Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар 12 дугаар сарын 30-ны өдөр нийтийн сонсгол зохион байгуулна
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.12.15) хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталж, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
“Нийтийн сонсголын тов тогтоох, нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцүүлгээр хуралдаан эхэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын нийт 37 гишүүнээс Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн Жагсаал цуглаан хийх тухай журмын хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах саналтай холбогдуулан “Нийтийн сонсголын тов тогтоох”, “Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төслүүдийг боловсруулсан байна. Төслүүдийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, 25 дугаар 25.6 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах нийтийн сонсголыг 2021 оны арван хоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар холбогдох Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. “Нийтийн сонсгол даргалагч, ажиглагчийн тоог тогтоох тухай” байнгын хорооны тогтоолын төсөлд ажиглагчийн тоо 10 хүртэл байхаар, нийтийн сонсголыг даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томилохоор тусгасан байна.
Төслүүдийн талаарх танилцуулгуудтай холбогдон Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлж, санал гаргасан боловч нийтийн сонсголыг зохион байгуулах товыг өөрчлөх горимын санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд дээрх тогтоолуудыг батлах санал хураалтыг тус бүрд нь явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний олонх дэмжиж баталлаа.
ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоолоо
Дараа нь “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, С.Бямбацогт дарга энэ талаар танилцуулсан юм.
Улсын Их Хурлаас 2021 онд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд тус хуулиар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүнтэй байхаар болсон. Үүгээр тус Комисс орон тооны зургаан гишүүнтэй байхаар болсон бөгөөд сонгон шалгаруулалтыг зохион байгуулах шаардлага үүссэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос холбогдох шийдвэрийг гаргаж 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд зарласан байна. Энэ хугацаанд нэр дэвших хүсэлт ирээгүй, иймд материал хүлээн авах хугацааг дахин 15 өдрөөр сунгасан гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулав. Энэ хугацаанд хоёр хүн материалаа ирүүлсэн боловч нэг нь нэрээ татаж, хоёр дахь оролцогч өөр ажилд томилогдсон тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг дахин тогтоох шаардлага үүссэн гэлээ. Төсөлд, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 12.4 дэх хэсгийг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, нэр дэвшигчийн хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хүлээн авахаар тусгажээ.
Байнгын хорооны дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, Байнгын хорооны дарга С.Бямбацогт холбогдох тайлбар, мэдээллийг өгсөн юм. Дараа нь Байнгын хорооны “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах товыг тогтоох тухай” тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэн юм.
Үргэлжлүүлэн “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон гишүүд уг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлэх, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх дэмжсэнээр “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.
Засгийн газраас 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Байнгын хорооны 2021 оны 24 дүгээр тогтоолоор хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Л.Мөнхбаатар, Н.Учрал нар ажилласан байна.
Ажлын хэсэг 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр, 12 дугаар сарын 10, 14-ны өдрүүдэд хуралдаж, хуулийн төсөлтэй холбогдуулан гарсан дараах саналуудыг хэлэлцжээ.
Нутгийн захиргааны бүх шатны байгууллага иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулан ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн, хадгалалтын аюулгүй байдал, хэвийн ажиллах нөхцөл, боломжийг байнгын бүрдүүлж, арчлан хамгаалах, шаардагдах зардлыг хариуцах бөгөөд энэхүү чиг үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болох талаар саналыг хэлэлцсэн байна. Мөн хуулийн төсөлд туссан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах болон Салбарын зөвлөлийг жилд хоёроос доошгүй удаа хуралдах зохицуулалтыг хасаж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа буюу “улиралд нэгээс доошгүй удаа” хуралдах зохицуулалтыг хэвээр үлдээх нь зүйтэй хэмээн үзжээ. Түүнчлэн төслийн нэр томьёог Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хуулийн нэр томьёотой нийцүүлэх зэрэг асуудлыг тусгасан гэв.
Ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч болон ажлын дэд хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл, тодруулга авсан юм.
Дараа нь төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд ажлын хэсгээс бэлтгэн ирүүлсэн болон хуралдааны явцад гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, зүйл бүрээр нь хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ийнхүү хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.