“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2014 оны 1 дэх дугаарын тойм

  2014-01-03 00:00  385
Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв. Эдгээр тогтоолоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь тус тус буцаахаар тогтжээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар, Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан зарим шүүгчийг албан тушаалаас чөлөөлж, зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалд томилсон байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлэгдсэн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолоор, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Нэгдсэн төв лабораторийг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори болгон өөрчлөн зохион байгуулжээ. Мөн Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам, Эрсдэлийн үнэлгээний багийн ажиллах журмыг тус тус баталсан байна.

Энэ тогтоолоор Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид тавигдах шаардлага, үйл ажиллагааны төрөл, чиг үүрэг, эрх, үүрэг, удирдлагын тогтолцоо, санхүүжилт зэрэг асуудлыг журамласан байна. Түүнээс гадна Эрсдэлийн үнэлгээний багийг хэрхэн байгуулах, ажлын удирдамж нь ямар байх, үнэлгээний тайлан гаргах, хариуцлагыг хэрхэн тооцох зэрэг асуудлыг журамлажээ.

Эмхэтгэлийн энэ оны анхны дугаарт, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

2014 оны 01 дүгээр сарын 3

  2016-09-22 08:18  385