УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Данийн Вант Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

  2017-06-07 11:39  249

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2017.06.07) Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/-ийн Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Кордт Хансен, тус газрын Гадаад харилцааны хорооны нарийн бичгийн дарга Томас Сндергард нарыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Кордт Хансен, Томас Сндергард нарыг Монголд тавтай морилохыг хүсээд хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцлов.

Тэрбээр “Парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш идэвхтэй явагдаж байна. Та бүхэн энд байх хугацаандаа Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах, хоёр парламентын харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллана гэдэгт итгэж байна. Дани Улсаас суралцах зүйлс бидэнд их бий. Мөн биднээс суралцах зүйлс ч танайд бий гэж бодож байна” гэдгийг хэллээ.

Ноён Кордт Хансен УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлээд Монгол Улсад хийж буй айлчлалынхаа зорилго, Данийн Фолкетинг /парламент/-ийн үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийв.

Данийн Вант Улсын Фолкетинг /парламент/ нь нэг танхимтай, 179 гишүүнтэй, 25 байнгын хороотой. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг бөгөөд Ерөнхий сайд сонгуулийн хугацааг товлон зарладаг гэж Кордт Хансен хэлж байв.

Тэрбээр Монголд УИХ-ын үйл ажиллагааг телевизийн шууд эфирээр дамжуулан иргэдэд хүргэдэг эсэх, төрийн үйл хэрэгт ард иргэдийн оролцоог хэрхэн хангадаг талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаас тодруулж, хариулт авсан юм.

Дараа нь талууд харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-06-07 11:39  249