Цэс

Холбоо барих

ТББХ: Үндсэн хуулийн цэцийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр (2018.10.03) 14 цаг 27 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.


Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. Уг хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан оролцсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтаар Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийг 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс товлон зарлаж, санал авах өдрийг мөн оны 10 дугаар сарын 7-ны өдрөөр тогтоосон бөгөөд уг тогтоолын 3 дахь заалтаар тогтоолын хэрэгжих хугацааг заасан.

Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 4 жил тутам явагдахаар цаг хугацааг нь тодорхой заасан бөгөөд иргэн хүн сонгуульд нэр дэвших эсэхээ эртнээс шийдэж, хуулиар тогтоосон шаардлагыг хангаж оролцох боломжтой байдаг. Харин энэ удаа нөхөн сонгууль зарлахад Сонгуулийн тухай хуульд нэгэнт товлон зарласан нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчдыг хэрхэн оролцуулах тухай зохицуулалт огт тусгагдаагүй хийдэл үүссэн байна.


Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан байх ба сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 31-ээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байна.”, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...  төрийн албанаас чөлөөлөгдөх өргөдлөө төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гаргана. ... Сонгуульд нэр дэвшихтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагч өргөдлөө гаргаагүй нь тухайн төрийн байгууллага түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.

Дээрх хуулиудын зохицуулалтаас үзэхэд ээлжит сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ албан хаагч нь “... сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...”, “... тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх хугацааг тодорхой заасан байна. Гэтэл нөхөн сонгуульд төрийн жинхэнэ албан хаагчид хэзээ, хэрхэн ажлаасаа чөлөөлөгдөн оролцох зохицуулалтыг орхигдуулснаас төрийн байгууллагад ажиллаж буй төрийн жинхэнэ албан хаагчид нөхөн сонгуульд оролцохын тулд одоо ажлаасаа чөлөөлөгдөхөд дээр дурдсан хугацааны шаардлагыг хангаж чадахгүй тул сонгуульд оролцох боломжгүй болж байгаа нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Иймээс Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа уг маргааныг хянан хэлэлцээд  Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.


Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй.

Иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагыг заахдаа “... Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж заасан бөгөөд “сонгуулийн жил” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. “Сонгуулийн жил” гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрлүүдтэй байх бөгөөд “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” гэж заажээ.

Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан дөрвөн жил тутам явагдах сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд 2016 онд явагдсан энэхүү сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтад заасан ээлжит сонгууль юм. Харин Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт товлон зарласан сонгууль нь Сонгуулийн тухай хуулийн мөн зүйлийн 8.1.3 дахь заалтад заасан нөхөн сонгууль. Эндээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт заасан “сонгуулийн жил” гэдэгт дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгох бөгөөд “сонгууль явуулах тухайн жил” гэсэн ойлголтыг агуулаагүй байгаа тул төрийн албанаас чөлөөлөгдөх шаардлагад заасан хугацаа нь Улсын Их Хурлын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхэд хамаарахгүй.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд 2018 оны 62 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд төрийн албан хаагчдын сонгуульд нэр дэвших харилцаатай холбоотой аливаа зохицуулалт байхгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчөөгүй болно” гэсэн өгсөн тайлбарыг цэцэд өгсөн гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр цаашдаа Сонгуулийн тухай хуулийг тус тусад нь салгаж бие даасан гурван хууль болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Маргаантай, тодорхой зохицуулалтгүй байгаа энэ мэтийн асуудлыг цэгцэлж хуулийн төсөлд тусгах үүднээс бусад орны жишгийг судалж лавлагаа гаргаад байна. Түүнчлэн хуулийн дээрх заалтыг хэрхэн өөрчилж зохицуулах талаар хэд хэдэн хувилбар гаргаж хуулийн төсөл бэлтгээд байгаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, эсвэл шинэ хуульдаа тусгах уу гэдгийг ажлын хэсэг дээр сайн ярилцаж нэг тийш нь болгоно, энэ асуудал нээлттэй байгаа гэдгийг нэмж тодотголоо.     


Цэцийн уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхтэй холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Үндсэн хуулийн цэцийн энэ дүгнэлт нь нэг хүний эрхийг хамгаалахын тулд Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойргийн 14 мянган сонгогчийн сонгох эрхийг зөрчсөн, өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж харж байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Төрийн албан хаагч нь төрд тангараг өргөсөн учраас жирийн иргэн жирийн албан хаагчтай адилгүй. Цаашид энэ асуудлыг нарийвчлан авч үзэж сонгуулийн хуульдаа тусгаж өгөх замаар төрийн албан хаагчдын улстөржилтийг зогсоох зайлшгүй шаадлагатай болсныг сүүлийн үеийн зарим үйл явдлууд харуулж байна. Иймээс цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Улсын Их Хурал энэ асуудал дээр хатуу зарчим барьж ажиллах ёстой гэлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Батзандан нар цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд ер нь цаашид төрийн албан хаагч улс төрд орох гэж байгаа бол энэ асуудлаа нэгмөсөн шийдээд тэр замаараа явдаг, харин төрд ажиллах хүсэлтэй бол өргөсөн тангарагтаа үнэнч байж чин шударгаар ажиллах зарчмыг Сонгуулийн тухай болон Төрийн албаны тухай хуульд суулгаж тов тодорхой болгож өгөх шаардлагатайг хэллээ.     

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв. Иймээс энэ талаарх санал, дүгнэлт болон Улсын Их Хурлын холбогдох тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл