Инфографик: “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” тогтоолын танилцуулга

  2022-03-31 08:10  169

Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит болон 2022 оны ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна. 


    Засгийн газраас 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

    Монгол Улсын Их Хурлын 2019 оны “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгой төслийн гадаадын хөрөнгө оруулагчтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчаас ирүүлсэн саналыг харгалзаж Монгол Улсын Засгийн газарт зургаан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг энэхүү тогтоолоор зөвшөөрсөн. Үүнд:

    1) Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь /Эрдэнэс Оюу Толгой ХХК/-д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес ЛТД-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хуримтлагдаад байгаа нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх;

    2) 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г хуульд нийцүүлэн цуцалж, хүчингүй болгох;

    3) Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтэд хөндлөнгийн аудит хийлгэх;

    4) Оюу толгой төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас жил хүртэлх нэмэлт зардлыг гадаадын хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж, Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх, Оюу Толгой ХХК-д хувьцаа эзэмшигчид болон гуравдагч этгээдээс нэмэлт зээлийн санхүүжилт авахгүй байх;

    5) Оюу Толгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, ус ашиглалт, байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах;

    6) Татварын актуудын биелэлтийг хангуулах, цаашид нэг мөр ойлгож дагаж мөрдөхийг хүлээн зөвшөөрүүлж, хэрэгжүүлэх зэрэг болно.

    Дээрх зургаан арга хэмжээ бүрэн хэрэгжиж дууссанаар Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолыг хэрэгжсэн гэж үзэхээр болсон.

    Энэ тогтоол батлагдсанаар Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах нөхцөл бүрдэж, Монгол Улсын төсөвт төвлөрөх орлого нэмэгдэх боломжтой болох юм. 


Улсын Их Хурлын Тамгын газар


  2022-03-31 10:49  169