Цэс

Холбоо барих

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    

   

     Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.04.28) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 07  минутад эхэлж, Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй нийт 80 саналын томьёоллоор санал хураалтыг үргэлжлүүллээ.

    Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр нараас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн 6 дугаар зүйлийн  6.1 дэх хэсгийн “яамны” гэснийг, 6.2 дахь хэсгийн “суудлын” гэсний дараах “жижиг” гэснийг хасаж, 6.2 дахь хэсгийн “аймгийн Засаг дарга” гэснийг “аймаг, нийслэл” гэж, мөн зүйлийн 6.5 дахь хэсгийн “байгууллагад” гэснийг “байгууллага, үйлчилгээ” гэж, 6.5.6 дахь заалтын “тусгай алба” гэснийг “тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын алба” гэж өөрчлөн, мөн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, мал эмнэлгийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, татварын алба, шүүх шинжилгээний алба, Хүний эрхийн Үндэсний комисс.” гэсэн агуулгатай “6.5.12, 6.5.13, 6.5.14, 6.5.15, 6.5.16, 6.5.17, 6.5.18, 6.5.19 дэх заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь  дэмжив.    

    Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын зүгээс гаргасан саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төслийн 13 дугаар зүйлд “Хөдөө аж ахуй, хүнс, импортыг орлох хөрөнгө оруулалтыг хасахгүй, санхүүжилтийг буруулахгүй.” гэсэн 13.9 дэх хэсэг нэмэхээр болсон.

    Харин уг хуулийн төслийн төрийн захиргааны байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хувьцаат компанийн дэд, орлогч даргын орон тооны хязгаарлалттай холбоотой 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсгийн талаарх Ажлын хэсгийн саналд хуралдаан даргалагчийн зүгээс гүйцээн боловсруулах чиглэл өглөө.  



    Түүнчлэн Ажлын хэсгээс Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “хүнсний ургамлын тос” гэснийг хасах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.2 хувь нь дэмжив. 

    Харин Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэснийг “2024 оны 12 дугаар сарын 31-ний” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингэснээр төслийн заалт хэвээр үлдлээ.

    “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийн 1 дэх заалтын 1 дэх дэд заалтыг хасаж, мөн заалтын 2 дахь дэд заалтыг “цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд тухайн хамран сургах тойргийн хүүхдэд ногдох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжүүлэх” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 68,6 хувь нь дэмжсэн.

    Мөн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хууль санаачлагчид нь буцаах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн  олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

    Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.



Төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

    Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

   Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор танилцуулсан.

    Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн байнгын хорооны 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгээс хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналууд гаргаж, нэг бүрчлэн санал хураалгаж шийдвэрлэсэн.  



    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурлын бүх Байнгын хороод болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гаргасан санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томьёоллын хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо хуралдаанаараа нэгтгэн хэлэлцсэн гэв.

   Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай бол мөн хэмжээгээр бууруулах зарчмыг баримтлан Засгийн газрын өргөн мэдүүлсэн түвшинд нь төсвийн орлого, зарлагын хэмжээг барьж дараах зүйлүүдийг төсөлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Үүнд:

1.Гадаад зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулах;

2.Хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан зарим төсөл, арга хэмжээ хооронд холбогдох зохицуулалт хийх;

3.Төрийн зарим байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулах боломжийг хангах үүднээс зарим санхүүжилтийг тусгах саналуудыг гаргасан гэдгийг Д.Өнөрболор гишүүн танилцуулгадаа онцоллоо. 

    Дараа нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн Төсвийн байнгын хорооны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн саналд хийсэн дүн шинжилгээний талаар УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу танилцуулсан.



    Тэрбээр танилцуулгадаа, төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад улсын төсвөөс санхүүжүүлэх төсвийн хөрөнгө оруулалтын 65 төсөл, арга хэмжээний 2022 онд санхүүжих дүнг 47,761.2 сая төгрөгөөр, Шүүхийн сахилгын хорооны урсгал зардлыг 425.5 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, төсвийн нийт зардлын хэмжээг 48,186.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал дэмжигдэж, санхүүжилтийн эх үүсвэрийг Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээс 16,400.2 сая төгрөгөөр, мөн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдалтай уялдуулан 32 төсөл, арга хэмжээний санхүүжих дүнг 31,786.5 сая төгрөгөөр тус тус бууруулах зохицуулалтын санал гарснаар Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6.а-д заасан зарчимд нийцэж, төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг хангасан байна гэв. 

    Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт саналыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1-29.3.4-т нийцүүлж, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан шалгуурыг хангасан бол олонхын дэмжлэг авсан 4,500.0 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 11 төсөл, арга хэмжээ нь нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээний хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах Төсвийн тухай хуулийн 29.3.5-д заасан зарчимд нийцээгүй байна. Дүгнэж үзэхэд, Төсвийн байнгын хорооны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан санал нь “Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлын дүнг нэмэгдүүлэхгүй байх гэсэн Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7.2 дахь заалтыг бүрэн, 70.7.3-т заасан шаардлагыг хэсэгчлэн хангасан байгааг танилцуулгадаа дурдав.



    Үргэлжлүүлэн Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. 

 Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх 5 үндэслэлийг маш тодорхой зааж өгсөн байдаг боловч энэ удаагийн тодотгол ямар заалтыг үндэслэж өргөн баригдсан нь бүрхэг байгааг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа дурдаад өргөн барьсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох төсвийн урсгал зардал ердөө 39.1 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо хийжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд энэ онд өргөн барьсан хоёр тодотголын нийлбэр дүнгээр 516.9 тэрбум төгрөгийн арга хэмжээ хасагдсан боловч төсөл арга хэмжээний нийт өртөг 6 их наяд 292.7 тэрбум төгрөгөөс 6 их наяд 90.4 тэрбум төгрөг болж ердөө 200 тэрбум төгрөгөөр л багассан гэв. 

     Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага ч энэ хэмжээнд буурч 17.9 их наяд төгрөг, харин нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнө батлагдсан түвшиндээ хэвээр байх тооцоо хийснээс харвал тодотголд ямар нэгэн дорвитой өөрчлөлт орсонгүй гэж байлаа. 

        

   Төсөв сангийн бодлогын уялдааг хангаж, мөнгөний нийлүүлэлт, их наядаар хэмжигдэх хөтөлбөрүүдээ аажмаар хумьж, ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, инфляцыг дунд хугацааны зорилтот түвшинд тогтворжуулах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн реформ хийх, нийгмийн халамжийг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон асуудлууд шил шилээ харан шийдлээ хүлээж байна. Цаашид Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай, түүхий эдийн үнийн уналтаас үл шалтгаалж тогтвортой өсөлтийг бий болгодог бүтцийн шинж чанартай реформыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэж  Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг үзэж байгааг  Д.Ганбат гишүүн танилцуулгадаа онцлон тэмдэглэв. 

    Ингээд Засгийн газраас  2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулахтай хамтатгах, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт дүнд өөрчлөлт оруулахгүйгээр, нэр, байршил, хүчин чадал өөрчлөх, бусад асуудалтай холбоотой Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 15 саналын томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулав. 

    Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл