“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 12 дугаарын тойм

  2018-03-26 10:45  331


Эмхэтгэлийн шинэ дугаарт 1. “Прокурорын ёс зүйн дүрэм”, “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”, “Прокурорын мэргэжлийн дүрэм”, “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-уудыг баталсан Монгол Улсын Ерөнхийлгчийн зарлигуудыг нийтэлжээ.

Прокурор ёс зүйн зөрчил гаргах нь иргэд, олон нийт, иргэний нийгмийн зүгээс прокурорт итгэх итгэлийг алдагдуулах, прокурорын байгууллагын нэр хүндийг бууруулах сөрөг үр дагавартай тул прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулахад Прокурорын ёс зүйн дүрмийн зорилго оршиж байгаа аж.

Прокурорын ёс зүйн дүрмийн зорилт нь прокурорын албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, прокурорын ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, прокурорт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, прокурорын хараат бус байдлыг хамгаалахад чиглэгджээ.

Харин Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй ажиллах бөгөөд Зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хууль, холбогдох бусад хууль, прокурорын ёс зүйн дүрэм болон энэ журмыг  баримталж, гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, гомдлыг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно хэмээн заажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмуудыг “Төрийн мэдээлэл”-д бүрэн эхээр нь нийтэлжээ.

Мөн дугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Нөөц ашигласны төлбөр болон тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2018-03-26 10:45  331