УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.12.22/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийг хэлэлцсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Тэрбээр, УИХ-аас 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын 3 дахь заалтаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж, түүний дүрэм, гишүүдэд тавигдах шаардлага, томилох журмыг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг Төсвийн байнгын хороонд даалгасан билээ.
Төсвийн байнгын хороо “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасныг үндэслэн Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр нэгдсэн хуралдаанд танилцуулж байна гэлээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсөв болон түүний тодотголын төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төсөв, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэх, төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангасан эсэх, улсын төсөвт үзүүлэх нөлөөлөл, ачааллын талаар судалгаа, шинжилгээ хийж, дүгнэлт, зөвлөмж гаргах юм байна.
Зөвлөлийн хийх ажлын чиг үүрэг, дарга, гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг дүрмийн төсөлд тусгасан бөгөөд Зөвлөл нь Зөвлөлийн дарга, орон тооны бус найман гишүүнтэй, мөн ажлын албатай байх, алба нь хоёроос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх нь зүйтэй гэж Байнгын хороо үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Баделхан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд тогтоолын төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.6 хувь нь дэмжин тогтоолыг баталлаа.
Мөн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан.
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг Гаалийн болон НӨАТ-аас 2021 оны 01 дүгээр сарын нэгний өдрийг хүртэл чөлөөлөхөөр тусгасан дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи үзсэн байна.
Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баделхан асуулт асуусан. Тэрбээр, Баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч аваад их удаж байгаа. Гэтэл бидэнд дотооддоо эрчим хүчний үйлдвэр байгуулах боломж бий. Ховд гол дээр УЦС байгуулах хоёр ч төсөл боловсруулагдсан. Тодорхой шийдвэрүүд гарсан ч төслүүдийн аль нь ч хэрэгжиж эхлээгүй байгаа. Ховд голд хэд хэдэн УЦС барих боломжтой. Хүчтэй урсгалтай энэ голд 90 мгв хүчин чадалтай УЦС барих боломжтой бөгөөд ингэвэл дотоодоо эрчим хүчээр хангаад зогсохгүй гадагшаа экспортолно. Түүнчлэн эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт үзүүлэхдээ нийслэл, орон нутагт өөр хувь тогтоосон. Ингэж ялгаварлаж болох уу хэмээн тодруулсан.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Баруун бүсэд эрчим хүчний хэрэглээ цаашид өсөх тооцоо бий. Тиймээс хоёр УЦС-ыг барих ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. УЦС баригдсанаар эрчим хүчний бие даасан байлыг хангахад маш их үүрэг гүйцэтгэнэ. УЦС барихаар өмнө нь хийгдэж байсан ТЭЗҮ болоод бусад баримт бичгийг судлан үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна.
Эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн тухайд хэлэхэд, Улаанбаатар хотын захын гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь, орон нутгийн хэрэглэгчдийнхийг 50 хувиар хөнгөлж байгаа. Нийслэлийн хувьд хэт төвлөрсөн, түүнээс үүдээд агаарын бохирол гамшгийн хэмжээнд хүрээд байгаа. Мөн эх үүсвэрээсээ шалтгаалан ийм зохицуулалт хийж байна. Аймаг орон нутгийн эрчим хүчний хөнгөлөлтийг 100 хувь болговол эх үүсвэр маань хүрэлцэхгүй болно. Гэр хорооллын цахилгааны шөнийн хэрэглээг 100 хувь хөнгөлснөөр утаа буурахад бодитой нөлөө үзүүлж байгаа гэсэн хариултыг өгсөн.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөхийг дэмжиж байгаа. Бид нүүрсний, нарны болон салхины энергийн асар их нөөцтэй улс. УЦС барих асуудлыг мөн дэмжих ёстой юм. Ийм их нөөцтэй байж гаднаас цахилгаан авах явдлыг багасгахад онцгой анхаарах шаардлагатай. Хаана нөөц их байна, түүнийгээ ашиглах чиглэлээр Засгийн газар, салбарын сайд онцгойлон анхаарч ажиллах байх. Өөрсдийн хэрэгцээг хангаад зогсохгүй гадагш экспортлох боломж байгааг анхаараарай гэж хэлсэн.
Ингээд санал хураалт явуулахад дээрх хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай Байнгын хорооны санал олонхийн дэмжлэг авч хуулиуд батлагдлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.