ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт (2019.10.14-20)

  2019-10-21 08:56  297

ТОЙМ: Улсын Их Хурал – Энэ долоо хоногт

(2019.10.14-20)


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өгөв.

УИХ-ын даргын 2017 оны 212 дугаар захирамж, 2019 оны 81 дүгээр захирамжаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, УИХ болон Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын дарга өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээр орж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсож ажилласан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа зөрүүтэй мэдээллээс болж иргэд айдас, эргэлзээ, болгоомжлолтой байгаа нь ажиглагдсан. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал байгааг хэлсэн үгэндээ онцлов.

УИХ-ын гишүүдийг айл өрхүүдэд очиж танилцах үеэр ажиглагдсан нийтлэг асуудлуудын талаар гишүүд ярилаа. Тухайлбал, шөнөдөө -5-аас -15 хэм хүрч байхад агаарын бохирдол харьцангуй багассан. Сайжруулсан түлшийг зөв хэрэглэж чадвал утаанаас салах боломжтой юм байна. Түүхий нүүрсээ буцааж хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. Гэхдээ хамгийн чухал нь түлшний шуудайн дээр хэрхэн хэрэглэх танилцуулга зөвлөмжийг бичиж хүргэх, янданг хөөлөх, зууханд тохиргоо, засвар хийх зэрэгт анхаарах шаардлагатай байгаа аж. Гэртэй, төслийн зуухтай айлуудад хүндрэл харьцангуй бага, харин ханан пийшинд асалт муутай байгааг иргэд хэлсэн байна. Мөн сайжруулсан түлшний шуудайг ширхгийг нь 5000 төгрөгөөр худалдан авч, түүхий нүүрс савлаж худалдах зөрчил гарах хандлагатай байгааг ч иргэд дуулгажээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан энэ үеэр хийсэн мэдээлэлдээ, энэ сарын 03-наас 14-нийг хүртэлх хугацаанд 273 иргэн угаартаж, хордсон гэсэн дуудлагыг эрүүл мэндийн байгууллагад өгснөөс 120 нь хүүхэд, 173 нь том хүн байсан. Үүнээс насанд хүрсэн 22 хүн, 7 хүүхэд эмнэлэгт хэвтсэн, бусад нь гэрээр эмчилгээгээ хийлгэсэн. Одоогоор 7 хүний амь үрэгдсэнээс 2 нь хүүхэд байсан.

Иргэд нас барсан шалтгааныг нарийн тодорхойлж, дахин хүний амь нас эрсдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөгөөний дагуу шат дараалан хэрэгжүүлж байгаа. Тодруулбал, сайжруулсан түлшний хомсдол үүсгэхгүй байх, хэрэглээний заавар зөвлөмжийг иргэдэд өгөх, түгээлтийн цэгүүдийг нэмэгдүүлэх, түүхий нүүрсийг түлшээр солих асуудлыг шийдэх, сайжруулсан түлш худалдан авах чадваргүй зорилтот бүлгийн өрхийн асуудлыг шийдэх, угаарын хийнээс урьдчилан сэргийлэх дохиолол тавих, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэдэд үнэн бодит мэдээллийг хүргэх зэрэг ажлуудыг хийж байна гээд нийслэлийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар танилцуулав. Иргэд угаартсан байдалтайгаар эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаатай холбоотойгоор сайжруулсан түлшний дээжийг  БНХАУ, БНСУ, ОХУ, Япон Улсын химийн лабораториудад тус тус хүргүүлсэн бөгөөд эхнээсээ хүний эрүүл мэндэд хортой бодис илрээгүй дүгнэлт гараад байгааг мөн тодотголоо.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хийж буй ажлын талаар танилцуулав. Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гарсан. Цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа гээд цаашид хэрэглээ нэмэгдэх тул одоогийн тооцоогоор 23 тэрбум шаардлагатай байгааг УИХ анхааралдаа авахыг хүслээ.


Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгаа. Улаанбаатар хотын гэр хороололд нийт 202 мянган өрх бий. Гэрийн, байшингийн, зуухны стандарт жигд биш учраас нийтлэг арга хэмжээ авахад хүндрэлтэй. Олон улсын байгууллагаас нэгдсэн стандарттай болох шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн. Иргэд гэр, сууцны дулаалгаа сайн хийх хэрэгтэй. Сүүлийн үед дугуй, пластик материал түлэх байдал эрс буурсан гэлээ.

Мөн УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэлдээ, сайжруулсан түлш стандартын дагуу үйлдвэрлэгдэж байгаа. Айдас болгоомжлолоос болж найман айлын 2 нь түлшээ хэрэглэхгүй байгаа нь өнгөрсөн амралтын өдрүүдээр айлуудаар явахад ажиглагдсан. Иргэдийн дунд “хортой түлш” гэсэн ташаа мэдээлэл түгсэн байна. Сайжруулсан түлшинд хортой зүйл байхгүй гэдгийг хэлэв.


УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа “Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй” хэмээн онцлоод Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Үүнд:

-Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, зохих хяналтыг тавих чиг үүрэг бүхий улс төрөөс хараат бус төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн төлөөллийг оролцуулсан Ажлын алба байгуулж, ажиллуулах;

-Агаарын бохирдол болон сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх;

-Амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч, агаарын бохирдлыг хянах төхөөрөмжийн стандартыг хангах;

-Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх. Тухайлбал, судалгааны дүгнэлтэд тусгагдсан түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр нүүрсний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулах, цахилгаан зуух, халаалтыг дэмжих, орон сууцжуулах зэрэг урт хугацааны бодлогоо орхигдуулалгүй хэрэгжүүлэх;

-Дагуул хотыг бий болгох, хотыг дахин төлөвлөх асуудлыг хойшлуулалгүй шийдэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгав. Дээрх ажлуудад хяналт тавьж ажиллахыг Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахлагчтай Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт даалгаж, ирэх сард “Нээлттэй сонсгол” зохион байгуулахыг үүрэг болгов. 2019.10.14. http://www.parliament.mn/n/w9jo


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын (FATF) ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулах, эсэх асуудлыг хэлэлцэх гэж буйтай холбоотойгоор Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын болон Олон улсын байгууллагуудын зарим төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтаар үүссэн нөхцөл байдал болон Монгол Улсаас ФАТФ-ын шаардлагыг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар танилцуулж, дипломат төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. Уулзалтад АНУ, ХБНГУ, БНХАУ, Япон, Австрали, Франц Улс, Европын холбоо, Турк, БНСУ, Их Британи, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, Элчин сайдын хэргийг түр хамаарагч нар болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч оролцсон юм.  

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтад хүрэлцэн ирсэн Дипломат төлөөлөгчдийн газрын болон Олон улсын байгууллагын тэргүүн нарт талархал илэрхийлээд, Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын манайд тавьсан шаардлага, тэдгээрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан болон авсан арга хэмжээний талаар танилцуулж, энэ талаар ФАТФ-ын ерөнхийлөгч, ноён Сянмин Лью-д парламентын тэргүүний хувиар албан бичиг илгээснээ мэдээллээ. Түүнчлэн энэ сарын 15-нд Парис хотноо болох ФАТФ-ын ээлжит хурлаар Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулахгүй байх талаар холбогдох шугамаар хандаж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлэхийг тэдэнд хандаж хүссэн юм.


Тэрбээр ФАТФ-аас ирүүлсэн зөвлөмжийн 40 шалгуур үзүүлэлтээс Монгол Улс 36-гийнх нь шаардлагыг хангаж, 4 асуудлаар эргэж тайлагнах зөвлөмж хүлээн аваад байгаа бөгөөд хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, олон улсын байгууллагууд манай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаад мөнгөн гүйлгээ саатах зэрэг эрсдэл үүсэж, үр дүнд нь өсөн нэмэгдэж буй эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтоход хүрэх тул Монгол оронд өрнөсөн ардчилсан шинэтгэл, төр засгаас хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг байнга дэмжиж байдаг Та бүхний хүчин чармайлт, туслалцаа нэн чухал байна гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаар аравдугаар сарын 10-ны өдөр Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэлэлцэн баталснаас гадна өмнө нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай зэрэг хуулиудыг батлан хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Уулзалтад оролцсон Элчин сайд Траян Лауренцю Христеа (Европын Холбоо), Масато Такаока (Япон,) Дэйв Воусен (Австрали,), Ёорн Розенберг (ХБНГУ),  Филипп Мерлин (Франц), Майкл Клечески (АНУ) болон Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михнев нар “саарал жагсаалт”-д орохоос сэргийлэх, ФАТФ-ын шалгуур үзүүлэлтийг хангах талаар анхаарах асуудлууд, эрсдэлийг бууруулах арга замын талаар санал бодлоо хэлж, энэ асуудлаар Монгол Улсын хүчин чармайлтыг дэмжиж буйгаа илэрхийлэв. 2019.10.14.  http://www.parliament.mn/n/w5jo


Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа Төрийн худалдан авах ажиллагааны газрыг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах нь оновчтой хэмээн үзэж буйгаа илэрхийлээд энэ талаар зарчмын зөрүүтэй саналын томъёолол гаргав. Мөн  Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат шинээр байгуулах агентлагийг Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд оруулах гишүүний энэ саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Ингээд гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. 2019.10.15.  http://www.parliament.mn/n/idjo


Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо  Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

Манай улсын усны салбар 80 гаруй жилийн түүхэндээ устай холбоотой асуудлыг нэгдмэлээр хариуцан зохицуулах эрх бүхий Усны аж ахуйн яамтай, мөн 2005-2012 онд Усны агентлагтай байсан. Эдгээр бүтэц нь Монгол орны устай холбоотой асуудлыг хариуцан зохицуулах эрх бүхий бие даасан төрийн байгууллага хэлбэрээр ажиллаж, усны салбарын боловсон хүчнийг тодорхой чиглэлээр мэргэших, ажиллах, усны мэдээллийн цогц, найдвартай байдлыг хангах, судалгаа шинжилгээ, бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоог бүрдүүлж байсан гэдгийг салбарын  сайд илтгэлдээ дурдав. 

Иймд усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг сэргээн байгуулах болон Усны үндэсний хороог усны аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлогын зөвлөмж өгөх, мэдээлэл харилцан солилцох үүрэг бүхий Усны үндэсний зөвлөл болгохоор Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ. Дараа нь  Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 2019.10.15.   http://www.parliament.mn/n/i5jo


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтов.

Дараа нь Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. Энэ оны 06 дугаар сард Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн хамтаар Засгийн газраас дээрх төсөлтэй агуулга, үзэл баримтлалын хувьд ойролцоо хуулийн төслийг мөн өргөн мэдүүлсэн бол 10 дугаар сарын 01-ний өдөр Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өргөн мэдүүлсэн юм.


Зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл нь 3 зүйлээс бүрдэж байгаа бөгөөд хуулийн төслөөр олон нийтийн хэлэлцүүлэг хийх үед 1997 оны 02 дугаар сарын 01-нээс өмнө буюу нийгмийн даатгалын багц хуулийн төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө олон хүүхдийн болзлоор тэтгэвэрт гарсан, одоо тэтгэврийн хэмжээ нь улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байгаа иргэдээс санал гарсныг харгалзан хуулийн төсөлд хөнгөлөлттэй нөхцөл (4 төрөл)-өөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгасан болохыг төсөл санаачлагч танилцууллаа.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны 04 дүгээр сарын 01-ний байдлаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон, тэтгэвэр авч байгаа 21.2 мянган иргэний 85.8 хувь нь буюу 18.2 мянган нь эмэгтэйчүүд, 14.2 хувь буюу 3 орчим мянга нь эрэгтэйчүүд байдаг аж. Тэдгээрийн 80.2 хувь нь буюу 17 мянга нь улсын дундаж тэтгэвэр (374,8 мян.төг)-ээс доогуур буюу хэт бага тэтгэвэр авдаг байна. Иймээс эдгээр иргэдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд санаачилсныг Байнгын хороо дэмжлээ. 

Байнгын хорооны тогтоолоор Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраагаар, Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар тус тус ахлуулан байгуулахаар тогтов. 2019.10.15. http://www.parliament.mn/n/iujo


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын Байнгын болон Дэд хороодын дарга нар, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд, Байнгын хороодын Ажлын албаны ажилтнуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр “Энэ намрын чуулган ажил хэрэгч, хариуцлагатай чуулган болох ёстой. Цаана нь бүрэн эрхийн хугацааны нэг л чуулган үлдсэн. Хэлэлцэн шийдэх олон чухал асуудал биднийг хүлээж байна. Тиймээс УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг сайжруулах, хянан шалгах чиг үүргээ сайн хэрэгжүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь УИХ-ын нэр хүндийг сэргээхэд чухал ач холбогдолтой. Ойрын үед Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэж, Монгол Улсын 2020 оны төсвийг батлах нь бидний хуулиар хүлээсэн нэн чухал үүрэг болж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм, УИХ-ын стратеги төлөвлөгөөний төсөл бэлэн болсон. Хойшлуулалгүй хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Түүнчлэн УИХ-ын дотоод бүтцийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна” гэдгийг тэмдэглээд Байнгын хороо тус бүр хийх ажлаа нарийвчлан тооцож, эрэмбэлэх шаардлагатайг сануулаад хууль тогтоох, хянан шалгах чиглэлээр нээлттэй хэлэлцүүлэг, нийтийн сонсгол хийх сэдэв, хуулиудын талаар үүрэг чиглэл өгөв. 2019.10.15.  http://www.parliament.mn/n/i9jo


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хамтран зохион байгуулсан Гэр бүлийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын институтийн захирал М.Алтансүх “Монголын гэр бүлийн харилцааны хэв шинж, өөрчлөлт судалгаа” сэдвээр илтгэл тавив. Өнөөгийн гэр бүлийн бүтэц, хэв маягт дан гэр бүл буюу эхнэр, нөхөр, үр хүүхдийн хамт амьдардаг хэлбэр давамгайлж байгаа аж. Гэхдээ нийгмийн харилцаа, эдийн засгийн нөлөөллөөс үүдэлтэй нийлмэл гэр бүлийн бүтэц тодорхой хувийг бүрдүүлсэн хэвээр байгааг тэрээр илтгэлдээ дурдаад иймд гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, улмаар өрхийн орлого нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарал хандуулах нэн шаардлагатай байгаа гэв. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх олон талт ажлыг зохион байгуулахгүй бол оюуны хэрэгцээ буюу сурч хөгжих, үр хүүхдэдээ анхаарах нөхцөл бүрдэхгүй гэдгийг судалгааны дүн харуулж байгаа аж. Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн амьдралын сөрөг асуудлыг багасгахын тулд тэдний анхдагч хэрэгцээгээ хангахад төрөөс дэмжлэг үзүүлэх асуудал нэн тулгамдаж байгааг илтгэгч онцлов. 


Хуулийн төсөл болон илтгэлтэй холбогдуулан хэлэлцүүлгийн оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ Гэр бүлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан санал хэлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсан бөгөөд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдаг байна. Иймд хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа бодит асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаа аж. 2019.10.15. http://www.parliament.mn/n/ixjo


Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар илтгэлдээ дурдав.


Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжлээ. 

Энэ салбарт тулгамдаад байгаа хүндрэлтэй асуудлуудыг бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэх, хууль хэрэгжих явцад гарч буй хууль зүйн болон практикийн зөрчлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-ны менежментийг боловсронгуй болгох эрх зүйн орчинг сайжруулах замаар бодитой үр дүнтэй ажиллах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхээр тусгажээ. Сууц өмчлөгчдийн холбоог иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, оршин суугчидтай нягт уялдаа холбоотой, нээлттэй, ил тод ажиллах үүрэгтэй байгууллагынх нь хувьд эрх, үүргийг тодорхой болгон сууц өмчлөгч ба оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний эрх үүргийг дээшлүүлэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулж, эдгээрийн хоорондын ажлын харилцан уялдаа холбоог хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын талаарх харилцааг зохицуулахаар тусгасан байна. 2919.10.16.  http://www.parliament.mn/n/sdjo


Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо хуралдаж, Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн асуудлыг хэлэлцээд холбогдох гишүүд албан томилолттой байгаа учир уг асуудлыг хойшлуулахаар болов. Мөн Улсын Их Хурлын зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах тухай асуудлыг хэлэлцэв.

“Бид уучлахгүй хөдөлгөөн” төрийн бус байгууллагаас энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг дэд хороонд ирүүлсэн байна. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авсан болохыг дэд хорооны дарга гишүүдэд танилцуулав. Уг хүсэлтийг дэд хорооны хуралдаанаар хэлэлцээд нэр бүхий гишүүдээс холбогдох тайлбар, мэдээллийг авах, судалгаа хийх нь зүйтэй хэмээн үзээд энэ асуудлыг хариуцах гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнг томилов. 2019.10.16.  http://www.parliament.mn/n/sujo


Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Б.Баттөмөр, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Авлигатай тэмцэх газар, Төрийн орон сууцны корпорац, Нийслэлийн орон сууцны корпорац, Монгол Улсын Хөгжлийн банк, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Монголын ахмадын холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө Үндэсний зөвлөл, Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо, Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбоо, “Ээлтэй ертөнц” зэрэг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 

Хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллага, иргэд цахим бүртгэл учир дутагдалтай, шударга явагдсан эсэхэд эргэлзсэн, бөглөж байгаа асуумж нь тухайн иргэнийг бүрэн илэрхийлэх боломжгүй, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн квот хангалтгүй, шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэн эрэмбэлсэн нь тодорхойгүй байсан талаар асуулт асууж, өөрсдийн байр суурийг илэрхийлж байв. 



Мөн хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн нэг асуудал нь өмнөх “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд орон сууцаа өмчлөх эрхтэй болох боломжийн талаар болон түрээсийн орон сууцны чанар стандартыг асуудал байв. Улсын комисс барилгыг хүлээж авахдаа хариуцлагатай хандаж, стандартын шаардлагыг нарийн шалгах хэрэгтэйг албаны хүмүүс онцлов. Харин түрээсийн орон сууцаа худалдаж авах гэрээг нэг ч иргэн хийгээгүй байна. Түрээсийн гэрээнээс дамжуулаад худалдаж авах гэрээнд шилжсэн өдрөөс эхлэн 5 жилийн хугацаанд төлбөрөө хэрхэн төлөх асуудал яригдаж эхэлнэ гэдгийг “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ж.Хичээнгүй танилцууллаа. 

Иргэдийн зүгээс цаашид орон сууцжуулах асуудлыг зөвхөн төсвийн эх үүсвэрийг хүлээгээд суух биш нийгмийн даатгалын шимтгэлийн орон сууцны урьдчилгаа төлбөрт ашигладаг Сингапурын туршлагыг нэвтрүүлж, хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх саналыг гаргаж байсан юм. Өнгөрсөн 2018 оны байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь нь орон сууцанд, 57 хувь нь гэр хороололд амьдарч байгаа аж. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш нийт 700 гаруй иргэдээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт ирүүлжээ. 

“Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулсан байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэсэн зөвлөмж гаргаж, Засгийн газарт хүргүүлнэ. УИХ-аас түрээсийн орон сууцтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэллээ. 2019.10.16. http://www.parliament.mn/n/zdjo


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан УИХ-ын даргад өргөн барилаа.

-Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар Монгол Улс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцэд заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын зөвлөмжийн дагуу шинээр 53 зүйл, 200 орчим хэсэг, 60 гаруй заалт нэмжээ.

-Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Өнөөгийн байдлаар нийт 67 гишүүн орон энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 370 гаруй хөлөг онгоц бүртгэлтэй байгаа энэхүү конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардаж авах боломж бүрдэх аж. 2019.10.16. http://www.parliament.mn/n/z9jo


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дараа нь Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.  Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нар төслийн 1 дэх заалтын “Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний гэснийг “Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний" гэж, 2 дахь заалтын “2-21” гэснийг “3-22” гэж, 3 дахь заалтын “Ерөнхий сайдын” гэснийг “Шадар сайдын” гэж өөрчлөх санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв. 

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүлж, энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.


Тэрбээр, 2016 онд Засгийн газар байгуулагдах үед эдийн засгийн өсөлт 1.6 хувьд хүрч буурсан, төсвийн нэгдмэл байдал алдагдаж олон зэрэгцээ төсөвтэй болсон, төсвийн алдагдал ДНБ-ий 15.3 хувьд хүрсэн, Засгийн газрын өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээл, сорилтууд тулгараад байсан. Засгийн газар эдийн засгийг хүндрэлээс гаргахад нэн тэргүүнд анхаарч өмнө гарсан бодлогын алдааг засах, ард иргэд, аж ахуйн нэгж, улс орноо өрийн дарамтаас гаргах, ард иргэдийнхээ тогтвортой амьжиргаа, орлогыг нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлэн эрчимтэй, шуурхай ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7.2 хувиар өссөн бол 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 7-8 хувиар өсөх төлөвтэй байна. Өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг арилжааны банкуудаас авдаг байсныг зогсоож, өмнөх зээлүүдийг буцаан төлснөөр хувийн хэвшилд олгох зээл, хөрөнгө оруулалт нэмэгдэж, улсын төсөвт ирэх хүүгийн дарамтыг бууруулаад байна. Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн гэдгийг Ерөнхий сайд илтгэлдээ онцлов. 

Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгасан. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг дэмжих, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга, ил тод байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээг татварын шинэчлэлийн хүрээнд эхлүүлнэ. Тухайлбал, ипотекийн зээлээр анх удаа орон сууц худалдан авсан иргэдийн татварын хөнгөлөлт 2 дахин нэмэгдэх, мөн анх удаа ипотекийн зээлээр орон сууц авсан бол Засгийн газрын ипотекийн хөнгөлөлттэй зээлийн 8 хувийн хүүгийн түвшнээс илүү төлсөн хэмжээгээр татварын буцаан олгохоор төлөвлөж байгааг дурдлаа.

Төсвийн зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх зорилт нь ирэх оны төсвийн онцлог байх болно. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцсэн, иргэдийн хэрэгцээ, авьяас сонирхолд тохирсон мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд зохих хөшүүрэг хэрэгтэй байна. Мэргэжлийн боловсролын төвийг төгсөгчид ажлын байртай болох нь их, дээд сургууль төгсөгчдөөс илүү байгаа бөгөөд энэ хэрээр мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ Монгол Улсад өндөр байна. Иймд мэргэжлийн боловсролын сургалтын төвд суралцагчид 2019 оноос олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн тэтгэлгийг 2 дахин нэмэгдүүлж 200 мянган төгрөгт хүргэхээр төлөвлөсөн  гэдгийг Засгийн газрын тэргүүн танилцуулав.


Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгасныг дурдлаа.  

Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсруулжээ. 2019.10.17. http://www.parliament.mn/n/zxjo


УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Генетик нөөцийн тухай хуулийн төслүүдийг өргөн барив.

-Олон улсын болон эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудаас явуулсан удаа дараагийн судалгаа болон эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад тамхины хэрэглээний тархалт дорвитой буурахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллага үзсэн байна. Тухайлбал, судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 27.1 хувь буюу гуравны нэг, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёрны нэг нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд 5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 1.1 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 1.6 хувиар буурчээ. Мөн ЕБС-ийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна. Иймд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрх олгох талаарх зохицуулалтыг шинэчлэх үүднээс Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

-Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд зэх зээлийн хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дотооддоо үйлдвэрлэх боломжгүй, эсхүл үйлдвэрлэхэд өндөр өртөгтэй бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр авах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор 1975 онд Бангкокийн хэлэлцээрийг байгуулж, 2005 онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр болгож өөрчилсөн байна. Тус хэлэлцээрт Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка зэрэг 6 улс гишүүнээр нэгдээд байгаа аж.

Манай улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгажээ. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалт гарган 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7, экспортын 90, импортын 30 хувийг  Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна.  

-Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, биобэлдмэл, хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн нь байгалийн гаралтай буюу генетик нөөцөөс гарган авсан, эсвэл түүнээс санаа авч үйлдвэрлэсэн байдаг. Гэвч Монгол Улсын хувьд генетик нөөц, түүнтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашиглах талаарх зохицуулалт бүрдээгүй, биотехнологийн шинжлэх ухаан дорвитой хөгжөөгүйгээс генетик нөөцийг хангалттай хэмжээнд судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавхи бүрдээгүй зэргээс шалтгаалан хувь хүн, гадаад дотоодын хуулийн этгээд генетик нөөцийг зөвшөөрөл, хяналтгүйгээр цуглуулж ашигладаг, гадагш гаргадаг байдал үргэлжилсээр байна.

2012-2017 оны байдлаар Монгол Улсын хилээр амьтан, ургамал, бичил биетний гаралтай зүйлийг давхардсан код, нэрээр нийт 1450 удаа хилээр гаргах зөвшөөрөл олгожээ. Манай орны ургамал, амьтны ховордлын гол шалтгаан нь хууль бус ашиглалт, хүний болон байгалийн хүчин зүйлийн нөлөөтэй амьдрах орчны хомсдол доройтлоос үүдэлтэй юм. Иймээс Генетик нөөцийн тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөл нь  Монгол Улсын нутаг дэвсгэр дэх амьтан,  ургамал, бичил биетний гаралтай үнэ цэнэ бүхий генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт мэдлэгийг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, үр шимийг хүртэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэгджээ. 2919.19.17. http://www.parliament.mn/n/adjo


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төслийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ж.Батзандан, М.Оюунчимэг, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Л.Мөнхбаатар, Б.Пүрэвдорж нар хамтран санаачилжээ.

Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг анх 1996 онд баталжээ. Хуулийг хэрэгжүүлсэн хугацаанд бий болсон улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан уг хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн байна.

Хуулийн төсөлд ШУА-ийн эрх зүйн байдлыг тодотгож, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр томьёолох; ШУА-ийн эрх зүйн байдлыг хэт ерөнхий, оновчтой бус тодорхойлсон хуулийн агуулгыг тэлж, ШУА нь судалгаа хөгжүүлэлтийн ажил эрхлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, үндэсний соёл, хэл, түүх, угсаатны зүйн өв уламжлалыг судлах, хамгаалах зорилго бүхий шинжлэх ухааны төрийн төв байгууллага байх; чиг үүрэг нэмэгдэж буйтай холбогдуулан Академийн бүтцийн нэгжийг шинэчлэх; Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ШУА-ийн гишүүдэд академич хэргэм хүртээж буй зохицуулалтыг хуульчлах; Үндэсний түүх, хэл, соёл, угсаатны зүй, археологи, палеонтологийн эрдэм шинжилгээний музейг Академийн харьяанд ажиллуулж болох зэрэг зохицуулалтыг шинээр тусгажээ. 2019.10.17.   http://www.parliament.mn/n/a8jo


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан санал хэлж байр сууриа илэрхийллээ. 

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, АНУ, БНХАУ-ын хооронд болж буй худалдааны маргаан дэлхийн эдийн засгийн өсөлтөд ихээхэн эрсдэл учруулж байгаа, санхүүгийн зах зээлд хуримтлагдаад буй эмзэг байдал, БНХАУ-ын эдийн засгийн бууралт ирэх оны төсвийн жилийн гадаад эрсдэлд зүй ёсоор тооцогдож байгааг тайлбарлаж, ирэх оны төсвийн талаар гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Түүхий эдийн үнийн хэлбэлзэл, “саарал жагсаалт”-тай холбоотойгоор банкуудын активын эх үүсвэрийн шалгалт банкуудтай холбоотойгоор авах арга хэмжээнүүд, өвөлжилтийн нөхцөл байдал зэрэг дотоод эрсдлүүд бий тул нөхцөл байдлыг бодитоор үнэлсний үндсэн дээр тооцоо, судалгааг хийж төсвийн төслийг боловсруулсныг тэрбээр дурдлаа. Мөн хоёр их наяд төгрөгийн алдагдал нь тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал бөгөөд нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого гэдэг ялгаатай ойлголт гэдгийг тодотгоод тэнцвэржүүлсэн орлогод тогтворжуулалтын болон “Ирээдүй өв сан”-гийн орлого тооцогдоогүй болохыг хэллээ. Эдгээрийг тооцвол нэг их наяд төгрөгийн алдагдал гэж тооцож болох ч гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрүүд төсөвт орлого талд бүртгэлгүй, зөвхөн зардал хэмээн бүртгэгддэг учраас төсвийн алдагдал болж харагддаг гэлээ.


Ямар ч тохиолдолд төсвийн алдагдлыг өндөр хүүтэй арилжааны зээл, бонд гаргах хэлбэрээр нөхөхгүй гэдэг зарчмыг Сангийн яам баримталжээ. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг л улсын төсвөөс санхүүжүүлэх зарчим баримталж байгаагаа Сангийн сайд хэлсэн. 100 төгрөг зарцуулаад 48 төгрөг нь л эргэн төлөгдөж, үлдсэн 52 төгрөг нь алдагдал болдог сангууд руу хөрөнгө оруулах юм бол үр дүнгүй, улмаар эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг бууруулна хэмээн үзжээ. Төсвийн төслийг “ил тод, үр ашигтай, цахим” хэмээн тодотгон томъёолсон бөгөөд эдгээрийг хангах, хэрэгжүүлэх нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг тэрбээр хэлсэн юм. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.9.2-т “хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна” гэж заасан. Ингээд хуулийн дагуу Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх Байнгын хороо, намын бүлэг, зөвлөл, Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд шилжүүлэв. 2019.10.17.  http://www.parliament.mn/n/amjo


УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ "Бид уучлахгүй" хөдөлгөөнтэй хамтран сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс энэ оны 09 дүгээр сарын 24-ний өдөр УИХ-ын нэр бүхий зарим гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах хүсэлтийг Ёс зүйн дэд хороонд ирүүлжээ. Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүдээс холбогдох тайлбарыг бичгээр авч, дэд хорооны хурлаар хэлэлцэхээр болсон ч хоёр удаа ирц хүрээгүй, мөн өчигдөр гишүүдийн олонхын саналаар хэлэлцэхийг хойшлуулсан талаар Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэв.

“Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль, эрх зүйн орчны хүрээнд шийдэх шаардлагатай гэж үзэж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудад өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд уламжилж байгаагаа энэ үеэр танилцуулав. Тэд эдгээр хуулийн өөрчлөлтийг хийх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж, хариу авчээ.

УИХ-ын даргын 2019 оны 177 дугаар захирамжаар Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэгт "Бид уучлахгүй" хөдөлгөөний саналыг тусгуулахаар албан бичиг хүргүүлсэн гэсэн хариу өгсөн байна. 2019.10.17. http://www.parliament.mn/n/z8jo


УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга, Олон улсын парламентын холбооны (ОУПХ) Энх тайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Оюундарь, УИХ-ын гишүүн, ОУПХ-ны Ардчилал хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, ОУПХ-ны НҮБ-ын асуудлаарх байнгын хорооны Удирдах товчооны гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү нар Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хотноо 2019 оны 10 сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ОУПХ-ны 141 дүгээр Ассамблей болон салбар хуралдаануудад оролцлоо.

ОУПХ үүсэн байгуулагдсаны 130 жилийн ой тохиосон энэ удаагийн Ассамблей “Олон улсын эрх зүйг бэхжүүлэх нь: Парламентын үүрэг, арга механизм ба бүс нутгийн хамтын ажиллагаанд оруулж буй хувь нэмэр” ерөнхий сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг явуулж, холбогдох болон нэмэлт салбар хуралдаануудаар дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлжээ.  Ээлжит Ассамблейд дэлхийн 138 орны 1821 төлөөлөгч оролцсоны дотор парламентын дарга 65, дэд дарга 56, парламентын гишүүд 770, мөн олон улсын байгууллагууд болон ажиглагчдыг төлөөлсөн 34 улсын 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн иржээ.  2019.10.17. http://www.parliament.mn/n/3xjo


УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Үүнтэй холбогдуулан төслийг санаачилсан УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Д.Дамба-Очир уг хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсад жилд дунджаар 4400 хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ нь хүн амын тоотой харьцуулахад гамшгийн хэмжээнд хүрсэн тоо гэдгийг тодотгон хэлмээр байна. Тиймээс хорт хавдрыг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд биш аймаг, дүүргийн эмнэлгүүдэд оношлох шаардлагатай байгаа юм. Эхний ээлжид 21 аймаг, дүүргүүдийн эмнэлгүүдэд тоног төхөөрөмж суурилуулж, долоон төрлийн хорт хавдрыг эрт оношлох хууль, эрх зүйн нөхцөл ийнхүү бүрдэж байна. Иргэд бүтэн жилийн турш эрт илрүүлэг оношилгоонд хамрагдах боломжтой болно. Иргэд ихэвчлэн хорт хавдраа хожуу шатандаа оношлуулдаг. Бидний амьдралын хэвшил, хооллолт зэргээс үүдэлтэйгээр хорт хавдрын өвчлөл залуужсаар байгаа учраас эрт илрүүлэлтийг хийх зайлшгүй шаардлагатай. Хавдар нэг, хоёрдугаар шатандаа оношлогдвол эдгэх боломжтой байдаг. Хууль батлагдсантай холбоотойгоор 2020 оны улсын төсөвт 39.4 тэрбум төгрөг суулгаж байгаа. Эхний ээлжид тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг баталж, эрт илрүүлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдгийг тэрбээр хэллээ.

Уг хууль батлагдсанаар 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс иргэд элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүү, хөхний, уушиг, бүдүүн шулуун гэдэсний гэсэн долоон хорт хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжтой болох бөгөөд хэдэн насандаа ямар шинжилгээ, оношилгоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Тодруулбал, Хүн амын дундах өвчлөл, насны онцлогоос шалтгаалан 40, түүнээс дээш насныхан элэгний В, С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа; 40, түүнээс дээш насны иргэнийг ходоод улаан хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа; 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд 3 жилд нэг удаа; 50 болон түүнээс дээш насны иргэнийг уушигний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн,  шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа тус тус хамруулах юм байна. 2019.10.18. http://www.parliament.mn/n/a5jo


Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл (хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар)-ийг өргөн нэвтрүүлгийн телевизүүд, өдөр тутмын сонин, цахим сайтууд, олон нийтийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хураангүй хувилбартай http://www.parliament.mn/n/zmjo холбоосоор, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг инфографикаар тайлбарласан эхний хэсэгтэй http://www.parliament.mn/n/s5jo холбоосоор, хоёр дахь хэсэгтэй  http://www.parliament.mn/n/s9jo холбоосоор тус тус танилцах боломжтой.


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд  Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийэ баталлаа.  Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ. Түүнчлэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасны зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

Байнгын хороо хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, “Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” гэсэн төслийн 15 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэн өөрчлөн найруулж 15 дугаар зүйлийн 15.2-15.7 дахь хэсэг болгох, төслийн 53 дугаар зүйлийг хасахаар тогтов. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эцэслэн баталлаа.


Үргэлжлүүлэн Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлав. Түүнчлэн Засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны саналаар анхны хэлэлцүүлгээр нь эцэслэн батлав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, мөн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлэв. 2019.10.18.  http://www.parliament.mn/n/3djo


Улсын Их Хурлын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 16 минутад 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, энэ талаарх төсөл санаачлагчийн илтгэлийн Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулав.

Засгийн газраас газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий 100 хувь төрийн өмчит компани байгуулахыг 2017 оны 92 дугаар тогтоолоор холбогдох сайд нарт үүрэг болгосны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулагдсан. Уг компани нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг БНЭУ-ын Экспорт импортын банкны 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэн 2023 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Уг үйлдвэрт шаардлагатай төмөр зам, авто зам болон цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд бүрэн хийгдэж дууссан төдийгүй үйлдвэрийн технологийн хувьд унд, ахуйн усан хангамжийг шийдэж, үйлдвэрийн хэрэгцээнд зориулан нийт 405 га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байгаа. Төслийн менежментийн үйлчилгээний гэрээг БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанитай энэ оны 05 дугаар сард байгуулснаар үйлдвэрийн зураг төсөл боловсруулах болон дараагийн шатны ажлууд хийгдэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Иймээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор үүрэг болгосны дагуу Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтад шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, барилгын материалыг гаалийн татвараас хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 


Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт барих газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй, импортоор оруулах бараа материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхээр болов. Уг хуулийн төсөл батлагдсанаар газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 10 хувиар бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.

Түүнчлэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр “Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III” төслийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм.

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцуулсан юм. 


Улсын Их Хурлаас 2010 онд шинэчлэн найруулж баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 1 200 000-3 000 000 төгрөг” гэж заасан нь химийн хорт болон аюултай бодисыг бага хэмжээтэй импортолж, ашигладаг эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, лабораториуд худалдан авч байгаа бодисынхоо үнэнээс хэд дахин их тэмдэгтийн хураамж төлж байгаа нь химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар импортлох, нэг зөвшөөрлөөр аль болох их хэмжээтэй бодис авах сөрөг үр дагавар үүсэж байгаа аж. Иймээс аж ахуйн нэгж, байгууллагуудад үүсч буй дээрх хүндрэл бэрхшээлийг арилгах зорилгоор улсын тэмдэгтийн хураамжийн дээд доод хязгаарыг өөрчлөн “химийн хорт болон аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 50.000-20.000.000 төгрөг” болгохоор хуулийн төслийг боловсруулжээ. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн боловч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Байнгы хорооны саналыг дэмжээгүй тул хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдвэрлэв. 

Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. 2019.10.18.  http://www.parliament.mn/n/3mjo


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын ард түмэн 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг Бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулан тунхагласны 74 жилийн ойг тохиолдуулан МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооноос зохион байгуулсан “Тусгаар тогтнолын үнэ цэнэ” эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэлэв.

 “Бүрэн эрхт улсынхаа тусгаар тогтнолыг Монголын ард түмэн батлан илэрхийлсэн аравдугаар сарын 20 бол түүхэн өдөр. Түүх үнэнээрээ байх ёстой. Цагийн урсгалд бүдгэрч, мартагдах ёсгүй. Тухайн үед БНМАУ-ын иргэдийн 54 хувь нь л бичиг үсэг мэддэг байсан ч сонгуулийн насны 487 мянган иргэний 98.6 хувь нь тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн. Энэ түүхийг манай ахмад үеийнхэн бүтээсэн. Тусгаар тогтнол гэдэг бол юугаар ч сольшгүй үнэ цэнэ. Ардчилал, эрх чөлөөний маань үндэс суурь нь тусгаар тогтнол юм” гэдгийг Улсын Их Хурлын дарга энд хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд 74 жилийн өмнөх тусгаар тогтнолын санал асуулгын үр дүнг баталгаажуулж, Монгол Улсын тусгаар тогтнолын талаарх ямар нэгэн санал асуулга ирээдүйд явуулахыг хориглосон заалт оруулсныг онцлон дурдав. 


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бид өнгөрсөн түүхээ санаж, сургамж авч, өөрчлөгдөн шинэчлэгдэж, хөгжин дэвшиж байх учиртай. Энэ хэвээрээ байгаад байж болохгүй нь тодорхой байна. Тиймээс өнгөрсөн 27 жилийнхээ алдаа оноог дүгнэж, 10 гаруй жил ярилцаж мэтгэлцсэн ч шийдлээ олоогүй байсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдэх ёстой гэж бид үзсэн. Улс гэр нь хүчирхэг, хүн ард нь баян чинээлэг, эрүүл саруул, эрдэм боловсролтой улсыг цогцлоон бүтээхийн төлөөх түүхэн сонголтын өмнө бид ирээд байна. 

Үнэхээр монгол хүн бүр ажиллаж хөдөлмөрлөж, санаа нэгдэн зүтгэж байж л гэр орноо ч, улс орноо ч өөд нь татна. Монголчууд Үндсэн хуулийн болон нийт нийгмийн өөрчлөлт шинэчлэлт, зөв үйл хэргийн төлөө санаа сэтгэл нэгдэн зүтгэх хэрэгтэй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжээрэй гэж Та бүхэндээ хандан уриалж байна. Энэ бол 1945 оны аравдугаар сарын 20-ны тусгаар тогтнолын үйл хэргийн үргэлжлэл юм шүү” хэмээн хэлсэн үгийнхээ төгсгөлд онцлон тэмдэглэв. 2019.10.20. http://www.parliament.mn/n/35jo

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-10-19 16:17  297