Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-05-17 09:05 Уншсан: 624

“Төрийн мэдээлэл” хууль тогтоомжийн эмхэтгэлийн 2017 он 19 дэх дугаарт Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна.


Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын хугацаа, дагалдан ажиллуулах хугацаа болон цагаар ажиллахтай холбоотой зүйл хэсгийг нэмжээ. Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох бөгөөд хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байхаар тогтоосон байна. Түүнчлэн ажилтныг мэргэжлийн ур чадвар, дадлага, туршлага эзэмшүүлэх зорилгоор дадлага, туршлагатай ажилтныг дагалдан ажиллуулж болох бөгөөд дагалдан ажиллуулах хугацаа мөн гурван сар хүртэл байх нь.

Дээрх хуульд “Цагаар ажиллах” гэж ажил олгогчоос тодорхой ажил, үүргийг биечлэн гүйцэтгүүлж, гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагт нь тохирсон цалин хөлсийг тухай бүр тооцож олгохыг хэлнэ хэмээн тусгаж, цагаар ажиллах ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд гүйцэтгэх ажил үүрэг, ажлын цаг, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлсийг талууд харилцан тохиролцож тусгахаар хуульчилжээ. Цагаар ажиллах ажилтны цагаар болон хийснээр нь олгох цалингийн хэмжээ ижил ажлын байранд бүрэн цагаар ажилладаг ажилтныхтай адил байхаас гадна цагаар ажилласан ажилтны цалин хөлсийг гүйцэтгэсэн ажлын хэмжээ, ажилласан цагаар нь тооцож тухай бүр олгохоор хуульд заажээ.

Эмхэтгэлд Хуулийн төсөл буцаах тухай УИХ-ын тогтоолууд, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүнийг томилох тухай, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Мөн Журам шинэчлэн батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ. Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталж, энэ журмыг үндэслэн эрхэлсэн салбар, орон нутгийн онцлогт нийцсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний аргачлал боловсруулан баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Үүсгэсэн: 2017-05-17 09:05

Хуралдааны тов