Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: Хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийнэ


Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламент байх болно. Энэхүү зорилгын дагуу баталсан хууль бүхэн хүний эрхийг хангах, хамгаалах, тэгш, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.25) Төрийн ордны Их танхимд болсон Хүний эрхийг хамгаалагчдын уулзалтад хэлсэн үгэндээ онцлов.

Монгол Улсад хүний эрх, тэгш байдал хэрхэн хангагдаж байгаа, анхаарах асуудал хаана, хэр хэмжээгээр хуримтлагдсан, хүний эрх зөрчигдөхөөс ангид байхын тулд юу хийвэл зохилтой талаар зохион байгуулагдсан уг уулзалтад хүний эрхийг хамгаалагчид, ХБНГУ, ИБУИНХУ-аас  Монгол Улсад суугаа Элчин сайд нар, НҮБ-ын Суурин зохицуулагч, “Эмнести интернэшнл” байгууллагын төлөөлөл, Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүд оролцсон юм.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Хууль тогтоох үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байхын тулд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 700 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Ер нь бид хуулийн төсөл боловсруулж, батлахдаа байгууллагын эрхийг л хуульчилж байснаас хүний эрхийг хангах, түүнийг зөрчихөөс сэргийлэхэд төдийлэн анхаарал тавьж байсангүй.  

Улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдалд НҮБ болон олон улсын мэргэшсэн байгууллагуудаас үнэлэлт дүгнэлт өгдөг. “Дэлхийн шударга ёсны төсөл” олон улсын иргэний нийгмийн байгууллагаас эрхлэн гаргадаг Эрх зүйт ёсны индексээр Монгол Улс 2019 онд 0.55 оноо авч 126 орноос 53 дугаарт эрэмбэлэгджээ. Тэгвэл “Хил хязгааргүй сэтгүүлчид” төрийн бус байгууллагаас эрхлэн гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2021 оны индексээр 28.97 оноогоор 180 орноос 68 дугаар байрт орсон байна. Энэ мэтчлэн боловсролын салбар дахь тэгш бус байдал, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хэр хангагдаж буйг олон улсын байгууллагуудын жагсаалтад 80-аас хойш байрт жагссан үзүүлэлтээс харж болох юм.

Тиймээс Улсын Их Хурал Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сард, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны дөрөвдүгээр сард баталсан. Гэхдээ хууль батлах нэг хэрэг. Түүнийг хэрэгжүүлэх нь илүү чухал юм. Хууль хэрэгжүүлэх хүрээнд үүрэг хүлээсэн төр, засгийн байгууллага, ажилтан, албан хаагчаас гадна бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хүний эрх хамгаалагчдын идэвхтэй оролцоо нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хүний эрхийг хамгаалагчийн талаар НҮБ-ын баримталж буй бодлогын талаар танилцуулсан юм. Тэрбээр “Хүүхэд, эмэгтэйчүүд, байгаль хамгаалагчид гэхчлэн бүх чиглэлийн хүний эрхийг хамгаалагчдын хамгаалахад улс орнууд нэгдмэл байж, хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. НҮБ хүний эрхийн талаарх Парисын зарчмыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаардаг билээ. Монгол Улс Ази тивдээ Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг анхлан баталсанд талархаж байна” гээд цаашид Парисын зарчмыг хууль, шүүхийн байгууллагын тогтолцооны шинэчлэлдээ мөрдөж ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Мөн “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа хүний эрхийг хамгаалагчдын бодит нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ. “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалагчдыг сэтгэл зүйгээр нь гутаан доромжлох, нэр хүндэд нь халдах, айлган сүрдүүлэх, мөрдөн мөшгих зэрэг олон бэрхшээл байлаа. Ялангуяа байгаль дэлхийгээ хамгаалах гэсэн нутгийн иргэдийн тэмцэл, түүний эсрэг бизнесийн бүлэглэлийн хоорондох зөрчил тэмцэлд хүний эрхийг хамгаалагчид өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол олон удаа гарлаа.


Харин энэ удаагийн парламент Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан нь хүний эрх, эрх чөлөөг хангахад томоохон алхам болж чадлаа” хэмээн үзэж буйгаа тэрбээр илэрхийлээд 2020 оны төсвийн тодотголд ХЭҮК-ийн батлагдсан төсвөөс 88,1 сая төгрөгийг танаж, зөвхөн эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 339 сая төгрөг нэмж баталсан байна. Мөн тус  комисст шинээр нэмэгдсэн хоёр гишүүний цалингийн сан нэмэгдээгүй зэрэг төсөв санхүүгийн асуудлыг анхаарч, хууль хэрэгжиж эхлэхээс өмнө засаж залруулж өгөхийг хүссэн юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг нар Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгцээ шаардлага болон хуулийн агуулга, ач холбогдлын талаар танилцуулав.


Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хэлэхдээ, нэн тэргүүнд хүний эрхийг хамгаалах, хангахад энэ удаагийн Улсын Их Хурал онцгойлон анхаарч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манлайлан ажиллаж байгааг зориуд онцолж хэлмээр байна. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль хоёр ч парламент дамжин явсаар энэ удаагийн Улсын Их Хурлаар улс төрийн шийдэл гаргаж баталж чадсанд талархаж байна.

Энэ хууль бол амьдралаас урган гарсан тэмцлийн шаардлага болохоос бус улс төрийн эрх мэдэлтнүүдийн хүсэл зориг биш юм. Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар хүний эрхийн эрх зүйн философи хүрээгээ нэг алхмаар тэлсэн гэлээ.

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд хүний эрх хамгаалагчийн эрхийг хангахад олон чухал заалтуудыг оруулж өгсөн. Тухайлбал, тэд улсын нууцад л хамаараагүй бол төрийн байгууллагуудаас мэдээлэл авах эрхийг нээж өгсөн. Мөн төрийн байгууллагуудад хүний эрхийн хамгаалагчийн талаар сургалтыг зохион байгуулж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж өгөх, хүний эрх хамгаалагчийг эрсдэлээс хамгаалах, нөхөн төлбөр олгох зэргээр хуульчилсан талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан юм.


Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Хүний эрх ба парламентын манлайлал” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт бол парламент ёсыг бэхжүүлэх гол үндсэн зарчимд зангидагдсан. Энэхүү өөрчлөлт үндсэндээ хүний эрх, эрх чөлөөг хангах, хууль шүүхийн хараат бус байх, шударга тогтолцоог бүрдүүлэх, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэхэд маш том шинэчлэл хийж байгаа юм. Парламент бол улс төр биш. Энэ бол ард иргэдийн төлөөлллийн байгууллага. Тийм ч учраас хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход манлайлал үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, парламент өөрөө хүчтэй байх нь чухал бус ард иргэд нь мэдээлэлтэй, оролцоотой, хүчтэй, эрх чөлөөтэй байж, ардчиллын мөн чанар оршино. Энэ зарчмыг мөрдлөг болгож, хүний эрхийг хангах чиглэлээр хуулиудад дүн шинжилгээ хийж, өөрчлөлт оруулахаар Улсын Их Хурал ажиллаж байна” гэлээ.

Мөн удахгүй Эрүүгийн хуулийн бусдыг гүтгэн гүжирдэх зүйл ангиар улстөрчид хэвлэл мэдээллийнхнийг шүүхэд өгдөг байдлыг таслан зогсоохоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барихаар бэлтгэж байна. Улстөрч хүн сонгогчдын итгэлийг хүлээсэн, нөгөө талаар  төрийн эрх мэдэлд ойр байгаа учир тэвчээртэй, хүлээцтэй байх ёстой гэсэн агуулгаар энэ заалтыг улстөрчдөд үйлчлэхгүй болгож байгаа юм. Түүнчлэн шүүхээр аливаа хэрэг нотлогдоогүй бол нотолгоо дутуу гээд буцаах бус шууд хэрэгсэхгүй болгодог байхаар хуульчлах төсөл өргөх барих гэж буйгаа хэллээ.


Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Эмнести интернэшнл” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих  холбоо”-ны захирал Ш.Ариунаа, “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан, Хүний эрхийг хамгаалагч С.Шаарийбуу, Хүчирхийллийн эсрэг Үндэсний төвийн зохицуулагч, зөвлөх Д.Энхжаргал,  Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн тэргүүн Б.Жавзанхүү, “Гүнж” төвийн тэргүүн Ч.Ундрах, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль тогтоомж, нийгмийн оролцоо хариуцсан мэргэжилтэн Б.Болороо, МҮОНРТ-ийн сэтгүүлч Д.Батцэцэг, “Монголын үнэн” сонины сэтгүүлч С.Юмсүрэн, “Хөөрхөн зүрх” ТББ-ын зохицуулагч Б.Оюундарь, “Глоб Интернэшл”ТББ-ын тэргүүн С.Наранжаргал, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуундолгор, “Хүүхэд хүчирхийлэхийн эсрэг үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Д.Ундраа нарын зэрэг хүний эрхийг хамгаалагч 14 хүнд Өргөмжлөл гардуулав.




 Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл