Цэс

Холбоо барих

Ажлын дэд хэсгүүд цахимаар хуралдав

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын болон ажлын дэд хэсгүүд  хуваарийн дагуу цахимаар хуралдаж байна.

    Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсэг өнөөдөр (2021.04.16) цахимаар хуралдлаа.


    Ажлын дэд хэсгийн өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслийн зүйл, заалт нэг бүрээр хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэлийг хангалаа.

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 6 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулсан Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Б.Саранчимэг, Ц.Цэрэнпунцаг, Т.Энхтүвшин нар ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хэсэгт холбогдох яам, агентлаг, бусад байгууллагаас мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын дэд хэсэг мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд ажлын дэд хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцсан  ахлах зөвлөх Н.Наранцогт ахлан ажиллаж байгаа юм. 

    Мөн Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсэг өнөөдөр (2021.04.16) хуралдав. 

    Дээрх ажлын дэд хэсгийн хуралдаанаар Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөлд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томьёоллын төслийг хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл