Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцлээ

  2017-01-25 15:41  409

Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.25/ хуралдаан 09 цаг 30 минутад гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм.

Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав. 

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Улсын Их Хурлын 2015 оны 104 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хэрэгжилтийг хангах зорилгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал нь мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглэсэн гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл нь 7 бүлэг, 36 зүйлтэй ажээ. Хуулийн төслийн зорилгыг Монгол Улсын нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, худалдааны чөлөөт байдлыг дэмжихтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна гэж тодорхойлжээ.

Тус хуулийн төслийг мал эмнэлгийн салбарын эрдэмтэд, томилогдсон ажлын хэсэг боловсруулж салбарын эрдэмтэд, холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийг оролцуулан дөрвөн удаа хэлэлцүүлж, яамны цахим хуудсанд байршуулж олон нийтийн саналыг авч тусгасан байна.

Энэхүү хуулийг баталснаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн худалдааны байгууллага болон бусад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, мал, амьтны болон нийтийн эрүүл мэндийг хамгаалах бодлого, чиглэл, стратеги, үйл ажиллагааг тодорхойлсон эрх зүйн таатай орчин бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Түүнчлэн мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгон, захиргааны, мэргэжлийн, санхүүгийн удирдлагын уялдаа холбоог сайжруулах замаар мал, амьтны халдварт өвчний дэгдэлтээс эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх бэлэн байдлын чадавхи сайжрах болно. Мөн мал, сүргийнхээ эрүүл мэндийн байдлыг хянан баталгаажуулж, эрүүл тайван байдлаа хадгалах, хөрш зэргэлдээ орнуудаас тавьсан түр хоригийг цуцлуулах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чөлөөт худалдаа хийх нөхцөл бүрдэнэ гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулгадаа онцолсон юм.


Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Тэрибшдагва, Л.Элдэв-Очир, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав, Б.Саранчимэг, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн олонхи нь мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд гэрийн тэжээвэр амьтан, зэрлэг амьтан багтаж байгаа эсэх, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины чанар хүртээмжийн асуудал хэр хүрэлцээтэй байгаа, малын туулга угаалгын зардлыг хуульд хэрхэн тусгасан талаар илүүтэй сонирхож байв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Энэхүү хуулийн төсөлд мал, амьтан гэдэгт гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтдын эрүүл мэндийг асуудлыг багтааж, асуудлыг өргөн хүрээнд хамруулсан. Мал эмнэлгийн байгууллагын мэргэжлийн босоо удирдлагын тогтолцоог бий болгож сум, багт мэргэжлийн хүмүүсийг ажиллуулсанаар мал эмнэлэгийн үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг сайжруулна гэж үзэж байгаа. Вакцины асуудал хүндрэлтэй байгаа. Бид олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн давхар давхар хяналт дор вакциныг шинжлүүлсэн. Харин хуулийн төсөлд малын гоц халдварт өвчин дэгдсэн зайлшгүй нөхцөл байдлыг үед төсвөөс хөрөнгө гаргаж ажиллахаар тусгагдсан. Тиймээс бусад үед малчид малдаа угаалга, туулга хийхэд өөрсдөөсөө хөрөнгө гаргахаар хуульд тусгагдсан гэж хариулж байлаа.

Ингээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулахаар болов.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Үргэлжлүүлэн Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн танилцуулав.

Салбарын сайд танилцуулгадаа Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний 1.3.78.4-д заасны дагуу тус яамнаас одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн зохицуулалтыг салгаж, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусган Малын генетик нөөцийн тухай болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан гэж дурдлаа.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийнсудалгааны тайланд үржилд ашиглаж буй хээлтүүлэгчийн 40,0 орчим хувь нь стандартын шаардлагад нийцэхгүй, үржлийн ажил үйлчилгээг хэрэгжүүлэх тогтолцоо алдагдсан, мэргэжлийн үйлчилгээг үзүүлэх чадавхи хангалтгүй байгаа талаар дүгнэжээ. Баталгаажсан үүлдэр, омог, хэвшлийн мал жилээс жилд цөөрч, улмаар зарим үүлдэр, үржлийн хэсгийн мал устах аюулд хүрчээ.

1926 оноос хойших хугацаанд Монголын нийт мал сүргийн 22,0 орчим хувийг бод мал эзэлдэг байсан бол 2004 оноос хойш огцом буурсаар 2015 онд 13,0 хувьд хүрсэн байна. Үүнтэй уялдаад дотоод, гадаадын зах зээлд эрэлт ихтэй бодын мах, түүний дайвар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн нөөц төдий хэмжээгээр багасч, мах, сүүний импорт өсч, гадаад зах зээл рүү ихээхэн хэмжээний валют урсгасаар байна. Гаалийн мэдээгээр 2015 онд 45,3 сая долларын, 2016 онд 53,3 сая ам. долларын үнэ бүхий мал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Дээрх нөхцөл байдал нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн зарим харилцааны эрх зүйн орчинг тодорхой болгон хуульчлах, шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.

Монгол мал нь эх газрын эрс тэс уур амьсгалын хатуу ширүүнд дасан зохицож байгалийн шалгарлыг мянга мянган жилээр даван туулж ирсэн, өвөрмөц шинж чанартай, биологийн болон генетик нөөцийн хувьд дахин давтагдашгүй, үнэ цэнэтэй үндэсний генетик нөөц юм. Иймд малын генетик нөөцийн талаар баримтлаж буй дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, үзэл баримтлалын өөрчлөлт, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдан Монгол Улсын олон улсын гэрээ конвенци, бусад хууль тогтоомжид нийцүүлэн Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн малын удмын санг хамгаалахтай холбоотой зохицуулж байсан харилцааны хамрах хүрээг өргөтгөж нэрийг нь өөрчлөн тодорхойлж бие даасан хуулиар зохицуулахаар хуулийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Малын генетик нөөцийн тухай хуулийг баталснаар малын генетик нөөцөд суурилан хүн амаа малын гаралтай хүнсээр тогтвортой хангах, үндэсний боловсруулах үйлдвэрт чанартай түүхий эд нийлүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэл дэх ажлын байрыг тогтвортой хадгалах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах боломж бүрдэнэ. Түүнчлэн бүс нутгийн онцлогт тохирсон малын үүлдэрлэг байдлыг бататган сайжруулах, судлан хөгжүүлэх, шинээр үүлдэр, омог бий болгох, нутагшуулах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих, харь зүйлийн тархалтаас сэргийлэх, энэ чиглэлийн мэргэжлийн ажил, үйлчилгээний тогтолцоог тодорхой болгох ажээ.

Уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, А.Сүхбат, Ц.Гарамжав нар асуулт асууж, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Гишүүдийн зүгээс хуулийн төслийн үг хэллэг ойлгомжгүй, найруулга муутай, гадаад нэршил их орсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ монгол малын цөм сүргийн өнөөгийн байдал, шинээр ямар үүлдэр угсаатай малыг гарган авч байгаа болон шинжлэх ухааны байгууллагын оролцоог хэр тусгаж байгаа талаар тодруулж байсан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Монгол Улын шилмэл үүлдэр, цөм сүргийн талаар судлагаа хийсэн. Судлагааны эцсийн дүн гараагүй байна. Өнөөгийн байдлаар цөм сүргийн тоо толгой буурсан, улсын гэдэг утгаараа жирийн малчны малаас дор шахуу арчилгаа маллагаатай байгаа. Цөм сүргийн тоо толгойд холио сэлгээ хийсэн явдал байгаа. Яамны зүгээс Малын удмын сангийн үндэсний төвийн байр мөдхөн ашиглалтад орохоор техник технологийг нь суурилуулаад тэнд монгол малын удам угшил, үржлийн асуудлыг зангидан нэгдсэн бодлогоор хангаж ажиллахаар зэхээд байна.

Мөн хуульд монгол малыг уугуул хэлбэрээр хадгалах, гадаадаас тодорхой үүлдэр угсааны малыг оруулж ирэн, тодорхой газар байршуулан өсгөж нутагшуулах, судлах, тэдгээрийн ашиг шимийг нэмэгдүүлэх, малын тэжээллэг, арчилгаа, маллагааны технологид болон малын генетик нөөцийн экспорт, импортын үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллах тогтолцоог тодорхой болгохоор зорьж ажиллаж байна гэж хариуллаа.

Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нь хэлэлцэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжив. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулахаар болов.

УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэв

Үүний дараа Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол танилцууллаа.

Салбарын сайд танилцуулгадаа Монгол Улсын Ерөнхийлөгч үндэстний өв соёлыг хадгалж хамгаалах, сурталчилан таниулах үүднээс 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж Дэлхийн өвд бүртгүүлэх тухай зарлиг гаргасан. Уг зарлигийг хэрэгжүүлж, холбогдох ажиллагаануудыг хийж гүйцэтгэснээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулганы 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн өвийг хэлэлцэн баталж, Дэлхийн соёлын өвд бүртгэсэн гэдгийг онцлов.

Энэхүү газар нутаг нь Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгийн зарим хэсгийг хамран, нийт 415012 га талбайг эзлэн оршдог ажээ.

Монголчуудын хувьд хүндлэн дээдлэх бахархалт шүтээний нэг болсон Бурхан Халдун уул нь Хиад боржигоны өвөг Бодончарын үеэс эхлэн Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын эзэнт гүрний сүлд уул болгон тахиж ирсэн Монгол туургатны эх түүхийн голомт нутаг юм. Их Монгол Улсыг байгуулж, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Их Эзэн Чингис хаан “Бурхан Халдуныг өглөө бүр мялаасугай, өдөр бүхэн тахисугай, ургийн ураг минь ухан мэдтүгэй” гэж нэгэнтээ андгайлж, түүнийг Монголчуудын мөнхийн шүтээн уул болгосон юм. Мөн Бурхан Халдун уулыг 12 дугаар зууны үед Монголын эртний хууль цаазын бичиг болох “Халх журам”-д дархан цаазтай болгосон байна.

Нэр дэвшүүлэх материал боловсруулах бэлтгэл ажлын явцад шинжээчдийн хувьд Бурхан Халдун уулын нэр нь Монголын газрын зурагт тэмдэглэгдээгүйг дурджээ.

Иймд Монгол Улс энэ асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон учир Хэнтийн нурууны далайн төвшнөөс дээш 2361,5 метрт орших Хэнтий Хаан уул гэсэн тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Бурхан Халдун уул болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, мөн зүйлийн 8.5-д тус тус заасны дагуу Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Энэхүү газар нутгийн хадгалалт, хамгаалалтын асуудлыг шинээр хамгаалалтын захиргаа байгуулахгүйгээр Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан Дэлхийн өвийн газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Д.Оюунхорол сайд онцоллоо.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, А.Сүхбат нар асуулт асуулж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн олонхи нь Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөчрлөх нь цаг үеэ олсон асуудал мөн үү, зайлшгүй шаардлагатай эсэхийг илүүтэй тодруулж байлаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 364 дүгээр тогтоолоор Монгол төрийн тахилгат болон Монгол Улсын бүх цэргийн хар сүлдний тахилгат Бурхан Халдун хайрханыг Монголын ард түмний сүлд, хийморийн бэлэгдэл болгон “Үндэсний бахархалт хайрхан”-аар өргөмжилсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч бас дэмжээд олон арван эрдэмтэн судлаачдын таван жилийн уйгагүй хүчин чармайлтаар бид Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. Дэлхийн өвийн газрын өмнө хүлээсэн үүргийн дагуу менежментийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулан нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс газрын зурагт тэмдэглэгдээгүй Бурхан халдун уулыг тэмдэглүүлэхийн тулд Хэнтий хан гэдэг нэрийг өөрчлөх шаардлагатай байна гэж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Энэ ажлыг бид 10 жилийн өмнөөс хөөцөлдсөн. Хан Хэнтий нурууны их, бага хэнтий гэж бий. Бага Хэнтий нурууны оргилыг бид Асралт хайрхан гэж нэрлэдэг. Их Хэнтий нурууны оргилыг монголчууд эртнээс Бурхан халдун гэж нэрлэж ирсэн. ЗХУ-д хуучнаар монголын газрын зургийг хийлгэхдээ Бурхан халдун уулын нэрийг тавилгүй  Хэнтий хан уул гэж тавьсан байдаг. Тэрнээс биш Хан Хэнтий нурууны нэршлийг тэр чигээр нь өөрчлөхгүй, нэг оргилынх нь нэрийг сэргээх гэсэн хэрэг гэдгийг гишүүддээ ойлгуулмаар байна гэж анхааруулж байсан юм.

Хэнтий Хан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд100 хувь нь дэмжлээ. Тогтоолын төслийн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулахаар болов.

Хуралдааны төгсгөлд Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д хэлэлцүүлэн батлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ахалж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Д.Мурат, С.Жавхлан нар ажиллахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



  2017-01-25 15:41  409