Түр хороо байгуулах тогтоолын төсөл өргөн барилаа

  2021-03-23 15:40  68

Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 21 гишүүн УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурал 2019 оны арван нэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 92 дугаар тогтоолыг баталсан.

Тогтоолд Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд Засгийн газар болон гадаадын хөрөнгө оруулагч компаниудтай Оюутолгой ордыг ашиглах талаар байгуулсан хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын эзэмшлийн 34 хувийн хувьцаа эзэмшлийг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах хувилбаруудыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, тус ордын дагалдах нөөцийн үнэлгээг олон улсын стандартад нийцүүлж дүгнэлт гаргуулах, байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэх зэрэг асуудлыг тусгасан юм.


Уг тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, санал боловсруулж, дүнг нэгдсэн чуулганд танилцуулах үүрэг бүхий Түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Түр хорооны гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, П.Анужин, Ё.Баатарбилэг, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Г.Ганболд, Н.Ганибал, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жаргалмаа, Ж.Мөнхбат, Ц.Сандаг-Очир, Ж.Сүхбаатар, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам, С.Чинзориг, Б.Энхбаяр нар ажиллаж, Түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн ажиллахаар тогтоолын төсөлд тусгажээ.


  2021-03-24 15:40  68