Цэс

Холбоо барих

Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг өнөөдөр (2017.12.13) хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг төрийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг нар үг хэлэв.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Ц.Цогзолмаа, С.Чинзориг, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, М.Билэгт нар оролцсон.


Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь  хэлсэн үгэндээ,  Ажлын хэсэг хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллагаар орж ажилтай нь танилцсаны зэрэгцээ орон нутагт, БНХАУ-ын Эрээн хотод ажилласан талаараа танилцууллаа.

Манай улсын нийт хүн амын сая хоёр зуу орчим нь хүүхэд байдаг бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдал хүнд байдалд байгааг тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм.

Түүнчлэн, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын  талаарх эрх зүйн орчин харьцангуй бүрдсэн ч хэрэгжилтийг хангах тал дээр анхаарах шаардлага байгааг тэмдэглэж, хууль тогтоомжийн хэрэгжилт, нийгэмд тулгамдсан асуудал, хэрхэн шийдвэрлэх талаар санал, зөвлөмж хэлэхийг оролцогчдоос хүслээ.

Дараа нь оролцогчдыг мэдээллээр хангах зорилгоор илтгэлүүд танилцуулсан юм.

Тухайлбал, “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү нар илтгэл тавив.

Өнгөрсөн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр манай улс эрх зүйн орчинг бий болгосон, гагцхүү хуулийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ,  гэдэгт гол асуудал оршиж байна, үүнд дүн тавих цаг болсон хэмээн Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг илтгэлдээ дурьдсан юм.


Илтгэл дууссаны дараа оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонслоо.

            Оролцогчид:  

үний  эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх шатны байгууллагуудын хариуцах ажил, үүргийг тодорхой болгох, ажлыг нь уялдуулах, үр дүнтэй ажил хийх оновчтой бүтэц, зохион байгуулалтыг бий болгох;

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хүчирхийллээс урдчилан сэргийлэх, илрүүлэх, хүний амь нас эрсдэхээс урдчилан сэргийлэх гол үүргээр сум, хороонд ажилладаг Хамтарсан багийн гишүүдийг хийх ажлынх нь талаар мэдлэг,  ойлголттой болгож чадавхижуулах, сургалтад хамруулах, хийх ажилд нь төсөв хөрөнгө гаргах;

үний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэргэшсэн ажилтнуудыг тогтвортой ажиллуулах, улс төрийн шалтгаанаар өөрчлөхгүй байх, мэргэжлийн үйлчилгээг мэргэшсэн төрийн албан хаагчид иргэдэд хүргэх;

-Нийгмийн ажилтны үйлчилгээний тухай хууль баталж, нийгмийн ажилтны ёс зүйн хороо байгуулж болох;

-Хүүхдийг бэлгийн хүчирхийллийн золиос, хохирогч болгосон хүнийг олон улсын дэвшилттэй туршлагын дагуу химийн аргаар хөнгөлөх;

-Урьдчилан сэргийлэх ажлыг ирээдүйн хандлагад суурилан оновчтой зохион байгуулах;

-Шүүх, прокурор, цагдаагийн байгууллагын ажлыг уялдуулж, хүчирхийлэл үйлдэгч нь хариуцлагаас мултрах, ял завшихгүй байхад анхаарах зэрэг олон санал, санаачлагыг дэвшүүлсэн юм.

           

Оролцогчдын тодруулсан зарим асуултад УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх, Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар хариулт өгч, санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг хааж УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь хэлсэн үгэндээ, “Өнөөдөр та бүхний хэлсэн үнэтэй санал зөвлөмжийг тусгаад Ажлын хэсэг Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлнэ. Хуралдаанаас зөвлөмж гаргаж, Засгийн газар, яамдад хүргүүлнэ. Зөвлөмждөө та бүхний дэвшүүлсэн зарим санаачилгыг бодитой ажил болгох талаар тусгана” хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл