Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (2019.03.06) үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 18-ны Даваа гарагийн 10.00 цагаас нээхээр болов.
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцүүлэгт эцэслэн бэлтгэх үүднээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын, Аюулгүй байдал, гадаад бодлогын, Хууль зүйн, Төсвийн, Эдийн засгийн байнгын хороодыг ирэх долоо хоногт хуралдуулахаар шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай захирамж гаргах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.