Цэс

Холбоо барих

ТББХ: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” тогтоолын төслийг дэмжлээ


    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.19) цахим хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүнээс 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Нөхөн олговор олгох тухай хуулийн төсөлд Засгийн газар дэмжихгүй санал өгсөн учир хэлэлцэх асуудлыг хойшлуулах" зарчмын зөрүүтэй санал гаргасны  зэрэгцээ уг өргөн мэдүүлсэн төсөл нь Төсвийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай зөрчилдөж байгааг анхаарна уу гэсэн байлаа. Иймд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх асуудлыг дарааллаас хуулийн төслийг хойшлуулах  зарчмын зөрүүтэй саналыг дэмжлээ. 

    Мөн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.     Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын 2021 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Байнгын хороодоос нийт 265 хууль, тогтоолын төслийн санал ирүүлсэн тул Байнгын хорооноос холбогдох хууль тогтоолын төсөлд нийцүүлэн ангилах, эцэслэх шаардлага үүссэн хэмээн тайлбарласан.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-н байхаар тусгажээ

    Хуралдаан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. 


    Тогтоолын төслийн талаар Байгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. 

    “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны 06 дугаар сарын 09-н байхаар тусгажээ. 

    Түүнчлэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхийг тус тус зөвшөөрөхөөр”  тусгасан байв. Ингээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар тус тус дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтүүдийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон. 


Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ

     Дараа нь “Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах талаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Баттөмөр, О.Цогтгэрэл, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2020 оны 12 сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд таван чиглэлээр ажилласан байна. Энэ талаарх санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Тэрбээр танилцуулгадаа, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг нэг мөр ойлгож, хэрэгжүүлэх асуудлын хүрээнд хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлснээс хойш нэг мөр ойлгон хэрэгжүүлэх явдал яам, агентлагын түвшинд хангалтгүй байгаа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн удаа дараагийн хууль, тогтоолын төсөл, Ажлын хэсгийн ажиллах хугацаандаа зохион байгуулсан Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хийсэн цахим хэлэлцүүлэг болон яамдын сайд нартай хийсэн цахим хэлэлцүүлгийн үр дүнгээс харагдаж байна. Түүнчлэн Улсын Их Хурлын бүтцийн нэгжид яамдаас танилцуулж буй хөтөлбөрийн төсөл, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй тогтоолын төслөөс үзэхэд яамд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн шинээр бүрдсэн эрх зүйн орчноо мэдэхгүй байх, хуулийн хугацаатай баримт бичгийг өргөн мэдүүлэхгүй байх, хуучин хууль, эрх зүйн орчны хүрээнд баримт бичгээ боловсруулах зэрэг алдаа дутагдлууд гарсаар байгаа тул хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудлаар гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, яам, агентлагууд хуулиа уншиж судлан нэг мөр хэрэгжүүлж хэвших шаардлага тулгамдаж байгааг тодотгов. 


    Мөн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг, 8 дугаар сарын 23 дугаар тогтоолоор “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг, 24 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг тус тус баталсан. Гэвч, эдгээр баримт бичигт туссан зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн төсөл, аргаа хэмжээг ямар бүтэцтэй, хэрхэн уялдуулж боловсруулах талаар салбар болон орон нутагт нэгдсэн ойлголт муутай байна. Иймд, Засгийн газраас 2019 оны 4 дүгээрсараас Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Ухаалаг засаглал” төслийн хүрээнд эхлүүлсэн “Төрийн энтерпрайз архитектур болон өгөгдөл солилцооны нэгдсэн тогтолцоо” төслийн явцыг эрчимжүүлж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн урт, дунд, богино хугацааны зорилго, зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийн уялдаа холбоог хангах загварчлалын нэгдсэн систем, зураглалыг бий болгож, шаардлагатай арга зүй, аргачлал, гарын авлага, программ хангамжаар холбогдох байгууллагуудыг ханган, үйл ажиллагаанд нь хэвшүүлэх, тус ажлын явц, үр дүнгийн талаар Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай байгааг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов. 

   2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд шаардагдах дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон богино хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг нэгтгэх, өөрчлөх, шинэчлэх ажлыг Засгийн газар болон үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нэн яаралтай эхлүүлж, Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд ажлын явцыг тайлагнах нь зүйтэй гэж үзэж байгааг дурдав.


    Түүнчлэн, “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санд байгаа мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж, мэдээллээ ангилан бүлэглэх замаар урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг шинэчлэн баталсан хуульд нийцүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн хэмжээнд шинээр батлагдсан бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн бүртгэл хөтлөх, түүнд үндэслэн хүлээгдэж буй бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн уялдааг хангах болон Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулах болон эс зохицуулах баримт бичгийн хүрээ хязгаарыг нарийвчлан тогтоож, явц, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах шаардлагатай байгааг танилцуулгад дурдлаа.

    Мөн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийн танилцуулгад, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн институтийн статус, зохион байгуулалт, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулж, түүний бүрдэл болох дэд тогтолцоо, дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргаж, энэхүү тогтолцооны дотоод үйл ажиллагааг хангах хүчин зүйлсийг оновчтой тодорхойлохын зэрэгцээ төрийн, улс төрийн, төсөв, санхүүгийн бусад тогтолцоотой хэрхэн уялдуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг тодорхойлох талаарх бүрэн зураглалыг гарган, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг Засгийн газарт даалгах нь зүйтэй гэж үзэж байна. Улмаар хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хамрах хүрээг маргаангүй тогтоох, тодруулбал хөгжлийн үйл ажиллагаанаас ангид байгууллагын дотоод хөтөлбөр, төлөвлөгөө болон улсын үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлоготой холбоотой зарим тодорхой асуудал нь хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зохицуулалтад хамрах эсэхийг тодорхойлох шаардлага ч үүсэж байгааг дурдсан.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Амарсайхан, Ж.Ганбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэллээ. 


Гишүүдийн зүгээс тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Үндэсний хөгжлийн газраас “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, ашиглах журам” батлаад хэрэгжүүлээгүй байхад дараагийн тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагатай эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт, Монгол төр өөрийн хөгжлийн бодлоготой, тэр нь тогтвортой, залгамж чанартай, урт дунд богино хугацааны зорилтуудтайгаа уялдаатай байх ёстой талаар 2010 оноос хойш ярьж байна. Нааштай ахиц дэвшил байгаа ч санаанд хүрсэн үр дүн гарахгүй байгаа тул УИХ-аас Ажлын хэсэг байгуулан ажиллаж, тогтоолын төслийг боловсруулсныг хариултдаа онцлов. Түүнчлэн тэрбээр, тогтоолын төсөл батлагдсанаар салбарын яам байгуулагдана. Өмнө Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд Хөгжлийн төлөвлөлт, эдийн засгийн яам байгуулагдахаар тусгасан ч хасагдсан байсан. Бидний гол зорилго үр дүн гаргах, хууль биелүүлдэг болтол нь шахаж  ажиллана гэдгийг тодотгов. Ингээд  уг тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулав. 


    Монгол Улс Үндсэн Хуульдаа “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээн заасан бөгөөд энэхүү заалтыг үндэслэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа нь бие даасан, нээлттэй, ил тод байх зарчмыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг 2020 оны 5 дугаар сард шинэчлэн найруулан батлан дагаж мөрдөж байгаа билээ. Уг хуулиудаар Улсын Их Хурлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэх үе шат өөрчлөгдөж, байнгын хороодын тоо нэмэгдсэн. Улсын Их Хурал дахь аливаа намын бүлэг цөөхөн гишүүдтэй тохиолдолд уг бүлгийн бодлогоо боловсруулахад нь зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын албаны ажлын чанар, гүйцэтгэлд илтэд нөлөөлж байна. Улсын Их Хурлаар чанартай, зөрчил, хийдэлгүй хууль тогтоомж батлахад намын бүлгийн ажлын алба гол үүрэг гүйцэтгэдэг тул ажлын албыг чиг үүргийн хувьд хүрэлцэхүйц тооны ажилтантай байлгах шаардлагатай зүй ёсоор үүсэж байна. 

    Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудын хэрэгжилтийг бүрэн хангахын тулд намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын орон тооны доод хязгаарыг хуулиар тогтоож өгснөөр бүлгүүдийн тэнцвэртэй ажиллах, Улсын Их Хурлын гишүүд мэргэжил арга зүй, зохион байгуулалтын дэмжлэг, туслалцаагаа бүрэн авах, үйл ажиллагаанд нь саад учрахгүй байх нөхцөл бүрдэх юм. Өргөн барьсан хуулийн төслөөр Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн ажлын албаны ажилтны орон тооны доод хязгаарыг тогтоох талаар болон хууль үйлчилж эхлэх хугацааг зохицуулсан болно. Хуулиар ажлын албаны ажилтны тоо тухайн бүлгийн гишүүдийн тооны хоёрны нэгтэй тэнцүү байх нь учир дутагдалтай байна. Жишээ нь 8 гишүүнтэй бүлэг байгуулагдахад ажлын алба нь 4 ажилтантай байх ба ажлын албаны даргаас гадна 3 ажилтантайгаар УИХ-аар хэлэлцэж буй хууль тогтоомжийг судлах, санал дүгнэлт боловсруулах, бүлэг бодлогоо тодорхойлоход нь дэмжлэг үзүүлж ажиллах боломжгүй тул өнгөрсөн хугацаанд нэмэлтээр санхүүгийн асуудал бүрдүүлж гэрээгээр ажилтан нэмж авах замаар чиг үүргээ хэрэгжүүлж ирсэн байна. УИХ дахь намын бүлэг олонх ч бай цөөнх ч бай ардчилсан парламентийн тогтолцооны хувьд хууль тогтоох байгууллагын бүтцийн нэгж атал өнөөдрийг хүртэл хууль эрх зүйн орчны хүрээнд шийдэл хийгдэлгүйгээр албан бусаар санхүүжилт шийдвэрлэн чиг үүргээ гүйцэтгэх боломж бүрдүүлсээр иржээ. Тэгэхээр нэгэнт бүлэг байгуулагдсан бол ажилтны тооны доод хязгаарыг хуулиар зааж өгвөл бүлэг ажиллах нөхцөл боломжоор бодитоор хангагдана гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга танилцуулгадаа онцолсон.


    

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ хуулийн төсөлд туссан “Бүлгийн ажлын албаны ажилтны тоо арван хоёроос доошгүй байна” гэдгийг нягталж, тооны хязгаарын асуудлыг эргэн ярилцах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлэв.

    Ингээд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл