Гишүүний асуулгын хариуг сонсож, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авлаа

  2021-01-15 16:53  298

Гишүүний асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар сонсов


Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.01.15) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Гадаад худалдааны бодлого, зохицуулалтын талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.

Гишүүний асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр танилцуулгынхаа эхэнд, 2020 онд манай улсын гадаад худалдааны тэнцэл 2.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан, үүнд эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспорт голлож нөлөөлсөн. Манай улсын экспорт 2019 оны байдлаар 6.8 тэрбум ам. доллар, түүнээс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспорт 823 сая ам. доллар буюу нийт экспортын 10.8 хувийг эзэлж байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээ сүүлийн 5 жилд 44 хувиар өссөн байна. Бүтцээр нь ангилбал, ноос ноолуур, нэхмэл бүтээгдэхүүн, мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, төмөрлөгийн бүтээгдэхүүн, хүнсний бэлэн бүтээгдэхүүн зонхилдог. 2019 онд мах, махан бүтээгдэхүүний экспорт 2016 оныхтой харьцуулахад хэмжээний хувьд 6.3 дахин, үнийн дүнгийн хувьд 7.5 дахин өсөж, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэж буйг дурдаад гишүүнээс тавьсан асуулгын хариуг таван үндсэн асуудлын хүрээнд дэлгэрэнгүй танилцуулсан юм.


Засгийн газрын 2016 оны 211 дүгээр тогтоолоор баталсан “Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг 2018 оны 278 дугаар тогтоолоор шинэчлэн “Монгол экспорт” хөтөлбөр болгож баталсан. Уг хөтөлбөрийг 2018-2020, 2021-2022 гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийг экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү татвар болон хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх; уул уурхайн бус бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих замаар экспортыг төрөлжүүлэх, олон улсын стандартын шаардлага хангасан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг дэмжих; худалдааг хөнгөвчлөх, экспортын зах зээлийн хүрээг тэлэх замаар экспортыг нэмэгдүүлэх гэсэн гурван үндсэн зорилтын хүрээнд нийт 36 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар тодорхой чиг үүрэгтэйгээр оролцож байгаагаас гадна хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Экспортыг дэмжих зөвлөлийг 2019 онд Гадаад харилцааны сайдаар ахлуулан ажиллуулж байна.

 “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг баталж өгөөгүй өнөө хүрсэн ч дотоод нөөц боломжийн хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлээд байна. Тухайлахад, Ерөнхий сайдын захирамжаар Экспортыг дэмжих зөвлөл байгуулан ажиллуулж эхэлсэн, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг 2019 онд батлуулсан, Олон улсын худалдааны төвийн дэмжлэгтэйгээр ГХЯ 2019 онд “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын замын зураг” баримт бичгийг боловсруулсны зэрэгцээ үйлдвэрлэл-худалдаа-хөрөнгө оруулалтын цогц бодлогыг дэмжихэд чиглэсэн Гадаад худалдааны хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. Мөн экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан банкны зээлийн хүүгийн хөнгөлөлтийн дэмжлэг үзүүлэх, зээлийн батлан даалт өгөх зэрэг санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг бий болгох ажлыг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй Экспортыг дэмжих төслийн хүрээнд эхлүүлээд байна. Монгол Улсад олон улсын хуурай боомт байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж, санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2018 оны 104 дүгээр захирамжаар байгуулан ажиллаж байна гэж сайд дурдав.

Монгол Улс 2017 онд нэгдэж орсон Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, “Монгол экспорт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гадаад худалдаанд холбогдох шаардлагатай бүх мэдээллийг нэг цэгээс, цаг алдалгүй авах боломжийг бүрдүүлсэн “Гадаад худалдааны мэдээллийн нэгдсэн сан”-тай болох ажлыг Олон улсын санхүүгийн корпорацын дэмжлэгтэй эхлүүлж, 2020 оны эцсээр хэрэглээнд нэвтрүүлсэн. Мэдээллийн сан нь худалдааны мэдээлэл ил тод байх, худалдаа эрхлэгчдийн хувьд зардал, цаг хэмнэх буюу өргөн утгаар худалдааг хөнгөвчилж буй чухал алхам юм гэдгийг онцлов. Түүнчлэн гадаад худалдааны нэг цэгийн үйлчилгээ бий болгох ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Гаалийн ерөнхий газар холбогдох байгууллагуудын оролцоотой хэрэгжүүлж байгаа, Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногийн Бямба гарагийг Экспортлогчдын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг тэрбээр нэмж тодотгов.

Ноос ноолуур, арьс шир, мах, сүүн бүтээгдэхүүн, байгалийн гаралтай бусад экспортын бүтээгдэхүүний чанарыг Европын болон олон улсын стандартад нийцүүлэх чиглэлээр Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны бүтэц бий болгох асуудлыг ажлын түвшинд хэлэлцэж байгаа, мөн Төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор экспортын бараа бүтээгдэхүүнд шинэ зах зээл нээх, судалгаа, маркетингийг хөгжүүлэх зорилгоор Берлин хотод Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг нээсэн, ӨМӨЗО-ны Хөх хотод Монголын бараа, бүтээгдэхүүний “Монголд үйлдвэрлэв” төвийн үйл ажиллагааг эхлүүлэхээр хувийн хэвшилтэй хамтран ажиллаж байгааг мөн дурдлаа.


Түүнчлэн ОХУ болон Беларусь, Казахстан, Киргиз, Армен улсыг багтаасан гадаад худалдааны нэгдсэн бодлого, горим бүхий, гаалийн нэгдсэн зохицуулалттай Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үр ашгийг судлах хамтарсан судалгааны ажлыг 2020 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн. Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт Монгол Улс нэгдэн орсон бөгөөд БНХАУ, Энэтхэг, БНСУ зэрэг 6 улстай нийт 10677 нэр төрлийн бараанд 5-100 хувь хүртэл тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх учраас уг хэлэлцээрийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа, Монгол Улс 2017 онд нэгдэж орсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, салбар дундын зохицуулалт хийх үндсэн үүргийг хэрэгжүүлэх Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороог байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлан ажиллаж байна. Уг хэлэлцээр нь далайд гарцгүй, худалдааны өртөг, ялангуяа дамжин өнгөрөх тээврийн зардал өндөртэй улс орнуудын хувьд хил, гаалийн үйлчилгээг сайжруулах, дамжин өнгөрөх барааг түргэн шуурхай нэвтрүүлэх, түүнтэй холбоотой үл ялгаварлах зарчим баримтлах, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулахад чухал ач холбогдолтой. ДХБ-ын судлаачдын тооцоолсноор хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлснээр далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын гадаад худалдааны зардал 13.2-15.5 хувиар буурч, ДХБ-ын гишүүн орнуудын бараа экспортлох хугацаа дунджаар 2 өдрөөр, харин бараа импортлох хугацаа 1-1.5 өдрөөр багасаж, экспорт, импортод зарцуулах хугацаа одоо байгаагаас 47 хувиар хэмнэгдэх ач холбогдолтойг нэмж дурдсан юм.

Ази,Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээр (Армен, Азербайжан, Бангладеш, Камбож, БНХАУ, Иран, Филиппин) 2016 онд хүчин төгөлдөр болсон нь олон улсын худалдааны хэлцлийг үр ашигтай, ил тод болгох зорилгоор худалдаатай холбоотой цахим өгөгдөл болон баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрч, солилцох нөхцөлийг бүрдүүлэх замаар хил дамнасан цаасгүй худалдааг дэмжих, үндэсний болон бүс нутгийн нэг цонхны үйлчилгээ болон бусад цаасгүй худалдааны системийн харилцан уялдааг хангах зорилготой. Судлаачдын тооцоо, үнэлгээгээр  ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээр болон Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээрийг хамтад нь хэрэгжүүлснээр Монгол Улсад худалдааны зардал 30 хувь буурна гэсэн дүгнэлт гарсан талаар сайд танилцуулав.

Олон улсын худалдаатай холбоотой харилцааг зохицуулж буй гол баримт бичиг нь “Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) байгуулах тухай Марракешийн хэлэлцээр” болон түүний хавсралт болох олон талт худалдааны хэлэлцээрүүд юм. Улс орнууд ДХБ-ын гишүүн болсноор дээрх хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ дагуу Улсын Их Хурлаас 1996 онд “ДХБ байгуулах тухай Марракешийн хэлэлцээр”, түүний хавсралтыг соёрхон баталснаар манай улс 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын гишүүн болж, тус байгууллагын үйл ажиллагаа, яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, худалдааны бодлого, зохицуулалтыг тус байгууллагын зарчим, журамд нийцүүлэн хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Түүнчлэн Засгийн газрын 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдаанаар “Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйн талаар зөвлөх төв байгуулах тухай хэлэлцээр”-т Монгол Улсын нэгдэн орох тухай протоколыг хэлэлцэж баталсан. Ингэснээр тус төвөөс ДХБ-ын эрх зүйн талаар үнэ төлбөргүй зөвлөгөө авах, сургалтад хамрагдах, ДХБ-ын маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хөнгөлөлттэй нөхцөлөөр эрх зүйн зөвлөгөө авах боломж бүрдээд байна. Манай улсын худалдааны бодлоготой холбоотой асуудлаар худалдааны түнш зарим улс орнуудаас асуулга тавьж, ДХБ-ын зарим хороодын хуралдаанд асуудлыг хөндсөнөөр ДХБ-ын маргаан шийдвэрлэх үйл явцад манай улс татагдан орж, өөрийн хэрэгжүүлж буй худалдааны арга хэмжээг ДХБ-ын эрх зүйн тогтолцооны хүрээнд хамгаалах магадлал нэмэгдэж байна. Иймд тус төвийн гишүүн болсноор ДХБ-ын эрх зүйгээр нарийн мэргэшсэн мэргэжилтнүүд бэлтгэхийн зэрэгцээ ДХБ-ын эрх зүйн талаар зөвлөгөө өгдөг байгууллагатай хамтран ажиллах боломж нээгдэж байгааг сайд тодотголоо.


Харин Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, японы хөрөнгө оруулалтыг татах, өндөр техник техологийг нэвтрүүлэх, аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг шингээсэн экспорт, валютын орлогыг нэмэгдүүлэх, японы тарифын болон тарифын бус саад тотгорыг багасгах, худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулахад чиглэжээ. Манай хоёр улс Дэлхийн гаалийн байгууллагын Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 38 бүлгийн нийт 1355 төрлийн барааг экспортолж, импортолдог. Үүнээс монголын тал Японы импортын 24 бүлгийн 1290 төрлийн барааны 96 орчим хувь, японы тал Монголын экспортын 14 бүлгийн 65 төрлийн барааны 100 хувийг импортын гаалийн тарифаас үе шаттай чөлөөлөхөөр харилцан тохиролцсон. Ингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын үнийн дүнгийн 50 хувийг (825 төрлийн бараа), харин Япон Улс 99,4 хувийг (60 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд чөлөөлсөн байна. Барааны төрлөөр авч үзвэл, дээрх ангиллаар монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, харин японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн. Ингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон Улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд тэглэжээ.

Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын энэхүү хэлэлцээр нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хоёр орны хоорондын худалдааны эргэлт 2019 оны жилийн эцсийн байдлаар байдлаар 601,0 сая ам.долларт хүрч, хэлэлцээр байгуулахаас өмнөх 2015 оныхтой харьцуулахад 2 дахин өссөн дүнтэй байна. Манай улсын Япон Улс руу чиглэсэн экспорт 2018 онд 26.5 сая ам.доллар, 2019 онд 15.5 сая ам.доллар, харин импорт 2018 онд 561.0 сая ам.доллар, 2019 онд 585 сая ам.доллар болж өссөн дүнтэй байна. ГЕГ-ын 2019 оны статистик мэдээгээр энэ нь манай улсын нийт экспортын 0.2 хувь, импортын 9.5 хувьтай тэнцэж байгааг сайд танилцуулав.

Япон Улсаас импортолж буй барааны ихэнх хувийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж байгаа бол манай улсаас тус улсад экспортолж буй барааны ихэнх хувийг ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хонины өлөн гэдэс, муур, нохойн хоол, дайвар бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, адууны хөлдөөсөн болон хатаасан мах, монгол гэр, хөнгөн цагаан хайлш, гоо сайхны бүтээгдэхүүн, зөгийн бал зэрэг нэр төрлийн бараа эзэлдэг аж. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь уг хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт эдлэх барааны гарал үүслийн гэрчилгээг олгодог агаад 2016 онд 318, 2017 онд 481, 2018 онд 800, 2019 онд 569 ширхэг, 2020 онд 313 ширхэг гарал үүслийн гэрчилгээ олгосон байна.

Манай улсад 1990 оноос 2020 оны эхний хагас жил хүртэлх хугацаанд Япон Улсаас нийтдээ 952.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, японы хөрөнгө оруулалттай 410 аж ахуй нэгж манай улсад бүртгэлтэй байдаг, хоёр улс хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт өсөж байгаа ч нөөц бололцоогоо бүрэн ашиглахуйц хэмжээнд хүрээгүй байгааг сайд тэмдэглэлээ. Иймээс хэлэлцээрийн ашиглалтыг сайжруулж, үндэсний экспортыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ГХЯ-наас МҮХАҮТ-тай хамтран уг хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой аж ахуйн нэгж, компаниудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, санал, зарим нийтлэг асуудлыг японы талд тавиад байгаа, Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн Барааны худалдаа, гарал үүсэл, хамтын ажиллагааны дэд хороог хуралдуулахаар төлөвлөж байгааг сайд тодотголоо.

Европын Холбооны Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системийн тухайд Европын Холбоо нь Монгол Улсын хувьд худалдааны гурав дахь том түнш бөгөөд 2020 оны эхний 9 сарын байдлаар Монгол Улс, Европын Холбоо хоорондын худалдааны эргэлт 526 сая ам.долларт хүрч, Монгол Улсын нийт гадаад худалдааны 6 хувийг эзэлж байна. Манай улс 2005 оноос Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж, 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах боломжтой болсон. Одоогоор 75 аж ахуйн нэгж уг хөнгөлөлтийн системд хамрагдахаар бүртгүүлээд байна. Энэ хүрээнд 2020 оны эхний 9 сарын байдлаар манай улс Европын Холбооны 15 улсад нийт 116.1 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн экспортолсноос 48 аж ахуйн нэгж 29,5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байна талаар Гадаад харилцааны сайд танилцуулсан юм. Түүнчлэн Засгийн газраас эдийн засгийг төрөлжүүлэх, ялангуяа уул уурхайн бус бараа, бүтээгдэхүүний экспортыг дэмжих чиглэлд онцгой анхаарч, энэ хүрээнд Европын Холбооны зах зээлд монголын уламжлалт ноос, ноолууран сүлжмэл эдлэл, хөдөө аж ахуйн гараптай органик хүнсний бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүнийг гаргах зорилгоор Европын Холбооны Төлөөлөгчийн газар, Европын Холбооны дэмжлэгтэйгээр Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл хэрэгжүүлж буйг нэмж дурдав.

Гадаад харилцааны сайд танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2017 онд БНСУ-тай Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааг гүйцэтгэсэн, мөн БНХАУ, Евроазийн Эдийн засгийн холбоотой тус тус чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааг эхлүүлээд байгаа, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт 2020 онд нэгдэн орж, хэлэлцээрийг 2021 оноос хэрэгжүүлж эхлэх бэлтгэлийг ханган ажиллаж байгаа талаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм.


Гишүүний асуулгын хариуд өгсөн сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Амарсайхан, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Д.Ганбат нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван болон ажлын хэсгийн холбогдох албан тушаатнууд хариулт өгөв.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээс намын бүлгүүд завсарлага авлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын даргын 2020 оны 31 дүгээр захирамжаар төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргилоор ахлуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Л.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж ажиллуулжээ.


Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04, 13-ны өдрүүдийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Ажлын хэсгээс Засгийн газраас нийгмийн зөвшлийн талуудтай зөвшилцөн 2018 онд өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлал, зарчмыг хөндөхгүйгээр МҮЭХ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МХАҮТ-ын санал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж, бусад тооцоо, судалгаанд суурилан боловсруулсан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ. Үүнд, нийт ажилтны хөдөлмөрлөх суурь эрх хангагдах бололцоог бүрдүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ажил олгогч, ажилтны зохистой тэнцвэрт байдлыг бий болгох чиглэлээр ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх, эвлэлдэн нэгдэх зэрэг суурь эрхийг хамгаалах; өдрийн болон долоо хоногийн ажлын цагийн дээд хязгаарыг тогтоох; ээлжийн амралтын үндсэн хугацааг тогтоож, тухайн байгууллагад ажилласан жил болон бусад хөдөлмөр эрхпэлтийн нөхцөлийг харгалзан аж ахуй нэгж байгууллага дотооддоо хамтын гэрээ, тогтоох эрхийг хуулиар олгож, уян хатан зохицуулалт бий болгох; аж ахуйн нэгж, байгууллага бүтцийн хувьд жижиг, малчид, албан бус салбарт ажиллагсдын тоо өндөр нь хөдөлмөрийн харилцаанд онцлог зохицуулалтыг шаардаж байгаатай уялдуулан тэдгээрийн цалин хөлс, ажил амралтын цаг зэрэг хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг хуулиар зохицуулах; хөдөлмөрийн гэрээгээр зохицуулах нийтлэг харилцаа, хөдөлмөрийн гэрээний хэлбэр, агуулга, хугацаа, хөдөлмөрийн гэрээнд шаардах бичиг баримт, гэрээнд өөрчлөлт оруулах зэрэг нөхцөлийг тодорхой болгож, хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөлд сургалтын, эд хөрөнгийн, үл өрсөлдөх үүргийг нэмж тусгах, иргэд хооронд байгуулах гэрээнд тусгайлсан зохицуулалт шинээр нэмэхэр тогтсон байна.

Мөн хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтыг хэрэглэхэд хялбар, тодорхой болгож, бүтэц найруулгын хувьд сайжруулах чиглэлээр “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа”, “Хөдөлмөрийн харилцаа”-г тодорхойлох, хуулийн төслийн хөдөлмөрийн харилцааны зарчимд “Нийгмийн түншлэлийг хангах”, “Хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах” гэсэн зарчмыг нэмж тусгах, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт тогтолцоог шинэ шатанд гаргах үүднээс “Нийгмийн түншлэл” гэсэн бүлгийг шинээр нэмэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд анхаарч сум, дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны эрхийг өргөжүүлэх, хөдөлмөрийн эрхийн маргааныг эвлэрүүлэн зохицуулах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулахаар зохицуулжээ.


Ажлын хэсгээс Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 131 санал, найруулгын шинжтэй 5 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 16 санал гаргасныг Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат 1999 оноос хойш өөрчлөгдөөгүй өнөө хүрсэн энэ том хуулийн төслийг нухацтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил манай намын бүлгийн хурал дээр тодорхой мэдээлэл өгч, саналаа хуваалцсан. Гэхдээ анх өргөн баригдсан төсөлд зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт орсон учраас төсөл санаачлагчийн байр суурийг намын бүлэг сонсож ярилцах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. Хүсэлтийн дагуу ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл намын бүлэгт завсарлага өгч буйгаа хуралдаан даргалагч мэдэгдлээ.

Үргэлжлүүлэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхэлж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам танилцуулсан юм.


Засгийн газраас 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдрийн хуралдаанаараа явуулж, хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд болон ажлын хэсгийн гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулж шийдвэрлэжээ. Тухайлбал, үндэсний болон улсын музей төрийн хамгаалалтад байх, Монгол Улсын харьяат 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн галерейн үйл ажиллагааг энэ хуулиар зохицуулах, музейн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 8 жилийн хугацаагаар олгох, Засгийн газар төрийн өмчийн музейд үндэсний, улсын, бүс нутгийн гэсэн зэрэглэл тогтоох, мөн музейн санхүүжилт, музейн сан хөмрөгт байгаа түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарах үзмэрийн үнэлгээ, соёлын өвд хамаарах үзмэрийг судлах, сурталчлах зорилгоор музей хооронд түр солилцох, музейн сан хөмрөгөөс соёлын өвд хамаарах үзмэрийг хасахтай холбогдуулан гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжжээ.


Байнгын хорооны 2020 оны 02 дугаар тогтоолоор хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамаар ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй бөгөөд харин Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй зарим саналыг бүлэг дээр дахин ярилцаж нягтлах шаардлагатай байна гэсэн үндэслэлээр гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасны дагуу тус намын бүлэгт ирэх долоо хоногийн Лхагва гараг хүртэл завсарлага өгч буйг хуралдаан даргалагч мэдэгдэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2021-01-15 16:29  298