Мэдээллийг ачааллаж байна ..
Хамаарах огноо: 2017-10-10 11:10 Уншсан: 1033


УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.10) хуралдаж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ. Төсвийн тодотголын төслийг өмнөх Засгийн газар боловсруулсан бөгөөд 2017 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаарх төсөл гэж ойлгож байгаа. Иймд огцорсон Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэв. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Д.Пүрэвдорж 2017 оны төсвийн тодотголын төсөлд оновчгүй төлөвлөлт олон байгаа тул шинэ Засгийн газар ирээдүйн эрсдлээ тооцож, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон төсвийн тодотголын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдэв.

Хуралдаанаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Раднаагийн Бурмааг томилуулах Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ.  

Үндсэн хуулийн Жарантавдугаар зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосугай хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн 15 дахь захирамжид дурджээ. Раднаагийн Бурмаа нь 1958 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 52 дугаар дунд сургуулийг 1975 онд, БНБАУ-ын Электрон, техникийн их сургуулийг 1982 онд, 1992 онд Удирдлагын хөгжлийн институтийг тус тус төгсчээ. Тэрбээр ажлын гараагаа 1982 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлж, 1988-1992 онд “Монел” фирмд зохион бүтээгч-инженер, 1992-1996 онд “Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд” хөдөлгөөний тэргүүн, 1996-1997 онд Хүүхдийн төлөө төвийн дарга, 1997-2012 онд Сонгогчдын Боловсрол төвийн захирал, 2000-2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн,  2005-2011 онд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга, 2014-2016 онд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 2009-2012 он болон 2017 оноос эхлэн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа аж.

Танилцуулагатай холбогдуулан нэр дэвшүүлж буй эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчээс хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг УИХ-ын гишүүн О.Батнасан тодруулав. Үндсэн хуулийн дээрх заалтад  хууль зүй, улс төрийн давхар мэргэшилтэй гэж заагаагүй, аль нэг нь байх боломжтой. Өмнө нь “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуураар П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд өөрийнх нь мэдлэг, туршлага дээрх шалгуурыг хангана хэмээн үзэж байгаагаа Р.Бурмаа хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн, Үндсэн хуулийг хамгаалан ажиллах эсэхийг асуулаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан зарчмыг дээдлэн ажиллана хэмээн нэр дэвшигч Р.Бурмаа хариулсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг уг асуудлыг бүлэг хэлэлцэх шаардлагатай тул тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.


Үүсгэсэн: 2017-10-10 11:10

Хуралдааны тов