Цэс

Холбоо барих

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.07/ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужаг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд ноён Винод Ахужа УИХ-ын дарга Г.Занданшатарыг цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлэхийн сацуу Монгол Улсын Их Хурлын даргын албанд томилогдсонд нь баяр хүргэв. Тэрээр суурин төлөөлөгчөөр томилогдоод 6 сар болж байгаа хэдий ч Баянхонгор, Дорнод, Хөвсгөл зэрэг аймгуудаар аялах завшаан гарсан. Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай олон жилийн турш сайн хамтын ажиллагаатай ирсэн боловч Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар 8 сарын өмнө нээгдсэн, энэ хугацаанд байгалийн нөөц, ойн аж ахуй болон бэлчээрийн тогтвортой менежмент гэсэн гурван салбарт гол анхаарлаа хандуулж, цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, юуны өмнө Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс Монгол Улс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гишүүнчлэл болсноос хойш тус байгууллага хүнс, хөдөө аж ахуй болон байгалийн нөөцийн чиглэлээрх үндэсний хөгжлийн бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр, Улсын Их Хурал үндэсний хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарал хандуулж ажилласаар ирсэн боловч эдүгээ малын өвчлөлтэй тэмцэх нь үндэсний хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх чиглэл болоод байна. Олон улсын эрчимжсэн фермерийн аж ахуйтай харьцуулахад бид бэлчээрийн мал аж ахуйг түлхүү эрхэлдэг учир Эрсдлийн дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналтын олон улсын стандартыг хангахад бэрхшээл учирдаг. Иймд бид БНХАУ-ын Эксим банкны хөнгөлттэй зээлээр мах боловсруулах 5 үйлдвэр барьж эхлээд байна, ингэснээр экспортын бүтээгдэхүүний чанар болон стандартыг хангана гэж үзэж байна гэв.

Талууд уулзалтын үеэр малын эрүүл мэнд, хүлэмжийн аж ахуй, тэмээний сүү боловсруулалт зэрэг бусад асуудлаар санал солилцож, төгсгөлд нь УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Аргентин Улсын Буэнос Айрес хотноо энэ оны гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болох НҮБ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны Дээд түвшний хоёрдугаар бага хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид оролцох гэж буйг дуулгав гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл