УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонслоо

  2017-04-21 17:30  429

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.21) үдээс хойших хуралдаанд “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.


Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийж, 498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийн эхэнд танилцуулав. Төмсний тариалалтад нийтдээ 39.5 мянган тонн үрийн хэрэгцээ байгаа бөгөөд аж ахуйн нэгж, хоршоо, иргэд хэрэгцээт үрээ бүрэн нөөцөлсөн байна. Дээрх зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж. Үргэлжлүүлэн тэрбээр газар тариалангийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй хөтөлбөр, шийдвэрүүд, тариалалтын бэлтгэлийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Түүнчлэн хүнсний ногооны үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэхэд залуучуудыг татан оролцуулах, ахмад ногоочдын туршлагыг залуучуудад өвлүүлэх, төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт хүргэж, нийгэмд үзүүлэх үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор “Залуу тариаланч” төслийг боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хүйтэнд тэсвэртэй алим, чавганы суулгацыг турших, нутагшуулах, мэргэжилтний чадавхийг сайжруулах ажлыг эхлүүлээд байгаа гэлээ. Мэдээллийн төгсгөлд Засгийн газраас тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх, тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх зэрэг цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

“Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцууллаа.


Хөдөө аж ахуйн салбар нь Монгол орны эдийн засгийн тулгуур багана, Монгол хүний амин тэжээл мөн учраас ямар ч улс төргүйгээр төрийн уламжлалаа хадгалж, хөгжүүлж, хамтаараа дэмжих ёстой хэмээн дүгнэлтэд дурдав. Цаашид газар, тариалангийн бүс нутаг манай эдийн засаг, стратегийн онцгой бүс болох нь зүйтэй гэдэг саналыг тэмдэглээд, Засгийн газар тус салбарт хэрэгжүүлж буй бодлогодоо үүнийг анхаарах шаардлагатай гэв. Иймд газар тариалангийн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, салбарын хөгжлийг түргэтгэх нь урт хугацаанд үр ашиг бий болгохуйц оновчтой, алсын хараатай бодлого хэрэгжүүлэхийн тулд уг салбарт төр өөрийн оролцоогоо багасгаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг зохист түвшинд аваачих шаардлагатай хэмээн Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг үзсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Зам тээвэр, хөгжлийн сайд Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг болон бусад албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцов.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Л.Болд, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Мурат нар асуулт асуусан юм. Махны экспорттой шууд хамааралтай малыг эрүүлжүүлэх асуудалд хэрхэн анхаарч байгаа талаар болон хүнсний аюулгүй байдалтай шууд хамаарал бүхий хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар Улсын Их Хурлын гишүүд тодруулж байв.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь манай улсын эдийн засгийн тулгуур салбар гэдгийг тэмдэглээд “Малыг эрүүлжүүлэх асуудалд төр засгаас гадна малчид давхар хариуцлага хүлээх нь зүйтэй. Малын өвчлөл гарах юм бол устгал явуулаад, төлбөрийг нь төр 100 хувь хариуцдаг. Тэгвэл малаа өвчлүүлэхгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргийг малчид хүлээж байх нь зүйтэй. Малыг эрүүлжүүлэхэд юуны өмнө малын тарилгаа дотооддоо үйлдвэрлэх шаардлага бий. Засгийн газар энэ чиглэлээр Унгар Улстай хамтарч ажиллахаар төлөвлөж байгаа, түүнчлэн ОХУ-тай мал эмнэлгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа малаа эрүүлжлүүлж, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ экспортлохын тулд “Эрүүл бүс нутаг”-ийг байгуулах нь зүйтэй. Мөн экспортлох зах зээлийнхээ эрэлтэд тулгуурлан боловсруулах үйлдвэр, технологийг нэвтрүүлэх чиглэлд анхаарах шаардлага бий” хэмээн хариулт өгөв.


Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл нь хүн амын эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг. Тийм учраас төр засгаас анхаарал хандуулж, дэмжлэг үзүүлэх шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд онцлоод “Дотоодын хүнсний ногоо тариалалтын 80-90 хувийг өрхийн аж ахуй тариалж, зах зээлийг хангадаг. Тиймээс эдгээрийг чанартай үр, үрсэлгээгээр хангах шинжлэх ухааны үндэслэл, судалгаанд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг үр үржүүлгийн аж ахуйг байгуулах хэрэгцээ бий. Түүнчлэн газар тариалангийн гол бүс нутгуудад техник дундын үйлчилгээний төвүүдийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж Засгийн газар тодорхой ажлууд төлөвлөөд байгаа” гэлээ. Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх, энэ хүрээнд улаанбуудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх, түүнчлэн ойрын жилүүдэд хүнсний ногооны хэрэглээг 100 хувь дотооддоо хангах бодлого баримтлан ажиллаж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн дэлгэрэнгүй хариулт өгсөн юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2017-04-21 17:30  429