УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.28) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 56 минутад эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн хоёр асуудлыг танилцуулахад УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва санал хэлэв. Тэрбээр, өнөөгийн нөхцөлд алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээг бууруулсан хугацааг үргэлжлүүлэн сунгахтай холбоотой хуулийн төсөл буюу Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зохимжгүй хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хариулахдаа, хуулийн төслөөр зөвхөн хугацаа сунгах асуудлыг хэлэлцэх бөгөөд салбарын сайд нь хуралдаанд оролцохгүй тохиолдолд төслийн хэлэлцүүлгийг хойшлуулахаа мэдэгдэв.
Ингээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцсэн юм. Засгийн газар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд 50 сая еврогийн “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийг байгуулахаар төслийг хамтран боловсруулаад байгаа аж. Уг зээлийн нөхцөл нь жилийн 0.78-1.9 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 7 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь хоёр жил юм байна. Зээлийн хүүгийн хувьд УИХ-аас зөвшөөрөл авч, хэлэлцээрийг батлагдах үеийн хувь хэмжээнээс хамаарч тогтоохоор байгааг хэлэв. ОУВС-ийн аргачлалаар энэхүү зээлийн хөнгөлөлтийн түвшин 17.42 хувь бөгөөд Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулиар хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байгааг дэд сайд Х.Булгантуяа танилцуулсан. Дээрх хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг хоёр улсын Засгийн газар тохиролцох бөгөөд эхний ээлжинд ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Беларусь Улс хотын тээврийн асуудлаа амжилттай шийдсэн туршлагатай учир энэ чиглэлд хамтран ажиллах бололцоо бий эсэхийг лавласан. Зээлийн ерөнхий хэлэлцээр батлагдсаны дараа салбарын яамдтай ярилцан, санал авч Засгийн газраар хэлэлцүүлсний эцэст УИХ-ын харьяалах Байнгын хороодоор төслүүд нь тухай бүртээ хэлэлцүүлэгддэг талаар дэд сайд тайлбарлаад “Өнгөрсөн хугацаанд ОБЕГ Польш Улсаас тодорхой тооны тоног төхөөрөмж авсан. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн анги шинээр байгуулагдсан бөгөөд энэ салбарын тоног төхөөрөмжийг шинэчлэх хэрэгцээ шаардлага бий” гэв. Нийтийн тээврийн чиглэлээр нийслэлийн удирдлагын зүгээс тусгайлан анхаарч ажиллах нь зохистой бөгөөд Польш Улс нийтийн тээврийн салбарт хамтран ажиллах зорилгоор зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх бололцоотой гэдгээ мэдэгдээд байгаа гэлээ. Беларусь Улсын хувьд “Маз” маркын техник хэрэгслийг нийлүүлэх сонирхолтой байгаа бөгөөд энэ нь манай ОБЕГ болон хөдөө аж ахуйн салбарт ашиглах бололцоотой байдаг аж. Түүнчлэн хэлэлцээрийн төслийг боловсруулах явцад оролцсон нийслэлийн төлөөлөл Улаанбаатар дахь хуучны орон сууцнууд Беларусь Улсад үйлдвэрлэсэн цахилгаан шат хэрэглэдэг бөгөөд эдгээрийг шинэчлэх шаардлага үүсэн тул дээрх хэлэлцээрийн хүрээнд энэ чиглэлээр хамтран ажиллаж болно гэдэг санал гаргасан болохыг Байнгын хорооны гишүүдэд дуулгав. Нийслэл дэх авто замын түгжрэлийн гол шалтгаан нь нийтийн тээврийг хүртээмжгүй байдалтай холбоотой гэдгийг Д.Тэрбишдагва гишүүн дурдаад сургуулийн автобусыг шийдэх шаардлага бий гэдгийг энэ дашрамд онцолсон. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, эдийн засгийн өсөлт бий болдог, ажлын байр бий болгодог салбаруудад зээл тусламжийг төвлөрүүлэн чиглүүлэх нь чухал гэдгийг хэлж байв. ОБЕГ-т тоног төхөөрөмжийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай, үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарт техник худалдаж авах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Монгол Улсын хувьд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд жимс жимсгэний аж ахуйг хөгжүүлэх иргэдийн сонирхолыг дэмжих, төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай гэв. Зээлийн зарцуулалтыг хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан гэх зэрэг ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, орлоготой болгох салбаруудад зарцуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.
Сангийн яам иргэдийг ажилтай, орлоготой байх чиглэлээр бодлогын үйл ажиллагаа явуулахгүй байгааг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ шүүмжилж, зээл тусламжийн хөрөнгө оруулалтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэдийг ажлын байртай орлоготой болгох, орон нутагт ажлын байр бий болгоход түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа. Байнгын хорооны дарга Д.Дамба-очир хөнгөлөлттэй зээлийн хугацааг 28-30 жил болгох зэргээр зээлийн нөхцөлийг сайжруулах чиглэлээр дахин яриа хэлцэл хийхийг зөвлөлөө. Мөн УИХ-аас баталсан зээлийн хэлэлцээрийг Сангийн яам дахин төлөвлөж, хуваарилалт хийдэг байдалд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Мөн зээлийн зарцуулалтын талаар дээрх гишүүдтэй санал нэг байгаагаа хэлсэн юм.
Ийнхүү хэлэлцүүлгийн явцад Байнгын хорооны дарга Д.Дамба-очир “Засгийн газрын асуудал яригдаж буйтай холбоотойгоор гишүүд Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй байна. Хуралдаанд оролцож байсан гишүүд хэлэлцүүлгийн явцад хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй хэмээн мэдэгдэж байна. Ирц хүрэхгүй байна. Иймд хэлэлцэж буй асуудлыг хойшлуулах нь зүйтэй” гэв. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд эзгүй байгаа учир Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх боломжгүй болсон учир Байнгын хорооны хуралдааныг хойшлуулахаар шийдвэрлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.