Д.Сарангэрэл: Сууц өмчлөгчдийн холбоодын тухай шинэчилсэн хуулийг 2017 онд өргөн барина

  2017-04-12 15:46  1636

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаанаа өнөөдөр /2017.04.12/ 09 цаг 21 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар Байнгын хорооны 2016 оны 04 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны мэдээлэл сонссон юм.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгсөн тухай тус Байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг танилцуулав. Үүнд,


Нэг, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах, орлогын зарцуулалтыг сууц өмчлөгчид танилцуулах, тайланг ил тод болгох, сууц өмчлөгчийн холбооны гишүүнчлэлийн тооны дээд хэмжээг тогтоох, орон суучны байшингийн орчны газрыг ашиглахад сууц өмчлөгчдийн эрх ашиг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, холбооны үйл ажиллагаанд сууц өмчлөгчдөөс болон төрөөс тавих хяналтыг сайжруулах, хариуцлагыг тодорхой болгох чиглэлээр судлан санал боловсруулж, танилцуулах;

Хоёр, хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7, 8, 9, 10, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.4.8, 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч, хэрэгжилтийг сайжруулан хяналт тавьж ажиллах, хууль тогтоомжийн талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах арга хэмжээ авах;

Гурав, нийслэл болон орон нутаг дахь нийт сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийж, дүнг танилцуулах зэрэг чиглэлүүд тусгагдсан байна.

Тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл хийв. Тэрээр, Өргөдлийн байнгын хорооны 04 дүгээр тогтоолын нэг дэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал тулгамдаж буй асуудал, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгаа эсэхийг тандан судлах зорилгоор төрийн болон төрийн бус 146 байгууллагын 210 орчим иргэнийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт оролцогсод тус хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцээд хуулийг шинэчлэн боловсруулах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хүрээнд салбарын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэнгээр ахлуулан ажиллахаар шийдвэрлэсэн тухай танилцуулав.


Дараа нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва тус газраас Байнгын хорооны 04 дүгээр тогтоолын дагуу хяналт, шалгалт хийсэн талаарх мэдээлэл хийв. Тэрээр, хяналт, шалгалтын ажлыг Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үндэсний нийгэмлэгийн нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй байгууллагуудын төлөөллүүд оролцсон 6 ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Хяналт, шалгалтад нийслэлийн 6 дүүрэг /БЗД, БГД, СХД, ЧД, СБД, ХУД/-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоод хамрагдав. Улаанбаатар хотод нийт 800 орчим СӨХ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хяналт, шалгалт хийсэн 6 дүүргийн 240 СӨХ-ны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн гэлээ. Үргэлжлүүлэн, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, сууц өмчлөгчдийн холбоод оршин суугчдаас авч буй төлбөр, хураамжийн талаар, мөн тус газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Мэдээлэл сонссоны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Тухайлахад, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, сууц өмчлөгчдийн холбоод даатгалд хамрагдсан нь хэд байгаа талаар, мөн сар бүр оршин суугчдаас авдаг төлбөр, хураамжийн зарцуулалтын талаар тодруулав. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва өгсөн тайлбартаа, СӨХ даатгалд хамрагдах асуудал болон оршин суугчдаас авдаг төлбөр, хураамжийн үнэ тариф харилцан адилгүй учир энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлнэ гэлээ.


УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг СӨХ болон иргэн, аж ахуйн нэгжийн хооронд үргэлж маргаан үүсдэг. Энэ байдал өнөөдрийн хувьд хэрхэн шийдвэрлэгдэж байгаа мөн хууль тогтоомжийн талаар иргэдэд мэдээлэл өгөх, мэдлэгийг дээшлүүлэх талаар ямар ажил хийгдэж буйг тодруулав. Ажлын хэсгийн гишүүд хийсэн тайлбартаа, иргэдэд хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх асуудал хангалтгүй байгаа нь үнэн. Энэ ажлыг үр дүнтэй  болгохын тулд хэд хэдэн ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлахад, хуулийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т хариуцуулах, Сууц өмчлөгчдийн холбоодын эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, 2017 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх. Мөн хуулиудыг дагалдаж гарах дүрэм, журмуудыг батлан мөрдүүлэх гэв.

Гишүүд асуулт асууж, тайлбар авсны дараа хэлэлцэлж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт СӨХ-ны эрх зүйн байдлыг боловсронгүй болгох шаардлагатайг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг Орон сууцны конторт шилжүүлэх санал хэлж байв. Учир нь хэдэн айлын дунд СӨХ байгуулах хуулийн заалт байхгуй төдийгүй СӨХ өөрөө хуулийн этгээд биш учраас иргэд, СӨХ хоорондын маргаан тасардаггүй гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, СӨХ болон түүний дарга гэж “гаднаас” хүн ирж үйл ажиллагаа эрхэлж байгаа нь иргэдийн тав тухыг алдагдуулж байна. Иймд оршин суугчдын төлөөллөөс СӨХ байгуулах нь зүйтэй гэлээ. Мөн Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл байх шаардлагатай эсэх талаар саналаа илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ, хуулийн талаар иргэдэд мэдээлэл хүргэхдээ цаг үеэ дагаж түргэн шуурхай хүргэх арга замуудыг сонгох хэрэгтэй. Тухайлахад ухаалаг гар утсанд аппликейшн суулгах, эсхүл Facebook, Twitter-ээр мэдээлэл дамжуулах зэрэг технологийг ашиглах талаар санал хэлж байв.


Ингээд Байнгын хорооны дарга Д.Сарангэрэл өнөөдрийн хуралдааныг дүгнэж, иргэдийн амгалан тайван амьдрах баталгаа бол иргэд рүүгээ чиглэсэн хууль, тогтоомж юм. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч, хэрэгжилтийг сайжруулан хяналт тавьж ажиллах нь чухал. Иймд УИХ-ын гишүүдээс гаргасан саналуудыг хуулийн төсөлд тусгаж, хариуцлагыг дээшлүүлэх нь зүйтэй. Түүнчлэн СӨХ-ны хариуцах ажлыг тодорхой зааж, шинэчилсэн хуулийг 2017 онд багтаан Улсын Их Хуралд өргөн барихад бид бүхний оролцоо чухал болохыг тэмдэглэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-04-12 15:46  1636