“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 37 дугаарын тойм

  2020-10-12 10:57  146

    Эмхэтгэлийн энэ удаагийн дугаарт Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд байгуулсан “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хууль, хэлэлцээрийн хамт нийтэллээ. Уг хууль нь Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд БНЧУ-д тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэжээ. Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Чех Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдэлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдүүлэхээр зохицуулсан байна. Түүнчлэн тэтгэвэр,  тэтгэмжийг тооцохдоо хоёр талд шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд олгох учир нийгмийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй байхаар зохицуулжээ.  

    Мөн энэ дугаарт “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”, “Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолуудыг нийтэллээ. Улсын Их Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал дахь Монгол ардын намын болон Ардчилсан намын бүлгүүд, Улсын Их Хурлын Байнгын хороод, болон гишүүд, Засгийн газраас давхардсан тоогоор нийт 196 хууль, тогтоолын төслийг 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх санал ирүүлсэн бөгөөд уг тогтоолд 112 хууль, тогтоолын төслийг нэр заан тусгасан байна. 

    Түүнчлэн “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд уг тогтоолоор “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг баталжээ. Энэхүү журмаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасан “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулах аж.  Тухайлбал, сангийн удирдлага, зохион байгуулалт, сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах,  хөрөнгийн зарцуулалтад, хяналт тавих асуудлыг нарийвчлан зохицуулсантай танилцах боломжтой. 

    Эмхэтгэлийн шинэ дугаараас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 06 дугаар дүгнэлтээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцах боломжтой гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.                               


  2020-10-12 10:57  146