Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2016.07.20/ хуралдаан 20 цаг 07 минутад 73.7 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд даргаллаа.

Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Цэдэвийн Цолмонг томилуулахаар санал болгож буйгаа Улсын Их Хурлын дарга танилцуулав.

Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.

Тэрээр 1993-1994 онд Улсын Их Хурлын Тамгын газарт компьютер операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ санал хэлсний дараа санал хураалт явуулахад Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 94.1 хувь нь, Ц.Цолмонг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон 17 гишүүний 16 нь буюу 94.1 хувь нь дэмжсэн тул энэ талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Дараа нь Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан саналыг танилцуулаад дэгийн хуульд заасны дагуу тус намын бүлэг уг асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан юм.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь хуульд заасан тодорхой хугацаатай учраас Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн АН-ын бүлэгт 30 минутын завсарлага өгч буйгаа мэдэгдсэнээр хуралдаан түр завсарлалаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл