Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2021.07.07) 17 цаг 28 минутад эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд дэд хорооны дарга Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73.7-т заасны дагуу “Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно” гэсэн тайлбар хийв.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах Улсын Их Хурлын гишүүн  байгаагүй тул тогтоолын төслийг батлах горимын санал гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71,4 хувийн саналаар дэмжигдэв.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасан байна. Үүнд,  

1. Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын тайлангийн дүнд үндэслэн аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах;

2. Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн засаглал, ил тод байдал, төсөв, санхүүгийн сахилга хариуцлагыг сайжруулах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн үйл ажиллагаанаас бусад чиглэлээр зарлага санхүүжилт гаргах харилцааг зохицуулах, ногдол ашиг төвлөрүүлэх бодлогыг боловсронгуй болгож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тухай хууль эрх зүйн орчныг шинэчлэх хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганд өргөн мэдүүлж танилцуулах;

3. Монгол Улсын Үндсэн хуулиар улсын төсөв батлах онцгой бүрэн эрхийг зөвхөн Улсын Их Хуралд ологосон байх тул төсвийн жилийн явцад шинээр бий болсон аливаа орлого, эх үүсвэр, зээл, хандив, тусламж, тэдгээрээр санхүүжүүлсэн үйл ажиллагааны зарлага нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх зарчмыг чанд баримтлан, төрөөс хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээг батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Улсын Их Хуралд холбогдох шийдвэрийн төслийг өргөн мэдүүлж, шийдвэрлэх замаар хууль тогтоомжид нийцүүлэх ажиллах;

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр найруулгын шинжтэй засвар оруулах санал гаргав. Үүнд, тогтоолын төслийн 2-т “Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганд өргөн мэдүүлж танилцуулах” гэдгийг “Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы өмнө өргөн мэдүүлж танилцуулах” гэж өөрчлөх, мөн тогтоолын төслийн 3-т “Төрийн өмчийн” гэж нэмэхийг дэд хорооны дарга дэмжиж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Ийнхүү Монгол Улсын 2020 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн тухай санал, дүгнэлтийг дэд хорооны дарга Б.Пүрэвдорж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов  гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл