Цэс

Холбоо барих

Төрийн байгуулалтын байнгын хороо гурван асуудлыг хэлэлцлээ

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.


Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг сайд онцолсон. Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлийн даатгуулагчийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор, нийтлэг төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн шатлалын цалинг 5 дугаар шатлалд хүргэж нэмэгдүүлэн энэхүү арга хэмжээнд нийт 43.9 мянган хүн хамрагдаж нийтдээ 34 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.


Ирээдүйн өв санд төвлөрч байгаа хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 он дуустал 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж тусгажээ.

Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.


Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, төрийн байгууллагуудын төсөвтэй холбоотой хэмнэлтүүдийг бид ярьж байна. Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цар тахалтай холбогдуулан төрийн байгууллагын төсвийг танасан асуудал аймаг, сумдын Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагаанд хүндрэл учруулах хэмжээнд хүрээд байна. Сумдын Засаг даргын Тамгын газруудын байр муудсан, нурах дөхсөн. Зарим нь унаа тэрэггүй. Төрийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хэрхэн хангах вэ. Одоо хэмнэх зүйл бараг үлдсэнгүй. Энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас лавласан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, бүх аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын байрын зургийг нэг бүрчлэн авч, цаашид шаардлага хангах эсэхийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хоёр аймгийн Засаг даргын Тамгын газрын байрыг актлахаар болсон байна. 327 сумын тал нь 1970-аад оноос өмнө гар аргаар барьсан ашиглалтын шаардлага хангахгүй байртай байна. Энэ удаагийн тодотгол ярихаас өмнө жилд 10 байрыг засварлах санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэж явахаар Засгийн газрын хуралдааны протокол гаргуулаад байсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд барилгыг ашиглах боломжгүй гэсэн акт гарснаас бусад тохиолдолд шинээр байр барихгүй гэсэн утгатай заалт орж ирсэн. Цаашид ашиглах боломжгүй гэсэн акт тогтоогдсон барилгуудын асуудал одоо хөндөгдөж байгаа болохоор Засгийн газар мөнгөний боломж, нөхцөл байдлаас шалтгаалаад үе шаттайгаар шийдээд явах бололцоотой.

Унаа тэрэгний тухайд бүх аймаг, сумдын машиныг судалж үзсэн. Бас л машингүй, эсвэл муудсан, актлагдсан байдалтай байна. Барилгын асуудалтай адилаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үе шаттайгаар шийдвэрлүүлэх протокол гаргуулсан. Цаашид шийдвэрлээд явах байх. Ер нь энэ хоёр асуудал олон жил урсгалаараа явсан. Хөрөнгө мөнгө гайгүй аймаг асуудлаа шийдчихдэг, хөрөнгө татуу аймаг хэвээрээ байж байдаг. Хэмнэлтийн хууль батлагдахаар Засгийн газрын албаны авто машинуудын тоог гарган, илүү гарсан машинуудыг орон нутагт шилжүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бодолтой байгаа. Эхний ээлжинд орон нутагт сэлбэлт хийх чиглэлийг барина гэсэн хариулт өгсөн.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж танилцуулав.


Хуулийн төсөлд төрийн тусгай албан тушаал болон төрийн үйлчилгээний удирдах албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилалд адилтган авч үзэх, иргэний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагыг харгалзан ажлын тодорхой чиглэлээр төрийн албаны захиргааны удирдахаас бусад албан тушаалд 1 жил хүртэл хугацаагаар холбогдох гэрээгээр ажиллуулж болохоор болон үүнтэй холбоотой бусад асуудлыг тусгасан байна.

Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн байгууллага, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний дагуу байгуулагдсан олон улсын бусад байгууллага болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхээр хуулиар байгуулагдсан нийтийн эрх зүйн этгээдэд ажилласан иргэний тухайн байгууллагад ажилласан хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газрын саналыг үндэслэн Төрийн албаны зөвлөл батлахаар оруулсан байна. Байгууллага дотроо төрийн жинхэнэ албан хаагч тусгай шалгалтгүйгээр шилжин ажиллаж болохоор, улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөний аливаа үйл ажиллагаанд дайчлах, чиг үүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албаны шалгалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж болохоор,  төрийн захиргааны албан тушаалд тавигдах тусгай шаардлагын хугацааг тодорхой хэмжээгээр бууруулах зэрэг асуудлыг төсөлд тусгасан гэлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлэхээр тусгасныг тодруулж байсан.

Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, ЗГХЭГ, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг 11 аймаг, яам, агентлагуудад ажилласан. Олон жил яригдсан төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнуудыг төрийн захиргааны албан тушаалтантай хэрхэн адилтган дүйцүүлж болох вэ гэсэн асуудлыг судалсан. 2800 албан хаагч удирдаж байсан их сургуулийн захирал төрийн захиргааны төв байгууллагад хэлтсийн даргаар ирэхэд хүндрэлтэй байна. Орон нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн эмч буюу төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан төрийн захиргааны албан тушаалыг хашихад адилтгаж болдоггүй, шилжиж болдоггүй бэрхшээлүүд байна. Энэ харилцааг зохицуулахаар хуулийн төсөлд өөрчлөлтүүдийг тусгасан.


Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын сонгон шалгаруулалтын босгыг даван үр дүнтэй ажиллаж байгаа олон хүн байдаг. Энэ иргэдийн ажилласан жилийг төрийн захиргааны зарим албан тушаалтай дүйцүүлэн тооцох зохицуулалтыг тусгасан гэсэн хариултыг өгсөн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав

Мөн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл