Цэс

Холбоо барих

БСШУСБХ: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн талаар мэдээлэл сонслоо

    Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.06.07) хуралдаан 14 цаг 44 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.


    Хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай/, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.

    Эхлээд Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, тогтоолын төслийг Байнгын хорооны дарга Г.Дамдинням танилцуулав.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй учир тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн 60.0 хувийн саналаар тогтоолын төслийг батлахыг дэмжиж, тогтоол баталлаа.  


    Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, мөн яамны холбогдох хэлтсийн албан тушаалтнууд хуралдаанд оролцов.

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүүхдийн хоол, хүнсний хангамж, хүртээмжийн тухай мэдээлэл хийлээ.


Мэдээлэлдээ, боловсролын салбарын хэмжээнд 992361 хүүхэд хоол хүнсний хангамжийн үйлчилгээг авч, улсын төсвөөс энэ үйлчилгээнд санхүүжилт олгож байна. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж байгаа 232203 хүүхэд, үүнээс 24 цагийн ажиллагаатай болон сувилал, тусгай цэцэрлэгт нийт 4288 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд хоолны зардал 2022 онд улсын төсвөөс 54.7 тэрбум төгрөгийг төлөвлөн зарцуулалт хийж байна. Ерөнхий боловсролын сургуульд 714451 суралцагч суралцаж байгаагаас бага ангид 371480 хүүхэд, тусгай сургуулиудад 1700 үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж буй. Сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байгаа сурагчдад улсын төсвөөс энэ онд 65.1 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөөд, үүнийгээ 2021-2022 оны хичээлийн жилдээ зарцуулалтаа хийж байна гэлээ. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхдүүдийн хоолны илчлэгийг сайжруулах, хүүхдүүдэд нас насанд нь тохирсон илчлэг сайтай хоол олгох зорилгоор 2012 оноос хойш олон төрлийн судалгаа хийж хоолны мөнгийг нэмэгдүүлэх асуудлыг хөөцөлдөж шийдвэрлэсэн. 2019 онд норматив зардлыг 50 хувиар нэмэгдүүлж батлуулсан. Гэсэн хэдий ч энэ батлагдсан зардал нь хүүхдийн хоол хүнснээс авах илчлэг шим тэжээлийн зөвхөн 45-50 хувийг нь л хангаж байна гэсэн судалгаа бас гарсан. Үүнийг цаашид 2-3 дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн судалгааны дүнг танилцууллаа.

    Түүнчлэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд төрийн болон орон нутгийн өмчийн сургуулийн хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг тухайн орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар нийлүүлэх ёстой. Үүнийгээ нийлүүлэхдээ Худалдан авах ажиллагааны тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлэх ёстой. Гэвч өнөөдрийн байдлаар судалгаагаар сургууль, цэцэрлэг, дотуур байрны хүнсний хангамжийн 35 хувийг нь гэрээт иргэд буюу малчид, тариаланчдаас, 50 хувийг нь үйлдвэрээс, 15 хувийг нь зах болон худалдааны төвөөс нийлүүлж байна. Орон нутагт төсөвт үйлдвэрийн газар байхгүй. Тиймээс Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль орон нутагт бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж буй юм. Зарим орон нутагт хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт орох аж ахуйн нэгж бас хомстолтой. Иргэд хувь хүнийхээ хувьд энэ худалдан авах ажиллагааны тендерт орох боломжгүйгээс болоод шууд иргэнтэй гэрээ байгуулах, эсхүл тухайн орон нутгийн зах болон худалдааны төвөөс бараа бүтээгдэхүүнүүдийг нийлүүлж байгаа нь яг баталгаат чанартай бүтээгдэхүүн нийлүүлж байна уу, үгүй юу гэдэгт эргэлзээ үүсэх хандлага гарч байна гэв.  


    Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Ё.Баатарбилэг, Т.Энхтүвшин, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг нарын тавьсан асуултад Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, мөн яамны холбогдох албан тушаалтнууд хариулж, тайлбар хийв.

    Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, П.Анужин, Г.Дамдинням нар үг хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан, хэрвээ сэтгэл гаргаж ажиллаж чадвал хүүхдийн хоолыг шим тэжээлтэй өгч болдог гэдгийг ШУТИС-ийн багш нар Боловсролын яамтай хамтраад баталчихсан. …Одоо сургууль, цэцэрлэг барих гэхээсээ илүү орчин үеийн шаардлага хангасан лаборатори, ялангуяа хүүхдийн хоолны шим тэжээл, махны эрүүл, аюулгүй байдлыг шинжилж судлах цогц лаборатори хэрэгтэй байна гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, хувь хүний гараас гар дамжиж буй чанарын баталгаагүй махаар хүүхдүүддээ хоол хийж өгч байгаа нь бодит үнэн. Ханган нийлүүлэлт нэртэй үйлдвэрлэгчээс аваад, түүн дээрээ үнэ нэмээд сургуульд хүргэж өгдөг. Хүүхдийн хоолон дээр бизнес хийдэг байгууллагууд ажилладаг нь ч бас үнэн. Гаргалгаа, гарц гаргахын төлөө Боловсролын яамныхан ажиллаж буй ч хий эргээд байна. Үүний нэг тод жишээ төсвөөс 2.3 тэрбум төгрөгийг хүүхдүүдийн хоолноос хассан. Хоол хүнс гэж юу байдаг юм бэ гэдэг соёл гэгээрэл алга гэдгийг энэ бүхэн харуулж байна. Тиймээс хоол хүнс гэдэг ямар чухал болох талаар соёл гэгээрлийн ажлыг Соёлын яамтайгаа хамтрад хийх шаардлагатай гэлээ.

    Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Г.Дамдинням Худалдан авах ажиллагааны ерөнхий хуулийн хүрээнд гэрээ хийх асуудлаар, мөн хоол хүнсний чиглэлээр авах арга хэмжээнүүдийн талаар Улсын Их Хурлын ажлын хэсгийн хүрээнд холбогдох яам, тамгын газруудтай хамтарч ажиллаж, Байнгын хороонд санал дүгнэлтээ боловсруулж танилцуулах үүрэг чиглэлийг өгч байна гэв. Ингэснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл