ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2019.01.21-25/

  2019-01-28 09:00  577

 

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 02 дугаарын тойм http://www.parliament.mn/n/a3mo

Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өнөөдрөөс (2019.01.21) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглосон боловч удаа дараа шаардлага хүргүүлсний дүнд уг шийдвэрээ өдөртөө цуцалсан болно. http://www.parliament.mn/n/himo

БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн урилгаар УИХ-ын  гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нарын төлөөлөгчид 2019 оны 1 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд БНАЛАУ-д албан ёсны айлчлал хийлээ. http://www.parliament.mn/n/h7mo

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2019 оны 03 дугаарын тойм http://www.parliament.mn/n/7jmo

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2019 оны зургадугаар сарын 24-нд тохионо. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны энэ түүхэн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтран дурсгалын марк гаргахаар болжээ. http://www.parliament.mn/n/7imo

УИХ-ын   Өргөдлийн байнгын хороо 2018 оны  хаврын ээлжит чуулганы хугацаанд 05 дугаар тогтооол баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат болон холбогдох байгууллагуудын албан тушаалтнууд гялгар уут, тор, цаасан уут, хайрцаг, даавуун тор үйлдвэрлэж байгаа газруудаар орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа.  2019.01.22 http://www.parliament.mn/n/77mo

 

УИХ-ын   Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 2019.01.23 http://www.parliament.mn/n/6fmo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах горимын саналыг дэмжив. Дараа нь “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” УИХ-ын  тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” УИХ-ын  тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 2019.01.24 http://www.parliament.mn/n/6imo

УИХ-ын  гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын  гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассемблейн дарга Мүн Хэ Сан-д бараалхлаа. http://www.parliament.mn/n/67mo

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2019.01.25 http://www.parliament.mn/n/9jmo

УИХ-ын дарга М.Энхболд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тэрбээр, надад ажил албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдөж, огцроход болохгүй зүйлгүй. Тиймээс асуудлыг хуулийн дагуу хэлэлцэж шийдвэрлэн, уламжлалт Цагаан сарын баярын наана шинэ Их Хурлын дарга томилогдох нь зүйтэй гэж бодож байна гэв. 2019.01.25 http://www.parliament.mn/n/9pmo

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлээд үдээс хойших хуралдаанаар хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр болов. 2019.01.25 http://www.parliament.mn/n/9imo

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар”-х мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Дараа нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 2019.01.25 http://www.parliament.mn/n/ypcy

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх талаарх тогтоолын төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Үүний дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэрхэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2019.01.25 http://www.parliament.mn/n/93mo

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2019-01-28 08:59  577