“Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл” чуулган хоёр өдөр үргэлжилж (2019.01.16) өнөөдөр өндөрлөлөө.
Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон чуулганаас гарах зөвлөмжийн төсөлд тусгагдсан асуудлуудыг зүйл бүрээр нь хэлэлцэж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Төлөөлөгчдийн хувьд хуулийн төслөөс хот тосгоны асуудлыг хасах, бүх шатны Засаг дарга нарт тавигдах шаардлагыг Төрийн албан шинэ хуультай нийцүүлэх, ялангуяа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн боловсролд шалгуур тавьж, төрийн үйлчилгээний албанд ажиллагсдаас төлөөллийг оролцуулдаг болох, хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдвал 2024 оноос хэрэгжихээр заасан хугацааг наашлуулах саналуудыг гаргаж байлаа. Мөн аймаг бүрт хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийх, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын тоотой уялдуулах, бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд намаас нэр дэвшүүлдгийг өөрчилж, намууд мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг байх гэсэн саналуудыг гаргаж байлаа. Төлөөлөгчдийн зүгээс чуулганаар зөвлөмж гаргаад орхилгүй, цаашдаа хуулийн төсөл батлагдтал анхаарал тавьж ажиллахыг анхааруулж байв.
Чуулганы төлөөлөгчдөөс гаргасан зарчмын саналуудыг тусган 16 зүйлтэй зөвлөмжийг баталж, Улсын Их Хурлын Ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр тогтсон.
Уг зөвлөмжид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга нь нутгийн удирдлагын тогтолцоог шинэчлэн тогтоож, үндсэн хуульчилагдсан органик хуулийн хувьд тогтвортой мөрдөгдөх, удаан настай тулгуур хууль байх, салбарын хуулийг дагаж өөрчлөгдөх бус харин салбарын хууль нь энэ хуульд нийцэж гарах, өөрчлөгддөг байх зарчмыг хадгалах, орон нутагт иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээ шуурхай, чанартай, тогтвортой, тасралтгүй байх харилцааг төлөвшүүлэхэд төрийн чиг үүргийг шат шатандаа давхардалгүй, оновчтой, ялгавартай байх чиглэлийг тогтоохоор тусгажээ. Мөн орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх энэхүү төрийн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд төсөв, санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид тодорхой чиг үүргийг хуулиар хүлээлгэх бол шаардлагатай төсөв, санхүүжилтийг хамтад нь шийддэг байх, хэрэв санхүүгийн асуудал нь шийдэгдээгүй бол тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг үүсэхгүй байхад анхаарах, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг улс төрөөс ангид байх зарчмыг тогтоох, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвшигчийг томилогдох хүнд сумын Засаг даргад тавьдаг шалгуурыг нэгэн адил тогтоох, аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас чөлөөлөх, огцруулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх зохицуулалтыг хуульд тусгах, ажлын албатай байх тухай зохицуулалтыг хийх зэрэг асуудлуудыг тусгасан байв.
Чуулганыг хааж УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт хэлсэн үгэндээ, чуулганы үйл ажиллагаанд бүтээлчээр, идэвхтэй оролцсон төлөөлөгчид, зохион байгуулсан УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийнхөнд талархал илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.