Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-04-26 18:04 Уншсан: 173

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр (2017.04.26) үдээс хойш Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан даргалан хуралдуулав.


Хуралдаанд Байнгын хорооны Ажлын хэсэг болон Ажлын дэд хэсгийн гишүүд, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав, мөн анхдугаар зөвлөлдөх санал асуулгын баримт бичиг боловсруулах Ажлын дэд хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн асан Н.Батбаяр, М.Батчимэг нар оролцов.

Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан хуралдааны эхэнд хэлэхдээ, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах гэж байгаа анхдугаар санал асуулгад манай иргэд ихээхэн ач холбогдол өгч, өндөр идэвхтэй оролцож байгаа нь санал асуулгын эхний шатны түүврийн судалгааны явцаас харагдаж байна. Зөвлөлдөх санал асуулгын эхний шатны түүврийн судалгаанд оролцогчдоос орон нутгаас санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 360, нийслэлийн дүүрэг, хорооноос сонгогдсон 370 хүн хоёр дахь шатны санал асуулгад оролцох төлөвтэй байна гэдгийг хэллээ.

Ажлын хэсгийн хуралдаанаар Монгол Улсы асуулгын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын эхний шатны түүврийн судалгааны байдал, зөвлөлдөх санал асуулгын бэлтгэл ажлын талаар Ажлын дэд хэсгүүд болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний статистикийн хорооны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонсож, санал солилцов.


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх анхдугаар зөвлөлдөх санал асуулгын эхний шатны түүврийн судалгаанд Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороог төлөөлөх 1570 өрх хамрагдаж, тэдгээр өрх тус бүрээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон насанд хүрсэн нэг хүнээс санал асуулгыг авчээ. Тэднээс санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 785 хүнд хоёр дахь шатны санал асуулгад оролцох урилга хүргүүлсэн байна. Орон нутгаас анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийн Улаанбаатар хотод ирэх, буцах болон зочид буудлын зардал зэргийг хуулийн дагуу улсын төсвөөс гаргаж байгаа юм. Баян-Өлгий, Увс аймгаас анхдугаар зөвлөлдөх санал асуулгад оролцохоор сонгогдсон иргэд өнөөдөр нийслэл рүү хөдөлсөн байна.


Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ж.Батзандан, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, Б.Батзориг, Ажлын дэд хэсгийн гишүүн М.Батчимэг нар Ажлын дэд хэсгийн гишүүд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар гишүүдийн асуултад нэмэлт хариулт, тайлбар өгөв.

Ажлын хэсгийн хуралдаанаас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын бэлтгэлийг сайтар хангах, санал асуулгын зорилго, арга зүйн талаар олон нийтэд зөв ойлголт, мэдээлэл өгөх, санал асуулгад оролцогчдын унаа, орон байр, аюулгүй байдалд анхаарах, сэдвийн хэлэлцүүлэг болон нэгдсэн хуралдааны заал танхимын хуваарийг нарийвчлан гаргаж зохицуулах талаар Ажлын дэд хэсгүүд болон холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэл өглөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.     


Үүсгэсэн: 2017-04-26 18:04

Хуралдааны тов