“Айвико” тарилгын шингэний үйлдвэрт ажиллав
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр / 2021.05.24/ “Айвико” тарилгын шингэний үйлдвэр болон “Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын албаны бүрэлдэхүүнтэйгээр эмийн үйлдвэрүүдэд ажиллав.
“Айвико” тарилгын шингэний үйлдвэр нь 2004 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Эм үйлдвэрлэлийн зохист дадал /GPM/ –ын дагуу үйл ажиллагаагаа явуулж буй үйлдвэрүүдийн нэг юм. Тус үйлдвэрийн чанарын хяналтын менежер Ц.Адъяахорол үйлдвэрийнхээ барилга байгууламж, тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, шинээр нэвтрүүлсэн технологи, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулав.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Эмийн агентлаг байгуулсан нь эмийн салбар аль нэг сүлжээ, хэсэг бүлэг хүмүүсээс хамааралтай байх эрсдэлийг хаасан. Монголын зах зээлд хямд эм биш чанартай сайн эм нийлүүлэх, үйлдвэрлэх боломжийг нээсэн гэж харж байна. Одоо Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулиар хувийн хэвшлийг шахаж дарамтлах биш энэ салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох ёстой. Иймээс эмийн үйлдвэрүүдээр ажлын хэсэг биечлэн явж танилцан тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг сонсож байгааг онцлов.
“Айвико” ххк-ийн гүйцэтгэх захирал Л.Цэрэндорж Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд экспортын асуудлыг тусгах талаар санал хэлэв. Тус үйлдвэр нь Бүгд Найрамдах Коста Рика, Бүгд Найрамдах Доминикан зэрэг улсуудад зарим нэрийн эмийг экспортлох боломж бүрдсэн байна. Гэвч манай улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм экспортлох хууль эрх зүйн зохицуулалт бүрдээгүй, үндэсний эм үйлдвэрлэлийн зохистой дадал /GMP/ -ын батламжид ДЭМБ-ын Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлагад нийцсэн тухай мэдээлэл байхгүйгээс экспортлох боломжгүй байгаа зэрэг асуудлуудыг хөндөн ярилцав. Үүний дараа үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Мерит” эмийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
Мерит эмийн үйлдвэр нь 2001 онд байгуулагдан, 2011 онд үйл ажиллагаагаа түр зогсоож 2014 оноос дахин үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тус компанийн менежер компанийн түүх, бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар танилцуулав.
Мерит эмийн үйлдвэрийн захирал Б.Дэлгэрцэцэг Мерит эмийн үйлдвэр нь боловсон хүчний орон тоог нэмэгдүүлэх, мэргэшүүлэн чадавхжуулах, импортыг орлуулах шинэ эмийн төсөл хэрэгжүүлэх, эм үйлдвэрлэх зохистой дадал /GMP/ -ыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна. Гэвч жижиг эмийн үйлдвэрүүд олон улсын стандарт шаардлага, технологийг нэвтрүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй, техник төхөөрөмж, барилга байгууламжид ихэнх хөрөнгөө зарцуулж, үйл ажиллагааны буюу эргэлтийн хөрөнгөгүй болох эрсдэл байдаг талаар ярилаа. Иймээс нэгэнт барилга, тоног төхөөрөмж, боловсон хүчнээ шат дараатай шийдэж ахиц гарган ажиллаж буй жижиг эмийн үйлдвэрүүдийг дэмжих хэрэгтэй байна гэлээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль томоохон хэдэн компаниудад үйлчилдэг, жижиг үйлдвэрүүдээ хааж, боосон хууль байх ёсгүй. Үндэсний томоохон компаниуд жижиг үйлдвэрүүдээ хэрхэн дэмжих, эмийн асуудал үндэстний аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал учраас уг хуульд онцгой анхаарлаа хандуулна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.