Цэс

Холбоо барих

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХТАЙ ХОЛБООТОЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ТАЙЛАН

2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр                                                                                                 Улаанбаатар хот                                                                                                                                                                                               

СЭДЭВ: Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, тухайн чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах

Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан, Х.Баделхан, Г.Дамдинням, М.Оюунчимэг, Ч.Ундрам, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл нарын гишүүдээс Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандан 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн УИХ-03/4449 тоот албан бичгээр Хяналтын сонсгол явуулах хүсэлтийг хүргүүлсний дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа Монол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу Сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны 13 дугаар тогтоолыг баталж, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмааг томилсон.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэг, Нийтийн сонсголын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3 дэх хэсэгт заасны дагуу Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол болох талаар тов, мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлж, сонсголд оролцогчдыг бүртгэсэн.

2022 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн 15 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийтийн сонсголын тухай хуулийн 18.5 дахь хэсэгт заасан Байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь буюу Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ц.Идэрбат, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Ц.Туваан, Ч.Ундрам нарын гишүүд хүрэлцэн ирснээр хяналтын сонсгол эхэлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нарын гишүүд оролцсон болно. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт сонсгол даргалагчийн эзгүйд түүний томилсон гишүүн сонсгол даргална гэснийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам  сонсголыг даргалж, сонсгол зохион байгуулах болсон үндэслэл, зорилго, оролцогчдын ирц, сонсголын дэг, дараалал, сонсголд оролцогчдын эрх, үүргийг танилцуулсан болно.

Хяналтын сонсголд:

·      Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Стандарт хэмжил зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хүний эрхийн үндэсний комисс зэрэг холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд;

·      Нэгдсэн Үндэсний Байгууллага, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оролцогчид;

·      Ногоон титэм компанийн байгаль орчин, орчны шинжилгээний лаборатори, Цогц хөгжлийн үндэсний төв, Хүний эрх дэвшилтэт бодлогын хүрээлэн зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл болон иргэдийн төлөөлөл;

·      Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, parliament.mn, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Лайв тв зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэл мэдээллийн төлөөлөл

·      Нийт 50 гаруй оролцогчид оролцсон болно.

         НЭГ.ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛААС ЯЛГАРЧ БУЙ ДЭГДЭМХИЙ ОРГАНИК БОДИС НЬ БАРИЛГЫН ДОТОР ОРЧНЫ АГААРЫН ЧАНАР, ХҮНИЙ БИЕД СӨРӨГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ ТАЛААРХ ХОЛБОГДОХ ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛӨӨС ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ СОНСОХ

Хяналтын сонсголд барилга байгууламжийн дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийн агууламж, чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалаас ялгарч буй дэгдэмхий органик бодис нь хүний биед сөрөг нөлөөлдөг хүчин зүйлүүдийн талаар холбогдох төрийн байгууллагуудаас дараах мэдээллийг танилцуулсан.Үүнд:

Нэгдүгээрт: Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн сангаас хийсэн цэцэрлэг, эмнэлгийн барилга, дотоод орчны агаарын чанарын үнэлгээний талаар Нэгдсэн Үндэсний Байгууллагын хүүхдийн сангийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг; /Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 1-ээс үзнэ үү./ 

Хоёрдугаарт: Чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний биед үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдээллийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Сувд; /Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 2-оос үзнэ үү./

Гуравдугаарт: Барилгын дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх танилцуулгыг Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга; /Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 3-аас үзнэ үү./

Дөрөвдүгээрт: Улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материал тавьж буй хяналтын талаарх танилцуулгыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ц.Гэндэнцэвээн; /Танилцуулгын дэлгэрэнгүй мэдээллийг Хавсралт 4-өөс үзнэ үү./ нар тус тус танилцууллаа.

ХОЁР. ТАНИЛЦУУЛГА, ТАЙЛАН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБОГДУУЛАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДИЙН АСУУЛТ, ХАРИУЛТ

Сонсголын сэдэв, холбогдох байгууллагууд мэдээлэл, дүгнэлтээ танилцуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чанар, стандартын шаардлага хангасан барилгын материалыг хэрэглээнд нэвтрүүлэхэд Барилга, хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен барилгын материалын чанарыг шалгах лаборатори байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа барилгын материалын чанар стандартыг нарийвчлан батлах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил дотоод орчны агаарын бохирдлын үндсэн шалтгаан, шат дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар дотоод орчны бохирдлын талаар иргэдийг мэдээллээр хангах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам иргэдээс ирүүлсэн стандартын шаардлага хангаагүй агааржуулалтын хоолой, орон сууцны зориулалттай барилга, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын чанарт тавих хяналтын талаар асуулт асууж, Барилга, хот байгуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Барилгын хөгжлийн төв, Хүний эрхийн үндэсний комисс, “Ногоон титэм” ХХК зэрэг байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтан хариулт өгсөн болно.

ГУРАВ.СОНСГОЛД ОРОЛЦОГЧДЫН САНАЛ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.4-т заасны дагуу “сонсголд оролцогчид санал, дүгнэлтээ 5 минутад багтаан хэлнэ.” гэж заасны дагуу сонсголд оролцогчдоос Ногоон титэм компанийн байгаль орчин, орчны шинжилгээний лабораторийн захирал Б.Алтангэрэл, Баянзүрх дүүргийн 3 дугаар цэцэрлэгийн арга зүйч Бадралмаа, тус дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг нар чанар, стандартын шаардлага хангасан барилгын материалаар цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгуудыг барих, дотоод орчны агаарын чанарын тандалтыг нэвтрүүлэх, хувийн хэвшлийн лабораторийг дэмжих зэрэг саналуудыг хэлсэн.

ДӨРӨВ.ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ХААЛТ

            Улсын Их Хурлын гишүүн, сонсгол даргалагч Ч.Ундрам Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийг үндэслэн сонсголын тайланг Нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулж, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар Засгийн газарт чиглэл өгөх тогтоолын төслийг хэлэлцүүлэх саналыг хэлж сонсголыг хаасан болно.

ТАВ. ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН НЭГДСЭН САНАЛ, ДҮГНЭЛТ

Ерөнхий хяналтын сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, бусад оролцогчдоос гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн дараах байдлаар танилцуулж байна. Үүнд:

1.    Барилгын материалыг хилээр оруулж ирэхээс өмнө болон оруулж ирэхэд нь тавих хяналтыг сайжруулах хүрээнд Монгол Улсын урд, хойд хилийн боомт дээр лаборатори байгуулах, шаардагдах төсвийг 2023 оны Төсвийн тухай хуулийн төсөлд тусгах; 

2.    Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох лабораторийн чадамж, хүчин чадлыг сайжруулах, үндэсний хэмжээний нэгдсэн лаборатори байгуулах, нэгдсэн мэдээллийн сантай болох;

3.    Дотоод орчны агаарын чанар нь барилгын материал, зураг төслөөс хэрхэн хамаарах талаар судалгаа гаргах, Нийгмийн бодлогын байнгын хорооноос холбогдох газарт зөвлөмж хүргүүлэх; 

4.    Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн агааржуулалтын системийг нэгдсэн байдлаар сайжруулах, цаашид агааржуулалтын системдээ урсгал засвар, цэвэрлэгээг тогтмол хийх, шаардагдах төсвийг Улсын төсөвт тусгах;

5.    Зарим төрлийн маш хортой бодисуудыг болон бензол, формальдигед агуулсан барилгын материалыг хориглох. Ийм төрлийн химийн бодисууд агуулсан барилгын материалуудыг улсын хилээр нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авах;

6.    Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

7.    Барилгын дотоод орчны агаар дахь дэгдэмхий нэгдлүүдийн агууламжаас нь хамааруулан тэмдэглэгээ хийж зэх зээлд нэвтрүүлэх, иргэд, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх;

8.    БНХАУ-ын Барилгын материалын GB стандартыг өөрийн орны стандартад нийцүүлэн жишиг болгон нэвтрүүлж, баталгаажуулах; 

Барилгын материалын чанар стандартыг мөрдүүлэхтэй холбоотойгоор урт, дунд хугацаанд авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан Барилга, хот байгуулалтын яам болон холбогдох байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж ажиллах гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл