Цэс

Холбоо барих

Байнгын хорооны дарга Н.Энхболд Эмпати сургуулиудын удирдах зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2016.08.09/ “Эмпати Ертөнц” ХХК-ийн ерөнхий захирал, Эмпати сургуулиудын удирдах зөвлөлийн дарга Тургут Карабулут тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Тургут Карабулут цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлээд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд амжилттай оролцон ялалт байгуулсанд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдод баяр хүргэв. Тэрээр, “Эмпати Ертөнц” ХХК Монгол Улсад 22 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол, Туркийн хамтарсан 5 сургууль байгаа бөгөөд Улаанбаатарт хоёр, Дархан, Эрдэнэт, Баян-Өлгий аймгуудад тус бүр нэг сургуультай. Эдгээр таван сургуульд 1700 гаруй хүүхэд суралцаж байна. Манай сургуулийг өнөөдрийн байдлаар 3700 хүүхэд төгссөн. Төгсөгчид бүгд амжилттай ажиллаж байгаа хэмээн танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд төлөөлөгчидтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрээр, “Сар гаруйн өмнө Улсын Их Хурлын сонгууль болж Монгол Ардын Нам үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа эмхлэн байгууллаа. Улс орны санхүү, эдийн засгийн байдал бидний төсөөлж байснаас ч хүнд цаг үед төрийн бодлогыг явуулах болж байна. Манай нам улс орны хүнд цаг үед удирдаж, босгож чадах чадавхи, туршлага бий. Шинэ, залуу, мэргэжлийн Засгийн газрыг байгуулах гэж хичээсэн. Аливаа шийдвэр хүн бүрт таалагдана гэж байхгүй учир эхлээд шүүмжлэлтэй хандах зүйл бишгүй байна. Гэхдээ бид ажлын үр дүнгээрээ энэ бүхэнд хариулт өгөх болно. Танай сургуулийн үйл ажиллагааг Монголчууд сайн мэдэх болсон. Манай улс орны онцлог нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монголын ёс заншил, түүх, соёлыг сургалтын хөтөлбөртөө тусгаж, Монгол хүүхэд, хүнийг төлөвшүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэх байна” гэв.

Уулзалтын үеэр ноён Тургут Карабулут Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдыг “Эмпати Ертөнц” ХХК-ийн харьяа Эмпати сургуулиудын сурагчдад лекц уншихийг урив. Мөн талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл