Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад оролцлоо

Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран зохион байгуулсан ДОХ/ХДХВ-ийн асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний цахим уулзалтад Монголын парламентыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.


Энэ удаагийн цахим уулзалт “2030 он гэхэд ДОХ-ыг даван туулахад тэгш бус байдлыг шийдвэрлэхэд парламентын үүрэг” сэдвийн хүрээнд болсон бөгөөд оролцогчид ДОХ-той тэмцэх Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд улс орнуудын парламентуудын үүрэг оролцоо, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцаж, санал солилцов.


Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, “КОВИД-19 цар тахлын халдвар нь бидний өмнө урьдчилан таамаглаагүй сорилтуудыг авчирч, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд хүндрэл үүсгэж байна. Цар тахлын улмаас ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар ярих хэрэгтэй. Одоогоор олон улсын эрдэмтэд КОВИД-19 болон ХДХВ/ДОХ-ын талаарх судалгааг хийж байна. Эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадлыг сайжруулах, тархалт өндөртэй улс орнуудад сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг хийхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Тэгш бус байдал нэмэгдэж байгаа энэ үед зорилтот хүн амд чиглэсэн олон нийтийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн олон улсын стратегийг хэрэгжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн байнгын дэмжлэг чухал ач холбогдолтой.” гэв.


ДОХ/ХДХВ-ийн халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах, жендэрийн байдлаар тэгш бусаар хандах, эрүүл мэнд, боловсрол болон бусад шаардлагатай үйлчилгээ авах эрхийг хязгаарлах зэрэг сөрөг хандлага буурахгүй байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлж байна. Иймээс хүний эрхийг хангах, эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ХДХВ-ийн хариу арга хэмжээнд үзүүлэх хууль тогтоомжийн үр нөлөөг сайжруулахад парламентын үр дүнтэй оролцоо, дэмжлэг чухал болохыг оролцогчид тэмдэглэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл