УИХ-ын дарга Г.Занданшатарт /2023.10.13/ өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюан бараалхлаа. Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-аас Монгол Улсад суух 18 дахь Элчин сайдаар миний бие томилогдож ирсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа түүхэндээ хамгийн найрсаг үедээ явж байна. Энэ таатай цаг хугацаанд Элчин сайдаар томилогдсондоо таатай буйгаа уулзалтын эхэнд хэлэв.
Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал хоорондын байнгын ажиллагаатай хамтарсан механизм байгуулсны 10 жилийн ой 2024 онд тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан ээлжит уулзалтыг ирэх онд зохион байгуулах саналтай байгаагаа уулзалтын үеэр Элчин сайд илэрхийллээ. Хоёр улсын төрийн тэргүүн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Тиймээс энэхүү зорилтод хүрэх боломж дүүрэн юм гээд уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан зэрэг бүхий л салбарт хамтран ажиллах шинэ боломжийг бий болгоход хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны байнгын механизм нь чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгов.
УИХ-ын дарга Г.Занданшатар, БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирж, үүрэгт ажилдаа орсон явдал баяр хүргээд, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд эрхзүйн таатай орчныг бүрдүүлэхэд хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа чухал гэж үзэж буйгаа онцлон тэмдэглэв. Мөн хоёр улсын хууль тогтоох байгууллагын харилцаа хамтын ажиллагааг дэмжих замаар хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд Элчин сайд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна гээд Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хооронд байгуулсан хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын үйл ажиллагааг эрчимжүүлж, Байнгын хороод, Найрамдлын бүлэг болон Тамгын газар хооронд харилцан туршлага солилцох арга хэмжээг тогтмолжуулахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Их Хурал болон ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан өнгөрсөн сард зохион байгуулагдаж, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудыг дурдаад, Монгол Улсын гадаад худалдааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход парламент хоорондын яриа хэлэлцээний механизмын уулзалтууд үр дүнтэй болохыг тэмдэглэв.
Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 онд Бээжин хотноо байгуулж, энэ хугацаанд дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.