Цэс

Холбоо барих

Эдийн засгийн байнгын хороо 20, байнгын хорооны ажлын хэсэг 70 гаруй удаа хуралджээ

Улсын Их Хурлын 2012 оны намрын /эхний/ ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан ажлын дийлэнх нь банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл, Иргэний нисэхийн салбарыг 2020 он хүртэл хөгжүүлэх бодлого, Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг тус тус хэлэлцүүлэн батлуулах, Жижиг, дунд үйлдвэрийн тогтвортой хөгжлийг эрчимжүүлэх, малчид болон арьс ширэн эдлэлээр үйлдвэрлэл эрхэлдэг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх арилжааны нөхцөлтэй томоохон төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулах зорилгоор дотоод, гадаадын бондын зах зээлд үнэт цаас гаргахыг зөвшөөрөн шийдвэрлэх, 2013 оны Улсын төсвийн тухай, Хүний хөгжил сангийн төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар санал, дүгнэлт гаргах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, тодорхой сэдвээр Засгийн газар, холбогдох яам, байгууллагын тайлан, мэдээлэл сонсох зэрэгт үндсэндээ төвлөрлөө.

Тайлант хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 20 удаа, төсөл хэлэлцүүлэгт бэлтгэх болон хяналтын чиглэлээр хорооноос байгуулагдсан ажлын хэсэг 70 гаруй удаа тус тус хуралдаж, эдгээр хуралдаанд ойролцоогоор 200 гаруй цаг зарцуулсан байна.

НЭГ. ХУУЛЬ ТОГТООХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 40 шахам санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Байнгын хорооноос дагнасан болон хамтарсан 10 гаруй ажлын хэсгийг байгуулан ажиллууллаа.

Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор хэлэлцэгдсэн нийт 40 гаруй хууль, бусад шийдвэрийн 60 гаруй хувийг буюу 23 хууль, бусад шийдвэрийг эцэслэн баталж, Олон улсын 2 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Ээлжит чуулганы хугацаанд батлагдсан нийт 23 хууль, бусад шийдвэрийн 10 нь Улсын Их Хурлын тогтоол байна.

Ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль нь төрөөс мөнгөн хадгаламжид гаргах баталгааг хадгаламжийн даатгалын тогтолцоонд шилжүүлэх эрх зүйн шинэ орчинг бий болгож, төрд учрах эрсдэлийг бууруулах, банк, санхүүгийн салбарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, санхүүгийн зуучлал өргөжих, иргэд, харилцагчдын банкинд итгэх итгэл дээшилж, эрх ашиг нь хамгаалагдахад чиглэгдэж, улмаар санхүүгийн зах зээлийн тулгуур хууль болон үйлчлэх юм.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл нь макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангаж дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 8 хувиас хэтрүүлэхгүй байх, банкны санхүүгийн чадавхийг бэхжүүлж, салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэн урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, хадгаламжийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, барьцаа хөрөнгийн хөрвөх чадварыг сайжруулах зэрэг бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэгдлээ.

Эдийн засгийн хурдтай өсөлтийг хангах, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны 5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг 2012-2014 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалахаар болж, эхний ээлжинд буюу 2012 онд 1,5 тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаасыг арилжаалж, энэ хөрөнгийг нийгмийн халамжийн аливаа үйлчилгээ болон улсын төсвийн орлогын дутагдлыг нөхөхөөс бусад эрдэс баялаг, зам, тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, барилга, банк санхүү, аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх эдийн засгийн үр ашиг бүхий томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийхээр тусгасан шийдвэр гаргасан нь хөгжилд чиглэгдсэн томоохон алхам болов.

Мөн хугацаанд хэлэлцэж баталсан Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоол нь арьс ширний үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч үндэсний үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, ажлын байр шинээр нэмэгдэн улмаар өрсөлдөх чадвар бүхий боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлж, эдийн засгийн төрөлжилтийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо. Энэхүү тогтоолоор арьс, ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгоход зориулж 140,4 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5 жилийн хугацаатай үнэт цаас гаргаж, арилжаалахыг Засгийн газарт зөвшөөрсөн бөгөөд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгох болон хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох, түүнд хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах, үйлдвэрлэгчид олгох зээлийн хүүг жилийн 7 хувиас илүүгүй байхаар тооцож олгох, малчин, мал бүхий хувь хүн үндэсний боловсруулах үйлдвэрт бог малын арьс тутамд 3000 төгрөгийн, адуу, үхрийн шир тутамд 15000 төгрөгийн мөнгөн урамшуулал авч байхаар шийдвэрлэлээ.

Иргэний агаарын тээврийн салбарыг олон улсын стандартад нийцсэн, аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангасан, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар бүхий салбар болгон шинэчлэх замаар улс орны эдийн засгийн болон нийгмийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх нь далайд гарцгүй, дэд бүтэц сул хөгжсөн, өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол орны хувьд зарчмын чухал ач холбогдолтойг үндэслэн Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийг баталлаа.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг баталсан нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий чиг хандлагыг урт болон 4 жилийн төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж, Улаанбаатарын бүс болон хотын нутаг дэвсгэрийн ашиглалт, үүрэг зориулалт, хот, хот орчмын нутаг дэвсгэрийн тэг гортиг, хил хязгаар тодорхой болж, улмаар хот, тосгоны хөгжлийн бодлогод тулгуурласан засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, удирдлагын тогтолцоо бий болох, хүн амын суурьшил, хотын өсөлтийг хот байгуулалтын бодлогоор зохицуулах нөхцөл бололцоог бий болгож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглосон үндэслэл, шалтгаанууд бүрэн арилаагүй, түүнчлэн геологи, уул уурхайн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, журам, заавруудыг цэгцэлж, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах талаарх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх, уг хуулийн төслийн талаар олон нийтээс санал авах ажил хийгдэж байгаа зэргийг тус тус үндэслэн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох, бусдад шилжүүлэхийг Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталж, дагаж мөрдөх хүртэл хориглохоор Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа.

Газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг найдвартай хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах, хараат байдлаас гарах, цаашдаа газрын тосны бүтээгдэхүүний стратегийн ач холбогдолтой, эдийн засгийн суурь үнийг бүрдүүлэгч болохын хувьд энэ төрлийн худалдааг төрийн хяналт зохицуулалттай байлгах зорилгоор бүх төрлийн шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгохтой холбогдуулан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.

Ээлжит чуулганы хугацаанд эрүүл мэнд, нийгмийн салбар, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын санхүүжилтийн төсөл зэрэг хэлэлцээрийн төслүүдийг Байнгын хороонд хэлэлцэн зохих санал, дүгнэлт гаргасны гадна Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг шийдвэрлүүлсэн болно.

2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-тай хамтран Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслөөр Монголбанк, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, холбогдох бусад яам, газруудыг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Түүнчлэн холбогдох яам, газруудтай хамтран Санхүүгийн болон Хөрөнгийн зах зээлийн хөгжил, Үнэт цаасны зах зээлийн эрх зүйн шинэчлэл сэдвүүдээр сургалт-семинар, дугуй ширээний уулзалтыг хэд хэдэн удаа зохион байгуулсан нь шинээр сонгогдсон гишүүдийг мэдээ, мэдээллээр хангах, мэдлэгийг нь өргөтгөхөд чухал түлхэц болж байлаа.

Улсын Их Хурлаар батлагдсан 2013 оны Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг иргэдэд сурталчлан таниулах гарын авлагыг хялбаршуулсан хэлбэрээр анх удаа боловсруулан хэвлүүлж, иргэдэд хүргүүлсэн нь төрийн мөнгөний бодлого, түүнийг хэрэгжүүлэгч-Төв банкны бодлого, үйл ажиллагааг ил тод болгох, улмаар мөнгөний бодлогын төлөвлөлт, хэрэгжилтэд иргэний оролцоог хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа болно.

Чуулганы завсарлагааны хугацаанд тус Байнгын хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, Эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл зэрэг хууль, баримт бичгүүдийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхтэй холбогдсон арга хэмжээнүүдийг төлөвлөөд байна.

ХОЁР. ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Барилгын тухай болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиудын хэрэгжилтийг шалгасан Улсын Их Хурлын ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран хэлэлцэж, улмаар уг асуудлаар Улсын Их Хурлаас гарах шийдвэрийн төсөл боловсруулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын тогтоолын төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэнийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэлэлцүүлэн батлуулахтай холбогдсон ажиллагааг зохион байгуулж, Улсын Их Хурлаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээний тухай тогтоол батлуулсан нь зөвхөн барилгын салбар бус, нийт салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, үйлдвэрлэл, үйл ажиллагааны стандарт, норм, нормативыг жигд ханган мөрдүүлэхэд чиглэгдсэн чухал шийдвэр боллоо.

Тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2011 оны төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж, уг асуудлаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг гаргалаа.

“Эрдэнэс МГЛ”, “Эрдэнэс-Оюутолгой”, “МИАТ” хувьцаат компаниудын үйл ажиллагааны явц байдал, Монголын хөрөнгийн зах зээлийн байдал, Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 39, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох сайдуудын мэдээлэл, Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал, хотын дэд бүтэц, дахин төлөвлөлтийн талаар хийж буй ажлын талаар, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийн өнөөгийн байдлын талаарх сэдвүүдээр Байнгын хороонд мэдээлэл сонсох ажлыг зохион байгуулсан нь Засгийн газрын үйл ажиллагаанд шуурхай хяналт тавихад чухал нөлөө үзүүллээ.

Тайлант хугацаанд тус хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг яам, газруудын дарга, төрийн нарийн бичгийн дарга нартай албан мэдээ, мэдээллийн асуудлаар санал солилцох уулзалт-ярилцлагыг зохион байгуулж, Улсын Их Хурал, Байнгын хороонд бичгээр ирүүлж байх болон online хэлбэрээр байршуулж байх албан мэдээ, мэдээллийн нэгдсэн жагсаалтыг боловсруулан баталж, яам, газруудад хүргүүлсэн нь мэдээлэл солилцох, шуурхай хяналтыг цаг тухайд нь зохион байгуулахад ач холбогдлоо өгч байна. Одоо тус хороонд холбогдох яамд улирал бүр үйл ажиллагааныхаа товч танилцуулгыг ирүүлдэг болоод байна.

Түүнчлэн Зам, тээврийн сайдын 2012 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн тайланг 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргуулан авч Байнгын хороонд танилцлаа.

Завсарлагааны хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд уул, уурхайн чиглэлийн томоохон аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар төмөр зам, Хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах, Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтэд хөндлөнгийн аудит хийлгэх зэрэг томоохон ажлуудыг төлөвлөн тусгаад байгаа болно.

ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ДОТООД АЖЛЫН ТАЛААР

2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороонд хандаж төрийн болон бусад байгууллага, хуулийн этгээд, иргэдээс 218 албан бичиг, 136 өргөдөл гомдол /нийтдээ 1061 хуудас/ ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэн, хариуг холбогдох байгууллага, иргэдэд хүргүүлэв. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооноос 12 тогтоол, 20 хуралдааны тэмдэглэл гаргасны зэрэгцээ Засгийн газар, яам, газар, байгууллагуудад нийт 20 шахам албан бичиг, хуралдааны тэмдэглэл хүргүүлсэн байна.

Батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хувийн хэрэг 27, хуралдааны протокол 20, албан бичиг 2, нийт 49 нэгжийг /нийтдээ 1967 хуудас/ тус тус бүрдүүлж архивт хүлээлгэн өглөө.

Тайлант хугацаанд Байнгын хорооноос 130 удаа /нийтдээ 42530 хуудас / хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл болон бусад материалыг олшруулж тараав.

ЭДИЙН ЗАСГИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл