсэн мэдээлэлдээ ажилтан хүний ур чадвар, чадамж, мэдлэг боловсрол, ажилд хандах хандлага, хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэл нь хөдөлмөрийн үнэлэмж байдаг шинэ тогтолцоог хуулиар тогтоох байр суурьтай байна гэсэн юм. Тэгвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг боловсруулах ажилд сүүлийн 9 жил идэвхтэй оролцож, нэлээд зүйлийг тусгуулж чадсан боловч, тодорхой саналууд дээр өнөөг болтол санал нэгдэж чадахгүй байгаагаа онцолж байлаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө нь Хэнтий аймагт зохион байгуулсан бол өнөөдөр нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл болгож, ийнхүү Чингэлтэйд зохион байгууллаа. 170 гаруй мянган иргэнтэй тус дүүргийн хувьд хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ажил хайгчаар бүртгэгдсэн буюу ажил идэвхтэй хайж байгаа 2000 гаруй иргэн байдаг байна.

Иргэн бүрийн ахуй амьдралд хамгийн чухал хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлыг зохицуулсан байдаг Хөдөлмөрийн тухай хуулийг өргөн хүрээнд ингэж хэлэлцүүлэх нь сайн хууль болоход тустай гээд энэ хэлэлцүүлэгт Чингэлтэй дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогч эзэд, ажилтан, идэвхтэй ажил хайж буй иргэдийн төлөөлөл болсон 120 гаруй хүн оролцлоо гэж тус дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн ярив.


Хэлэлцүүлэгт оролцогч талууд хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай батлуулж, хөдөлмөрийн салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь чухал гэдэгтэй санал нэг байлаа гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.








Хуваалцах:

Холбоотой мэдээлэл