Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-04-12 13:04 Уншсан: 925

Улсын Их Хурлаас өнгөрсөн долоо хоногт баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоол, удахгүй зохион байгуулах анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2017.04.12/ хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Хэвлэлийн бага хуралд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр тус Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн зарим гишүүд оролцов.


Хэвлэлийн хурлын эхэнд Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа болон зөвлөлдөх санал асуулгын зохион байгуулалтын талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр хэлэхдээ, Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргаж, Улсын Их Хурлын тогтоол баталлаа. Энэ тогтоолын дагуу Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 2017 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн.

Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаархи мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг тухайн асуудлаар мэргэшсэн, хараат бус, мэдлэг, туршлага бүхий хорин нэгэн насанд хүрсэн Монгол Улсын иргэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн болон тухайн чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан 5-11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулахаар заасны дагуу Зөвлөлдөх зөвлөлийг 8 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөл эхний хуралдаанаа хийж, Зөвлөлдөх зөвлөлийн даргаар Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг сонгосон байна. Мөн Үндэсний статистикийн хорооны боловсруулсан нэг дэх шатны санал асуулгын асуултыг баталсан байна.

Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх ажлын хэсгийг байгуулах, ажлын төлөвлөгөөг батлахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд үүрэг болгосны дагуу тус Байнгын хороо ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дурдлаа.


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал өмнөх жилүүдэд олон удаа яригдаж, төслийн хувилбарууд ч өргөн баригдаж, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой саналууд боловсруулж байсан. Энэ удаа ч Засгийн газраас эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж тодорхой хугацаанд ажиллуулж байгаа, түүнчлэн улс төрийн зарим нам төсөл боловсруулсны зэрэгцээ иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт ч зарим саналууд гаргаж, нийгэмд хүлээлт үүсээд байгаа зэргийг үндэслэн Улсын Их Хурлаас энэхүү тогтоолыг баталсан.

Нөгөө талаар Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 6.1.1 дэх хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т заасан асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг тодорхойлох үүднээс зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар заасан байгаа. Мөн зөвлөлдөх санал асуулгаар санал авах ажлыг статистикийн байгууллага гүйцэтгэх хуулийн зохицуулалттай.

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар баталсан Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулах гэж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.

Зөвлөлдөх санал асуулга нь 2 үе шаттай явагдах бөгөөд өнөөдрөөс буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 17.00 цагаас орон даяар санал асуулгын 1 дүгээр үе шат эхлэх юм байна.

Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны судалгааг орон даяар явуулах бөгөөд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1570 иргэнийг сонгоод байгаа аж.

Зөвлөлдөх санал асуулгы 2 дахь шатанд Үндэсний статистикийн хороо нэг дэх шатанд оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар сонгож 2 дахь шат буюу зөвлөлдөх уулзалтад ирэх иргэдийг сонгох юм байна. Эдгээр сонгогдсон иргэд 4 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Төрийн ордонд хэлэлцүүлэгт оролцоно.

Ингэхдээ зөвлөлдөх уулзалтад оролцогчдыг 15-аас илүүгүй хүнтэйгээр жижиг бүлэг болгож, бүрэлдэхүүнийг тохиолдлын зарчмаар сонгож, тухайн бүлгийн оролцогчдод мэдээллийг бүрэн хүргэж, оролцогчийн тэгш оролцоог хангах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.

Төрийн ордон болох зөвлөлдөх уулзалтаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хавсралтад заасан үндсэн 6 сэдвийн хүрээнд хамаарах асуудлуудаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Үүнд:

Зөвлөлдөх санал асуулгын сэдэв

            1.Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах:

1.1.Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлөх эрхийг Ерөнхий сайдад олгох;

1.2.Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь Улсын Их Хурлын гишүүн байж болохоор хязгаарлах;

1.3.Засгийн газрын бүтцийг Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоож,  бүтцийн хувьд төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах зорилгоор яамдын нэрийг хуульд заан тусгах.

        2.Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил, үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох:

2.1.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 6 жил байх, улируулан сонгохгүйгээр Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох. (Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдааны бүрэлдэхүүн нь Улсын Их Хурлын 76 гишүүн, аймаг, нийслэл, хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт гишүүдээс бүрдэнэ);

2.2.Монгол Улсын Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн зарим бүрэн эрхийг өөрчилж, хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргах эрхийг хасах.

              3.Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх:

3.1.Төрийн албаны Зөвлөлийг улс төрөөс хараат бус, Монгол Улсын Үндсэн хуулийн эрх мэдлийн байгууллага болгох;

3.2.Төрийн жинхэнэ албыг мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчимд шилжүүлэх;

3.3.Төрийн алба улс төрөөс ангид байна. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээс хамаарч ажлаас халах, хуульд зааснаас бусад үндэслэлээр албан тушаал, зэрэг дэвийг бууруулахыг хориглох заалт Монгол Улсын Үндсэн хуульд нэмж оруулах.

            4.Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх:

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хотод (орон нутгийн харьяалалтай), сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд хуваагдахаар тус тус Монгол Улсын Үндсэн хуульд бэхжүүлэх;

4.2.Баг, хороо, тосгоны Засаг даргыг улсын чанартай хот болон сум, дүүргийн Засаг дарга шууд томилдог болох.

            5.Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах:

5.1.Улс төрөөс ангид төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх Үндсэн хуулийн байгууллага бий болгох;

5.2.Төрийн хариуцлагыг дээшлүүлэх, авлигатай тэмцэх бодлого, хэрэгжилтийг хангах, нийгмийн шударга ёсыг сахин хамгаалах байгууллагыг улс төрийн нөлөөллөөс ангид, хараат бус, бие даасан байгууллага болгон зохион байгуулах;

5.3.Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах ёстой Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох.

          6.Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага-Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцөлийг  хангах.


Ингэхдээ дээрх үндсэн 6 сэдвийн хүрээнд тэнцвэртэй мэдээллийг иргэдэд өгөх үүрэг бүхий тухайн асуудлаар мэргэшсэн, туршлагатай экспертүүдийг сонгож ажиллуулах юм байна.

Зөвлөлдөх санал асуулгын дараа Үндэсний статистикийн хороо 2 шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, 5 дугаар сарын 04-ны өдрийн дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулах агаад Зөвлөлдөх зөвлөл 5 дугаар сарын 05-ны дотор зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд танилцуулах аж.

Харин Улсын Их Хурал Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд мэдээлнэ. Зөвлөлдөх санал асуулгыг улсын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2017 оны төсвийн тодотголд тусгаж шийдвэрлэх юм.

Дараа нь хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж явуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, Улсын Бага Хурлын гишүүн асан Үндсэн хууль судлаач Д.Ламжав, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Үүсгэсэн: 2017-04-12 13:04

Хуралдааны тов