Цэс

Холбоо барих

Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ дахь АН-ын бүлэгт 16 цаг хүртэл завсарлага өглөө

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.22) нэгдсэн хуралдаан 10 цаг 05 минутад 56 гишүүний ирцтэйгээр цахимаар эхэлж,  Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дээрх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго танилцуулсан юм.


    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд оролцсон байна. Дунд суудлын тус хуралдаанаар Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ.

    Маргааныг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна хэмээн дүгнэлт гаргасан байна.


    Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг; мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван есдүгээр зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчөөгүй байна хэмээн дүгнэлт гаргасан байна.

    Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “... 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...”; мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, ... уугуул ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны дөрөв дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлсүгэй хэмээн шийдвэрлэжээ.

    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нар танилцуулав.

    Хууль зүйн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх дүгнэлтийг хэлэлцээд, Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдпэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн  шийдвэрлэсэн байна.


    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлд заасан журмын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дүгнэлтийг хэлэлцсэн болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан. Ингээд тус Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдпэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт, Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал онцолж, байр сууриа илэрхийлсэн бол “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2025 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр эхнээсээ төсөлдөө тусгаад, хэлэлцэж эхэлсэн гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн санууллаа. Дээрх заалтын хэрэгжих хугацаатай холбоотой энэхүү зохицуулалт хэлэлцүүлгийн явцад  хасагдсан, үүнээс үүдэн өнөөдрийн нөхцөл байдал үүсээд буйг тэрбээр тэмдэглээд Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан гишүүн Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй үйл явцын талаар үг хэлж, Хууль зүйн байнгын хорооны дарга болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нараас хариулт, тайлбар авлаа. Үндсэн хуулийн цэц, Зэвсэгт хүчний жанжин штаб, шүүх гэх зэрэг төрийн байгууллагууд улс төрөөс ангид, хараат бусаар, хууль дээдлэх зарчмыг баримтлан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах ёстой гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн илэрхийлээд, шаардлагатай бол Улсын Их Хурал эрх зүйн зохицуулалтыг хийж, бие даасан, хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах бололцоог нь хангаж өгөх ёстой гэв. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ж.Батсуурь, Г.Дамдинням, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар, Ш.Адьшаа, Х.Булгантуяа, А.Адъяасүрэн, Т.Доржханд, Ч.Хүрэлбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлж байлаа. Хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах хүсэлтээ илэрхийлсэн. Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтоох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь зохицуулалтын дагуу өнөөдрийн (2021.04.22) 16 цаг хүртэл завсарлага өгөхөөр шийдвэрлэж буйгаа Улсын Их Хурлын дарга мэдэгдлээ.


    Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтын дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиудын Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай эцсийн найруулгыг Г.Занданшатар дарга Улсын Их Хуралд танилцуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” гэж заасны дагуу энэ долоо хоногт Засгийн газраас Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн болохыг танилцууллаа.


Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав.

    Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан байна.


    Байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав.

    Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, зохиогчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зорилгоор зохиогч өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах эд хөрөнгийн онцгой эрх эдлэх эрхтэй байх, бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч нь тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байх, гэрэл зургийн уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх, бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашигласан бүтээлийн ашигласан хэсгийн хэмжээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх, Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл байх зэрэг зарчмын зөрүүтэй 28 санал болон найруулгын шинжтэй 3 саналыг ажлын хэсгээс гаргасныг Хууль зүйн байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн гэлээ. Түүнчлэн ажлын хэсгээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Оюуны өмчийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 4 санал боловсруулсныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийн 14 дүгээр зүйлд заасан зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааг арван хоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох, зохиогчийн эрхийг түрээслүүлэх гэдэгт “эзэмших” бус “ашиглах” эрхийг тодорхой хугацаагаар бусдад шилжүүлэхийг ойлгоно гэж, түүнчлэн ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдлэх зохицуулалтыг нэмэх гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, зохиогчийн эрх зөрчигчид хүлээлгэх хариуцлага, цахим орчинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төсөлд тусгасан талаарх асуултад Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт өгсөн. Төслийн 23 дугаар зүйл буюу Мэдээллийн сангийн зохиогчийн эрхийн талаарх зохицуулалт бий гэдгийг тэрбээр хэллээ. Түүнчлэн Зохиогчийн эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар хариуцлага ногдуулах зохицуулалттай болохыг тодруулан тайлбарлалаа. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь оюуны өмч, зохиогчийн эрхийн зөрчлийн талаарх Ч.Ундрам гишүүний асуултад Ц.Мөнхцэцэг гишүүн хариулт өгсөн. Хэн нэгний бүтээл, судалгааг оюуны өмчийн болон зохиогчийн эрхийн зөрчилтэй хэмээн сургууль, эрдэм шинжилгээний байгууллага үзсэн тохиолдолд Оюуны өмчийн газар болон хамтын удирдлагын байгууллагуудад хандан магадлуулах зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Төслийн “Зохиогчийн эрхийг хязгаарлах” гэсэн 38 дугаар зүйлд олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах; эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, шүүмж бичих зорилгоор бүтээлийг хэсэгчлэн ашиглах; хараагүй, сонсголгүй, харааны, эсхүл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан ашиглах; архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах; хувийн хэрэгцээнд зориулан бүтээлийг хэсэгчлэн ашиглах; бүтээлээс эшлэл авах; олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор бүтээлийг ашиглах; эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дотоод хэрэгцээнд зориулан хуулбарлах тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийн зөрчилд тооцохгүй байхаар тусгасан гэв. Дээрх зорилгоор буюу бүтээлийн зүй ёсны ашиглалтыг нь зөрчихгүйгээр, зохиогчийн эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүйгээр ашиглах тохиолдолд бүтээлийн зохиогч, эх сурвалжийг заавал дурдах; ашиг олох зорилгогүй байх; бүтээл ашиглалт нь шударга ашиглалттай нийцэж, ашигласан цар хүрээ нь зорилгоосоо хэтрэхгүй байх; зах зээлд сөргөөр нөлөөлөөгүй байх нөхцөлийг хангах зохицуулалттай байгаа гэв. Г.Мөнхцэцэг гишүүний асуултад хариулт өгөхдөө “Зохиогчийн эрхийг хангах, бүтээлийн үнэ цэнийг хадгалах зорилготой зохицуулалтыг төсөлд тусгасан. Тухайлбал, бүтээлийг дамжуулан худалдах тохиолдолд олсон ашгаас зохих хувийг зохиогчид олгох асуудлыг төслийн 35.3-т “Энэ зүйлийн 35.2-т заасан зохиогч болон зохиогчийн эрх эзэмшигч нь тодорхой болсны дараа бүтээлийг төлбөртэй ашиглуулсан бол оюуны өмчийн байгууллага зохиогч болон эрх эзэмшигчид төлбөрийн зохих хувийг нөхөж олгоно” гэж томьёолон тусгасан. Уран зураг, баримал худалдан авсан этгээд дахин худалдаж байгаа тохиолдолд худалдсан үнийн 5-аас багагүй хувийг тухайн бүтээлийн зохиогчид төлөх юм. Нөгөөтэйгүүр, олон талын оролцоотой бүтдэг кино, жүжиг гэх зэрэг бүтээлийн зохиогчийн эрхтэй холбоотой зохицуулалтыг тодорхойлсон” гэв.


    Ийнхүү Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Тухайлбал, “Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа” гэсэн төслийн 14 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 60.6 хувь нь дэмжсэн. Ингэснээр тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан, эсхүл нийтэлсэн өдрөөс эхлэн тооцохоор төсөлд тусгахаар болсон. Мөн зохиогчийн амины эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаалахаар, зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд тусгахаар боллоо. Харин зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байхаар, хамтын бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байх зохицуулалтыг төсөлд нэмэх юм. Албан үүргийн дагуу бүтээл туурвих, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлснээс хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байж, хэрэв бүтээлийг туурвиснаас хойш 30 жилийн хугацаанд нийтлээгүй бол бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл туурвиснаас хойш 50 дахь жилийн арван хоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна хэмээн өөрчлөн найруулах нь зүйтэй хэмээн Улсын Их Хурлын гишүүд дэмжсэн.

    Зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулснаар төсөлд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, түүнчлэн зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй байхаар; ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээлийн зохиогчийн эрхийг үүсмэл бүтээл туурвисан зохиогч эдлэх зохицуулалтууд тусахаар боллоо.


    Төслийн 28 дугаар зүйлийн 28.2.2 дахь заалтын “(үүнд тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй)” гэснийг хасаж, мөн зүйлд “Тайлбар: Энэ хуулийн 28.2.2-т заасан “дамжуулах" гэдэгт тоглогч уран бүтээлчийн зөвшөөрлөөр түүний тоглолтын бичлэгийг өргөн нэвтрүүлэх, эсхүл нийтэд дамжуулах, тоглолтыг анх шууд өргөн нэвтрүүлсэн өргөн нэвтрүүлгийн байгууллагын зөвшөөрлөөр нэгэн зэрэг дамжуулах хамаарахгүй.” гэж нэмэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 67 гишүүний олонх нь  дэмжсэн. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулж шийдвэрлэсний дараа Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлснээр үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл