УИХ-ын зарим гишүүд гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав

  2018-02-26 16:48  465

УИХ-ын БОХХААБХ-ны дарга Л.Элдэв-Очир, УИХ-ын гишүүн А.Ундраа нар өнөөдөр (2018.02.26) Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг гурилын үйлдвэрүүдтэй танилцлаа.



УИХ-ын гишүүд эхлээд нийслэлийн Баянгол дүүрэгт байрлах “Хангай Миллс” ХХК-ний үйл ажиллагаатай танилцав. Үйлдвэрийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар тус гурилын үйлдвэрийн захирал Л.Ганбат танилцуулсан юм. Тэрбээр, монголчууд төмөр болон Д аминдэмийн дутагдалтай байдаг нь судалгаагаар тодорхойлогдсон байдаг тул манай компанийн зүгээс гурилаа баяжуулан хэрэглэгчдэд хүргэж байна хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн А.Ундраа “Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явагдаж байгаа энэ үед бид гурил үйлдвэрлэгчидтэй хүнсний бүтээгдэхүүний баяжуулалт ямар хэмжээнд явагдаж байгаа талаар ярилцаж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гурил, сүү үйлдвэрлэгчдийн тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд, чанартай хүнс үйлдвэрлэх зорилгоор тодорхой хэмжээнд баяжуулж байна. Ард иргэдийн эрүүл мэндийг дэмжиж, хүнсээ баяжуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон миний бие хамтран санаачилсан. Хуулийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахлан ажиллаж байгаа. УИХ-ын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэхүү хуулийн төсөлд анхаарлаа хандуулан ажиллаж байна” гэлээ.


Дараа нь УИХ-ын гишүүд “Милл Хаус” ХХК-ний үйл ажиллагаатай танилцлаа. Уг гурилын үйлдвэр нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат компьютерийн удирдлагатай аж. Үйлдвэрийн танилцуулгыг захирал Ж.Чинзориг хийсэн. Тэрбээр, өдөрт 220т гурил үйлдвэрлэх хүчин чадалтай, Монгол Улсын гурилын нийт хэрэгцээний 13 орчим хувийг хангадаг, 160 ажилтантай, БНЧУ-ын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, байгуулагдаад арван жил болж байгааг танилцуулав.  



БОХХАБХ-ны дарга Л.Элдэв-Очир Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад хоёр жил болж байгааг тэмдэглээд, Монголын хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгаагаар нийт ард иргэдийн 70-80 хувь нь амин дэмийн дутагдалд орсон гэж гарсан. Энэ дутагдлыг арилгахын тулд Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байгаа юм. Баяжуулсан хүнсийг хуульчилж баталгаажуулснаар хүн амын эрүүл мэнд, өсөлт хөгжилтөд эерэгээр нөлөөлөх нь гарцаагүй. Бид зөвхөн хууль батлаад зогсохгүй хэрэгжилтэд нь ихээхэн анхаарах ёстой. Өнөөдөр бид гурил үйлдвэрлэгчдийн зүгээс баяжуулсан хүнс бэлтгэхэд шаардлагатай хууль зүйн орчин, тулгамдаж буй асуудлыг нь сонсож байна. Цаашид ажлын хэсэг сүү үйлдвэрлэгчидтэй уулзаж ярилцах болно гээд намрын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гурил, сүү үйлдвэрлэгчдийг нэгтгэн хэлэлцүүлэг зохион байгуулах болно гэдгийг хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-02-26 16:48  465